Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж явсан, хэвлэлийн салбарт ажиллаж байсан хүний хувьд цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлэв.
Тэрбээр "Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн гол үнэт зүйлсийн нэг байдаг. Тийм ч учраас бид хэвлэлийн эрх чөлөөг тууштай дэмжиж байх учиртай.
Өнөөдөр болж өнгөрсөн Ноорог.мн сайттай холбоотой үйл явдал ямар ч учир шалтгаантай байсан хууль хяналтын байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан үйл явдал боллоо гэж олон нийт үзэж эсэргүүцлээ илэрхийлж байгааг анзаарахгүй өнгөрөөж болохгүй.
Хэдийгээр тодорхой төрлийн гэмт хэрэг гэж үзэн мөрдөн шалгаж байгаа ч гэсэн арга, аргачлалын хувьд хүний эрхэд ээлтэй байх, хуульд заасан хамгийн боломжит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байх нь энэ чиглэлийн байгууллагуудад мөрдөх чухал зарчим юм.
Төрийн ажлын арга барил нь хүний эрхийг хамгаалсан хүн төвтэй байхыг бүхий л шатны төрийн албан хаагчдаас бид шаардах болно. Ийм хандлагын өөрчлөлтийг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлж шинэ стратегиа батлахдаа хамгийн гол зорилтоо “Хууль хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн байх” хэмээн дэвшүүлсэн.
Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын болон дэд хороод уг асуудалд хуулийн хүрээнд хяналт тавьж оролцох ба энэ хаврын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийг хэлэлцэх болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Rhen [66.181.180.47] 2025-03-19 00:04:03
Гол нь ийм шийдвэр гаргаёан ,гүйцэтгэсэн цагдаа удирдлагуудыг цагдаагаас бүрмөсөн зайлуулах ёстой