"Төсвийн тэлэлт хүү буурах нөхцөл бүрдүүлэхгүй байна"

Aдмин / Эдийн засаг

Монголын банкны холбооноос өнөөдөр (2025.03.17) 2024 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 2024 онд банкны салбарын үзүүлэлтүүд тогтвортой, өсөлттэй байлаа. Бодлогын хүү өндөр байсан ч бизнесийг дэмжихэд чиглэсэн банкуудын зээл олголт 37 хувийн өсөлттэй байна.

Зээлийн огцом өсөлтөөс шалтгаалж банкуудын чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн доод хэмжээнд иржээ. Банкны салбарын нийт актив 23 хувийн өсөлттэй бөгөөд системийн таван банк энэ онд 530 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах хүлээлттэй байгаа аж.

Гадаад худалдааны тэнцэл өмнөх оноос 30 хувиар буурчээ. Нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн хэдий ч үнийн уналтаас шалтгаалан 2023 онтой харьцуулахад экспортын орлого буурсан. Машин тоног төхөөрөмж, суудлын автомашин болон нефтийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдсэн нь импортын өсөлтийн дийлэнх хувийг бүрдүүлж байна.

Урсгал тэнцлийн алдагдал хэдий их гарсан ч, нийслэлийн болон банкуудын гадаад зах зээлээс босгосон бонд болон бусад зээлийн эх үүсвэрийн хүчинд төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарчээ.

Харин хоёр сонгуулийн нөлөө болон улсын төсвийн зардлыг тодотгол хийж нэмсэнтэй холбоотойгоор төсвийн тэнцэл 776 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Төсвийн зарлага өмнөх оноос 35 хувиар нэмэгдэж, ДНБ-ийн 38 хувьтай тэнцэх боллоо.

Ийнхүү “Улсын төсөв, урсгал дансны хос алдагдалд хүрч цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ихээхэн сорилт дагуулах төлөвтэй байна”гэж Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар хэлэв.

Төсвийн хэт тэлэлтийн нөлөөгөөр харьцангуй буурч байсан инфляц оны сүүлийн хагасаас эрэлтээс үүдэлтэй огцом нэмэгдэж, бодлогын хүүг нэмэгдүүлэхээс өөр гарцгүй болгожээ.

Цаашид уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтөд найдан төсвийн орлого болон зардлын хэмжээг өндөр түвшинд баталж, төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэн томоохон төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа нь “Алаагүй баавгайн арьсыг хуваахтай ижил” зүйл болж байна.

Тиймээс “Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтыг сайжруулж, урт хугацааны төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай байна” гэдгийг Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг хэллээ.

Ялангуяа, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төсвийг нэгтгэн нэгдсэн төсөв гаргах, мега төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцож эрэмбэлэн, хугацааг нь төсөвт дарамт болохгүйгээр хооронд нь уялдуулах хэрэгтэй байгааг онцлов.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.