КИРГИЗ БА ТАЖИКИСТАН УЛС ХООРОНДЫНХИЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Киргиз, Тажикстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Эмомали Рахмон нар хоёр улс хоорондын хилийн тухай гэрээнд гарын үсэг зурлаа. 2021 онд хаагдсан байсан хоёр улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд дахин нээгдэв.
Бүгд Найрамдах Тажикстан Улсын ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийх үеэр гуравдугаар сарын 13-ны өдөр Бишкек хотноо хоёр улсын ерөнхийлөгч нар “Улс хоорондын хилийн тухай гэрээнд” гарын үсэг зуржээ.
"Эрхэм хүндэт Эмомали Шарипович бид хоёр Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс хооронд найрамдалтай нөхөрсөг сайн хөршийн харилцааг цаашид бэхжүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлсэн билээ.
Бид, хөрш хоёр улс хоорондын хилийн тухай гэрээ байгуулсан явдал түүхэн чухал ач холбогдолтой билээ.Киргиз-Тажикистан хоорондын улсын хил нь цаашид ахандүүс хоёр улс, ард түмний мөнхийн найрамдлын хил байхболно” гэж Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров онцлон тэмдэглэв.
Баримт бичигт гарын үсэг зурсны дараа хоёр улсын ерөнхийлөгч нар хилийн зэвсэгт мөргөлдөөний улмаас 2021 оны хавар хаагдсан Киргиз-Тажикистаны хилийн Кызыл-Бел, Кайрагач шалган нэвтрүүлэх хилийн боомтыг дахин нээх онлайн ёслолд оролцлоо.
Гуравдугаар сарын 14-ний өдрөөс Бишкек-Душанбе, Бишкек-Хужанд чиглэлд нислэг үйлдэж эхлэх бөгөөд хоёр улсын хилийн бүс хоорондын нийтийн тээврийн автобусны үйлчилгээг сэргээхээр болжээ.
Талууд мөн “Найрамдал, сайн хөршийн харилцааг цаашид бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” зэрэг нийт 16 баримт бичигт гарын үсэг зурав. Хоёр улс хоорондынхудалдааны хэмжээг 500 сая ам.долларт хүргэхээр тохиролцож, “Төв Ази-Өмнөд Ази-1000 (“CASA-1000”) цахилгаан дамжуулах, худалдаалах“ төслийг эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлсэн байна.
Түүнчлэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров Төв Азийн улс орнууд нэгдсэн нэг визтэй болохыг санал болголоо.
"Төв Азийн улс орнуудын иргэд хоорондоо харилцан визгүй зорчиж, бусад гуравдагч орны иргэдэд зориулж Шенгений визтэй нэгэн адил, Дундад Азийн бүс нутагт чөлөөтэй зорчих нэгдсэн нэг визтэй болох ажлыг эхлүүлэх хэрэгтэй" гэж С.Жапаров өөрийн сошиал хуудаснаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Баяртай байна. [103.57.92.240] 2025-03-15 10:30:56
Бүс нутгийн хөршүүд хоорондоо энх тайвантай, тэмцэл алалцаангүй, хэл амаа ололцоод сайн сайхан амьдарч байвал монголчууд бидэнд амар сайхан байна. Өмнөөс нь их баярлаж байна. Одоо чинь 21-р зуун болж байна, бүх асуудлыг тайван аргаар шийдэх ёстой.