Б.Жавхлан: Нүүрсний үнэ нэлээд унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна

Aдмин / Эдийн засаг

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын хуралдаан дээр Сангийн яамнаас 2025 оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө. Энэ оны улсын төсвийн орлого, зарлага хэвийн байна. Төсвийн хоёрдугаар сарын төлөвлөгөө 4.2 их наядаар биелж, орлого хэвийн байна.

Санжүүжилтүүд хэвийн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн 2023 оны төсөв ашигтай гарч, жилийн эцсээр орсон орлого 2024 оны нэгдүгээр сар давж, төсвийн орлого дээр бичигдэж байсан. Тийм учраас 2024 оны нэгдүгээр сарын орлого өндөр гарч байсан. Энэ жил орлого нэлээд шахаж, 2025 оны нэг, хоёрдугаар сарын төлөвлөгөө хэвийн хэмжээндээ 95 гүйцэтгэлтэй явж байна.

Нүүрсний үнэ нэлээд унаж байна. Мэдээж энэ таатай үзүүлэлт биш. Эхний хоёр сарын байдлаар төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна. Төсвийн тодотгол хийх шаардлага үүсэх үү гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодотгол хийх таван нөхцлийг тусгасан байдаг. Тэр дунд орлоготой холбоотой заалт байдаг.

Орлого тасарсан эсвэл зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал гурван хувиас давбал тодотгол хийнэ. Энэ жилийн төсөв алдагдалгүй батлагдсан. Тэгэхээр энэ төсөв дээр орлого дутсанаас болж алдагдал үүсэх эрсдэлтэй. ДНБ-ий гурван хувь гэдэг нь гурван их наяд төгрөг. ДНБ 95 их наяд төгрөгт хүрсэн. Үүний гурван хувь нь гурван их наяд төгрөг бөгөөд энэ хэмжээний орлого дутах нөхцөл огт үүсээгүй байна.

Төсвийн тодотгол хийх талаар ярих нь эрт байна. Харин үүний оронд богино хугацаанд экспортыг нэмэгдүүлж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайд миний бие ахлан ажиллахаар боллоо.

Гаалийн мэдээгээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ хэвийн байгааг онцлоё. Тоон үзүүлэлтээр эхний хоёр сард бид нийт 10.5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байсан бол 11.5 сая тонн гаргачихаад байна.

Зэсийн баяжмал дээр 254 мянган тонныг гаргахаар төлөвлөснөөс 281 мянган тонн, алтны хувьд 1850 ам.доллараар төсөөлж байсан бол 2900 ам.доллар хүрчихээд байна. Энэ бол боломжийн цонх хугацаа.

Төв банкнаас энэ үеийг сайн ашигласан байна. Нийт 300 кг алт экспортлохоор төлөвлөж байсан бол одоогоор 1.8 тонн алт буюу зургаа дахин ихийг экспортлоод байна. Зөвхөн алт дээр маш их нөөц боломж байгаа. Энэ жил 18 тонн алт Төв банкны нөөцөд авна гэж тооцоолж байгаа. Өмнө нь бид 22 тоннд хүргэж байсан.

Бид энэ хэмжээнд хүргэдэггүй юм гэхэд 20 тонноор нэмэхэд 700 гаруй сая ам.долларын нөөц бүрдүүлэх боломжтой. Тийм учраас бид экспортыг нэмэгдүүлж, импортоо Төв банкны мөнгөний бодлоготой уялдуулж, импортоо эрэмбэлж хязгаартай байх, богино хугацаанд захиргааны шинжтэй арга хэмжээг авч, экспортоо нэмэх боломжийг эрэлхийлж ажиллана.

Мөн олон улсын худалдааны тарифууд өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Тодорхойгүй нөхцөл байдал үүсч, дотоодын эдийн засагт хэд хэдэн сувгаар нөлөөлж болзошгүй. Тийм учраас дотооддоо хариу арга хэмжээг авах шаардлагатай болж байна.

Засгийн газар, төсвийн ерөнхийлөн захирагч нар, орон нутгийн шат шатны удирдлагууд аливаа үнэ тарифыг нэмэгдүүлсэн шийдвэр гаргахгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Хэрвээ зайлшгүй шаардлага гарвал Засгийн газарт танилцуулж, зөвшилцөж шийдвэрлэх зохицуулалтыг хийж байна.

Евроазийн хэлэлцээрт орох ажил ид үргэлжилж байгаа учраас дотооддоо ийм арга хэмжээ авч байгааг ойлгоорой" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.206] 2025-03-12 22:48:43

Күэ мөн тэнэг хүн шүү

Зочин [202.131.248.102] 2025-03-12 18:25:05

213


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.