В.Зеленский Саудын Арабад хүрэлцэн иржээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт Саудын Арабад хүрэлцэн ирсэн тухай түүний зөвлөх Дмитрий Литвин мэдээлжээ.

Украин, АНУ-ын төлөөлөгчдийн хэлэлцээ Саудын Арабын Жидда хотод өнөөдөр болох юм. Эл хэлэлцээнд В.Зеленский оролцохгүй. АНУ-ын төлөөлөгчидтэй хийх уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, түүний орлогч Павло Палиса, Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар Украиныг төлөөлөн оролцоно гэж В.Зеленскийн өмнө нь мэдэгдсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны өндөр албан тушаалтнууд Украин, Оросын албаны хүмүүстэй энэ долоо хоногт Саудын Арабад тус тусдаа уулзалт хийхээр төлөвлөж байна гэж CNN суваг мэдээлжээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова уг мэдээллийг үгүйсгэсэн байна.

Украины тал агаарт, тэнгист гал зогсоохыг санал болгоно

Гуравдугаар сарын 11-нд буюу өнөөдөр Саудын Арабад АНУ-ын албаны хүмүүстэй хэлэлцээ хийх үеэр Украины тал агаарын ба тэнгисийн орон зайд гал зогсоох саналыг Оросын талд тавина гэж Украины нэрээ нууцалсан албаны хүн "France-Presse" агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. "Бид тэнгэрт, далайд гал зогсоохыг санал болгохоор төлөвлөж байгаа, учир нь үүнийг хэрэгжүүлэх ба хянахад хялбар бөгөөд хэлэлцээг эхлүүлэх боломжтой хувилбар мөн" гэж эх сурвалж хэлсэн байна.

Үүний сацуу тэрбээр "хэрэв Украинтай тагнуулын мэдээлэл солилцохоо түр зогсоох тухай АНУ-ын шийдвэр хэвээр үргэлжилбэл Оросын тал байлдааны талбарт ихээхэн давуу талыг олж авч болзошгүй байгаад" санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Оросын талтай хэсэгчлэн гал зогсоох төлөвлөгөө

Украины төлөөлөгчид Америкийн төлөөлөгчидтэй удахгүй хийх уулзалтын үеэр хэсэгчилсэн гал зогсоох төлөвлөгөө танилцуулна гэж Лондоны “The Financial Times” сонинд эх сурвалжийн мэдээллээс эш татан бичжээ. Уг төлөвлөгөөнд нисгэгчгүй онгоц, алсын тусгалын пуужингаар цохилт өгөхийг хориглох, түүнчлэн Хар тэнгист цэргийн ажиллагаа явуулахгүй байх саналыг тусгажээ.

Харин АНУ-ын төлөөлөгчид хэлэлцээний үеэр Украины эрх баригчид дайныг зогсоохын тулд Орост газар нутгийн асуудлаар буулт хийхэд бэлэн байгаа эсэхийг нь мэдэхийг зорьж байна гэж “Reuters” агентлаг бичжээ. "Украинчууд зүгээр нэг энх тайвныг тогтоох бус, харин энх тайвныг бодитоор тогтоохыг эрмэлзэж байгаа эсэхийг бид мэдэхийг хүсэж байна" гэж нэрээ нууцлахыг хүссэн Америкийн албан тушаалтан тус агентлагт ярьсан байна.

Мөн Цагаан ордонд хоёрдугаар сарын 28-нд болсон уулзалтын үеэр Д.Трамп, В.Зеленский нар маргалдсаны дараа Украины тал АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаатай харилцаагаа сайжруулахад нухацтай хандах эсэхийг тандаж мэдэхийг Америкийн төлөөлөгчид эрмэлзэж байна гэж "Reuters" агентлагийн эх сурвалж хэлжээ.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [103.57.94.30] 2025-03-11 20:15:35

Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Зочин [188.162.254.45] 2025-03-11 19:03:36

алиалагч хочит газар сайгуй тэнуучлээд байдаг,харин ногоо мундаг ,тусгай ажиллагаа хийгээд байгаа хун маань гадуур явахаасаа айгаад байдаг.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.