АНУ ОХУ-ын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулах боломжийг судалж байна
АНУ-ын засаг захиргаа Оросын бараа, бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах, Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах боломжийн талаар хэлэлцэж байгаа ажээ. Энэ талаар Америкийн удирдагч Дональд Трамп ням гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна.
Флоридагаас Вашингтон руу буцаж явсан Америкийн Ерөнхийлөгчийн онгоцонд сэтгүүлчид түүнээс "Вашингтон Москвагийн эсрэг хэзээ, ямар хязгаарлалтын арга хэмжээ авч, татвар ногдуулах вэ" гэж асуужээ. Трамп энэ асуултад “Бид асуудлыг олон талаас нь авч үзэж байна” гэж хариулсан байна.
Үүний дараахан Трамп гуравдугаар сарын 11-нд Саудын Арабад болох Америк, Украины төлөөлөгчдийн уулзалтын талаар ярьж эхэлжээ. Тэрбээр "Хүн бүр энх тайван байдлыг хүсэж байна. Бид энэ долоо хоногт маш их ахиц дэвшил гаргах болно. Би үүнд итгэлтэй байна" гэж хэлжээ.
Америкийн төрийн тэргүүн өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Украины нөхцөл байдалтай холбогдуулан өмнө нь ОХУ-ын эсрэг авсан зарим хориг арга хэмжээний хүчинтэй хугацааг нэг жилээр сунгасан билээ.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа 2022 оны хоёрдугаар сарын 21-нд, Трампын засаг захиргаа (2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр, анх ерөнхийлөгчөөр сонгогдсон үе), мөн 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа 2014 оны гуравдугаар сарын 6, гуравдугаар сарын 16, 20-нд, арванхоёрдугаар сарын 19-нд ОХУ-ын эсрэг тус тус хориг арга хэмжээ авч байв.
Трамп “Эдгээр бүх хязгаарлалтын арга хэмжээ 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс хойш хүчинтэй байх ёстой" гэж хэлжээ.
Америкийн удирдагч өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд "Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах боломжийг ирээдүйд авч үзэх болно. Гэхдээ одоогоор тийм тохиролцоо байхгүй байна" гэсэн бол хоёрдугаар сарын 26-нд "Вашингтон Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлахад бэлэн байгаа ч Украины мөргөлдөөн намжсаны дараа" хэмээн мэдэгдсэн аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд ВГТРК-ийн сэтгүүлч Павел Зарубинтай ярилцахдаа "АНУ-ын худалдааны бодлого хориг арга хэмжээн дээр суурилж, хориг тавьж байгаа болон хориг тавьсан хүмүүсийн аль алинд нь хор хөнөөл учруулсаар байна" гэж хэлжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл