Элчин сайд Н.Энхболд: Бусад орны элчингүүд “Манай улс Хятадын хажууд Монгол шиг байршилтай, асар их баялагтай байсан бол…” гэж ярьдаг

Aдмин / Улстөр

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таны хувьд Хятад улсад Элчингээр томилогдоод хагас жилийн хугацаа өнгөрлөө. Юун түрүүнд танаас Элчин сайдын гол хийх ёстой ажил, үүрэг юу байдаг талаар асуумаар санагдлаа…?

-Дипломат алба, ажил гэдэг олон зуун жилийн түүхтэй, улс орнуудын харилцааны хамгийн чухал механизм. Манай улсын хувьд НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоочихсон цөөхөн улсуудын нэг. Элчин сайдын үүрэг нь улс төр, дипломатын арга хэрэгслээр улс орныхоо аюулгүй байдлыг хангах, гадаад харилцаандаа таатай нөхцөлийг бүрдүүлэх, суугаа орныхоо талаар маш нарийн сайн мэдээлэлтэй байх, үүн дээрээ тулгуурлаад хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа яаж явагдахаар байгаа талаар мэдээлэл өгч ажиллах юм. Мэдээж тухайн улсад суугаа өөрийн улсын иргэд, эрх ашиг, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах нь зүйн хэрэг. Товчхондоо Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар зэрэг шийдвэр гаргах түвшинд хэрэгтэй мэдээ мэдээлэл, санал боловсруулан бэлдэж танилцуулах үүрэгтэй.

-Томилогдож очоод үүрэгт ажилдаа ороод явж байхад тулгамдсан ямар асуудлууд байв. Нөгөөтэйгүүр хөрш орны хувьд таныг ямар байдлаар хүлээн авсан бол?

-Тэр болгон ил яриад байж болдоггүй зарим шалтгаанаас болоод айлчлал, уулзалтууд, хэрэгжиж байсан, хэрэгжихээр яригдаж байсан нэлээд төсөл, хөтөлбөрүүд удааширсан, түр зогссон байдалтай байсан шүү. Аливаа орон Элчин сайд томилохдоо анхаарах хэд хэдэн зүйл байдаг. Ямар хүн томилж байгаагаар нь хүлээн авагч орон харилцаандаа ямар ач холбогдол өгч байгааг дүгнэнэ.

Тухайлбал, намайг Хятадад очиход холбогдох албан тушаалтнууд, шийдвэр гаргагчид Монголын төрийн байгууллагад олон жил хариуцлагатай алба хашиж байсан хүн байна, Монгол Улс хоёр улсын харилцаанд илүү анхаарч байгаа юм байна гэж ярьж хүлээн авсан. Тэгэхээр гадаад орчинд иймэрхүү сэтгэгдэл төрүүлэх нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй явагдах, ажил явуулахад таатай нэг суурь болдог.

-Элчин сайдаар очсон хүн болгон тухайн улсын төрийн тэргүүнд итгэмжлэх жуух бичгээ гардуулан өгдөг. Энэ утгаараа таны хувьд Хятад улсын төрийн тэргүүн Си Жиньпинтэй уулзсан байх. Уулзалтын үеэр юу ярилцав. Тэр болгон Элчин сайд нартай онцлон уулзаж, яриа хэлэлцээр өрнүүлдэггүй гэж сонссон…?

-Өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд би очсон. Улмаар дараа өдөр нь итгэмжлэх жуухын хуулбараа ГХЯ-д барьж, үндсэндээ ажилдаа орсон. 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд БНХАУ-ын дарга Си Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Таны хэлдгээр ер нь бол томилогдож очсон Элчин сайд нараас төрийн тэргүүн нь жуух бичгийг нь хүлээн аваад гар барьж, дурсгалын зураг татуулаад л дуусдаг дэгтэй юм билээ. Харин надад хандаж юм хэлсэн шүү. Mөнхийн хөрш орнууд, харилцаандаа чухал ач холбогдол өгдөг гэдгээ илэрхийлсэн, анхаарал хандууллаа гэж бодож талархаж хүлээн авсан. Нөгөөтэйгүүр энэ цаг үед Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа илүү идэвхтэй явах учиртайг уг үйлдлээрээ харуулсан болов уу гэж ойлгосон.

-Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаа сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй явагдаж байгааг дотоод төдийгүй олон улсын судлаачид хэлж, бичиж байна. Жишээ нь, урд хөрштэйгөө төрийн өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг ойр ойрхон хийлээ. Та Элчин сайдынхаа хувьд эдгээр айлчлалуудын ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Аливаа улсын гадаад харилцаа гэдэг зөвхөн тухайн улсын дан ганц өөрийнх нь бодол хүслээс хамаардаг зүйл огт биш. Манайх тухайн улстай ямар байдлаар харилцах вэ, харилцаж байгаа улс нь манайхаас өөр орнуудтай ямар харилцаатай байдаг гэдгийг хүртэл олон талаас нь бодож байж тодорхой үйл ажиллагаа явуулах ёстой. Нөгөөтэйгүүр Монгол шиг далайд гарцгүй, дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрний дунд оршдог, өөр ямар ч улстай хиллэдэггүй улс өөр хаана ч байхгүй. Гэтэл Монгол Улс юу хүснэ түүнийг нь бусад улс орнууд хүлээн зөвшөөрөх ёстой юм шиг боддог хүмүүс байдаг. Үнэндээ гадаад харилцаа гэдэг ёстой нөгөө олон үл мэдэгдэгчтэй бодлогын асуудал. Урд хөрштэйгөө бид ямар чиглэлээр яаж харилцах вэ, түүнийг хойд хөрш, бусад орнууд яаж хүлээж авахаар байна гэх мэтээр олон талын өнцгөөс бодож байж харилцаанд ордог. Өөрөөр хэлбэл, гадаад харилцаа гэдэг бол шатрын нүүдэлтэй адил. Хэн хэдэн нүүдлийн цаадахыг харж байна тэр нь хождог, аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулдаг ийм л талбар.

-Харилцаатай холбоотой асуудлыг та ярилаа. Ер нь Хятад улсын хувьд сүүлийн жилүүдэд эдийн засаг, гадаад хамтын ажиллагаа нь асар хурдацтай хөгжиж байгаа. Тэгвэл хөршийнхөө энэхүү хурдацтай хөгжлийг бид яаж боломж болгон дотооддоо шингээх ёстой вэ?

-Манай улсын хувьд Хятад улсаас импорт, экспорт, эдийн засгийн өндөр хамааралтай. Үүнийг хүн болгон л мэддэг. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын 70-аас их хувь нь Хятад улстай холбоотой. Нөгөөтэйгүүр Хятадын тал нэг зүйлийг хэлдэг. Тэр нь “Бид энхтайванч улс. Манай улсын хөгжил түргэн байна. Цаашдаа ч илүү хурдан хөгжинө. Бүс нутгийн болон хөрш, хил залгаа улсуудтайгаа хамтдаа хөгжих бодлого барьж байна. Тиймээс Монгол Улсын хувьд ч энэхүү боломжийг ашиглаасай” гэдэг. Миний хувьд Хятад, Пакистанаас гадна Бээжинд суугаа 103 орны хавсран суугаа Элчин сайдтай харилцаж, ажилладаг. Тэр хүмүүс бас нэг зүйлийг хэлж байна. Юу гэхээр “Танай улс чинь газар зүйн хувьд маш ашигтай байршилтай. Энэ боломж эдийн засгийн хөгжил, нэг хүнд ногдох ДНБ-д яаж нөлөөлж байна” гэж асуудаг. Хариуд нь манайх нэг ийм түвшинд байна гэхээр тэр хүмүүс бүр гайхдаг. Асар их баялагтай, эдийн засгаа өсгөх маш их боломжтой, дээрээс нь хамгийн том давуу тал болох эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд манлайлагч Хятад улс хажууд чинь байхад Монгол Улсын эдийн засаг, хөгжил яагаад ийм байна вэ гэж бүгд асуудаг. Зарим нь ч “Манай улс Монгол шиг ийм байршилтай, асар их баялагтай байсан бол…” гэж атаархаж ярьдаг. Ингэхээр нь миний хувьд “Монголын хувьд улс төрийн нөхцөл байдал, хүн амын тоо, зах зээлийн багтаамж, уур амьсгал, соёлын онцлог нь ийм” гэсэн тайлбар хэлнэ. Тэд танайх дотоод, гадаад боломжуудаа маш сайн ашигламаар юм гэнэ. Нээрээ ч Монгол Улсад асар олон боломж бий. Түүнийгээ л бид цаг тухай бүрд нь маш зөв ашиглах л ёстой байгаа юм. Хятад улсын хөгжил цаашид илүү хурдацтай болоход хэрэгтэй зүйл манайд байна. Эсрэгээрээ манай хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтын чадавх, үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, ноу-хау Хятадын талд байна. Энэ талаас нь асуудалд хандаж, харилцаагаа илүү эрчимтэй явуулж байвал хөрш орныхоо хурдацтай хөгжлийг боломж болгон ашиглах давуу тал манай улсад бий.

-Түрүүн танаас айлчлалын талаар асуусан. Хоёулаа харилцаа, боломжийн талаар яриад холдчих шиг боллоо. Дахиад асуухад Ерөнхий сайд, УИХ-ын даргын айлчлалын ач холбогдлыг та хувьдаа юу гэж дүгнэж байна вэ?

-Намайг Элчин сайдаар томилогдон очсоноос хойш Ерөнхий сайд Хятад улсад 3 удаагийн айлчлал мөн 1 удаа өндөр түвшний уулзалт хийээ. Хятад улсын Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайдтай яриа хэлэлцээ хийж тодорхой том хэлэлцээрүүдийг шийдвэрлэлээ. УИХ-ын дарга айлчиллаа. Энэ есдүгээр сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Төрийн гурван дээд албан тушаалтан жил хүрэхгүй хугацаанд урд хөршдөө айлчилж байгаа нь хоёр улсын улс төрийн харилцааны өндөр түвшинг харуулж байна. Ер нь улс төрийн харилцаа сайн бол эрчимтэй, тогтмол харилцан ашигтай хамтын ажиллагаа хүрээгээ тэлдэг, тухайн улсын эдийн засаг, экспорт, импорт эрс өсдөг. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр дээд түвшний айлчлал итгэлцлийг бэхжүүлж хоёр улсын хоорондох эдийн засаг, бүх салбарын хамтын ажиллагааны үүд, хаалгыг нээж өгдгөөрөө ач холбогдолтой. Ерөнхий сайдын айлчлалын хувьд сая Харбинд болсон уулзалтаар Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гэрээнд гарын үсэг зурсан. Удахгүй үүний үндсэн дээр аж ахуйн нэгжүүд гэрээгээ байгуулж бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Ер нь манай удирдлагууд айлчлал, уулзалт бүрээрээ аль нэг асуудлаа Хятадын талтай хамтран шийдвэрлэж байгаа нь нэн чухал практик болж байна.

-Хил холболтын төмөр замын ажил удахгүй эхэлнэ гэлээ. Хятадын талаас хийх ёстой ажлаа цаг тухай бүрд хийгээд явах нь тодорхой биз. Харин манайх дотооддоо энэхүү ажлыг цаг тухай бүрд нь хийж чадах болов уу?

-Алдаа гаргадаггүй хүн битгий хэл улс ч байхгүй. Бид ч адил. Гол нь маш сайн дүгнэлт хийж алдаагаа давтахгүй байх хэрэгтэй биз дээ. Хийсэн ч байх гэж боддог. Амласнаасаа буцаж, хөрш орондоо итгэлцлийн хувьд үнэлгээ алдаж байсан удаа цөөнгүй байгаа. Алдаж болох ч гаргасан алдаагаа засах хэцүүг энэхүү хил холболтын төмөр замын хэлэлцээрээс харж болохоор байна. Хамтарсан Засгийн газрын тэргүүн энэ асуудлаар Хятад улсад 3-4 удаа айлчилж байж, 16 жил гацсан төмөр зам, экспортын асуудлыг шийдлээ. Ингэхдээ өмнө нь хийж байсан гэрээг Засгийн газар хоорондын гэрээ болгон өөрчлөөд илүү баталгаатай түвшинд асуудлыг шийдлээ. Шийдвэр эцэслэгдэхээс өмнө хоёр талын хувьд маш олон асуудлыг ярьсан. Жишээ нь Ганц мод, Гашуунсухайт дээр танай талтай гэрээ байгуулаад хил хүртлээ төмөр замаа барьсан. Харамсалтай нь танайх гэрээнийхээ дагуу ажлаа явуулаагүй. Үүнээс болоод манай улс эдийн засаг, хөрөнгө мөнгөний хохирол амссан гэдгээ Хятадын тал хэлж байсан. Тэгэхээр ганц манайх ч боломжоо алдсан юм биш. Хятадын тал ч энэ олон жил олох байсан ашгаа алдсан. Иймэрхүү ам асуусан, алдааг сануулсан олон уулзалтын дараа аль аль тал нь буулт хийж, цаашид урт хугацаанд харилцан ашигтай байхаар асуудлыг цогц байдлаар шийдсэн нь бидэнд том боломж гэж харж байна. Тиймээс бид дахин энэ итгэлцлийг алдахгүйн төлөө хичээх хэрэгтэй. Хэрэв энэ ажил гацаж ямар нэгэн байдлаар зогсвол дахин иймэрхүү том төсөл, хамтын ажиллагаа гэж ярихад хүндрэлтэй болно гэдгийг бид бүх шатандаа анхаарах ёстой болж байна.

-Сүүлд танаас олон улсын нөхцөл байдалтай холбоотой, тэр дундаа АНУ болон Хятад улсын хоорон дахь худалдааны “дайн”-ы талаар асууя. Трамп дахин Ерөнхийлөгч болсноор Хятад АНУ-ын худалдааны дайн хурцдах шинжтэй болж ирлээ гэдгийг шинжээчид хэлж байна. Энэ дайн биднээс үл хамаарч явах нь тодорхой. Гол зүйл нь Хятадын эдийн засагт яаж нөлөөлөх вэ, улмаар энэ нөлөөлөл нь Монгол Улсад яаж тусахаар байгааг та улстөрчийнхөө хувьд юу гэж харж байна вэ?

-Гадна ертөнцтэй, бусад улс орнуудтай харьцалгүй, бие даагаад хөгждөг улс гэж дэлхийд нэг ч байхгүй. Том гүрнүүдийн зөрчилдөөнөөс болоод дэлхий амаргүй байгаа ч гэсэн тэд ч ялгаагүй бусад улстай харилцаж байж хөгжиж байгаа нь үнэн. Хөмөрсөн тогоон дотрооо хөгжсөн нэг ч улс байхгуй, бүгд бие биенээсээ хамааралтай. Энэ байдлаар нь ойлговол Хятад, АНУ-ын хоорондох зөрчилдөөн, сөргөлдөөн, худалдааны “дайн” манайд ч ямар нэгэн хэмжээгээр сөргөөр нөлөөлж таарна, санаа зовох зүйл гарч ирнэ гэсэн үг. Уг зөрчилдөөнөөс болоод хоёр хөршийн эдийн засаг хүндэрвэл Монголынх ч ялгаагүй хүндэрнэ. Тэгэхээр нэг улсын бодлого гэдэг дан ганц өөрийнх нь хүслээр явдаг зүйл гэж байхгүй. Биднээс үл шалтгаалах сөрөг нөлөөллүүд гадаад орчинд олон бий. Тиймээс бид гадаад харилцаандаа аль болох харилцан ашигтай байх, олон тулгуурт бодлого барьж, хэдэн нүүдлийн цаадахыг харж бодлогоо тодорхойлж үйл ажиллагаа явуулах нь чухал болоод байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл

Гайхшрал [66.181.185.76] 2025-03-13 15:56:03

Энэ өвөгчүүл чагаад тэтгэвэрт гардаггүй юм бол улс орныг нэг их зөв удирдсан ч юм шиг хамаг газар нутгаа алдах шахаж зээл авчаад

баяр бөөрөнхий гээд дүгнэлт өгчихсөн [203.217.139.240] 2025-03-13 15:36:59

С. Баяр улс төрчид дотроо хамгийн бөөрөнхий хүн гээд дүгнэлт өгчихсөн байна лээ нээрээ л бөөрөнхий хариулт өгчээ.

зочин [139.5.216.212] 2025-03-13 16:13:02

Аль ч цаг, төрд нэр алдахгүй алдартай бөөрөнхий амьтан. Гэхдээ өөрийгөө бөөцийлөхдөө гарамгай бололтой байдаг.

Зочин [202.131.234.123] 2025-03-13 13:42:25

тэднийг ээ ер сайд сангийн сайдаар ажиллуулаад үзээч.

Зочин [202.9.41.87] 2025-03-13 13:14:13

Гоё ярьсан нам дагасан өлөн авилгач хулгаачуудл монголын хөгжил иргэдиин боломжиииг тонож ямар ч гэж бараг авхгүй авилгал хулгаа луйвраар хагартлаа баяж даг улс джлхиид ховор доооо нүгэлт бузрууд автобус хүртэл хуучнааар сольж ашиг олдог хатуу хууль ял өгдөг болжэээж монгол хөнжинө гэж үнэн хэлждэээ

HAHAHA [124.158.108.49] 2025-03-13 12:10:23

SHAAAA, TA NAR L IDEED BAIGAA BOLHOOS, BID YASIIN MUU MANAN GUUD

Зочин [139.5.217.198] 2025-03-13 12:04:39

Энхболд сайд аргаггүй л улс төрд олон жил боловсорсон хүн шиг маш тодорхой цэгцтэй хариулт өгч дээ, цаашдын хоёр орны харилцааг улам сайжируулах нөр их ажилд нь өндөр амжилт хүсье

Зочин [202.126.90.230] 2025-03-13 12:46:52

Долоохоо болиоч


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.