Путин: Гал зогсоох тухай санаа зөв, мэдээж дэмжиж байгаа ч хэлэлцэх ёстой асуудлууд бий

Д.Тулга / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Украины дайны галыг 30 хоногийн хугацаатай зогсоох санаа зөв бөгөөд түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр гэхдээ гал зогсоох хэлэлцээр хэрэгжвэл Курск болон бусад газарт байдал хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй байгаа талаар хэлсэн байна.

Путин АНУ-ын саналыг "агуу, зөв" хэмээн сайшааж, “Орос улс дайны гал зогсоохыг онолын хувьд дэмжиж байгаа ч хэлэлцэх шаардлагатай олон асуудал бий” гэж мэдэгджээ.

Кремлийн албаныханд энх тайвны төлөвлөгөөний талаар танилцуулахаар Москвад хүрэлцэн ирээд буй АНУ-ын тусгай элч Стив Виткофф Трампын засаг захиргаа “бөмбөг Оросын талбайд байгаа”-г онцлон тэмдэглэсэнтэй холбогдуулан тэрбээр дээрх тайлбарыг хийсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр АНУ, Украин Саудын Арабад хэлэлцээ хийж, Киев АНУ-ын дэмжлэгтэйгээр фронтын бүсийг бүхэлд нь хамарсан, 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг хүлээн авчээ.

Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хэлэлцээ хийснийхээ дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Бид дайсагналцлыг зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байгаа ч энэхүү гал зогсоох нь урт удаан хугацаанд энх тайвныг тогтооход чиглэх ёстой. Хямралын үндсэн шалтгааныг таслан зогсоох учиртайг анхаарах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Путины хэлснээр8 энэ нь дайны "үндсэн шалтгаан"-ыг арилгахыг уриалж байгаа анхны тохиолдол биш. Кремль өмнө нь Украины одоогийн засгийн газрыг “үндсэн шалтгааны нэг хэсэг” гэж мэдэгдэж байв.

Оросын удирдагч "Бид цэргийн үйл ажиллагааг зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь урт хугацааны энх тайван байдалд хүргэж, хямралын үндсэн шалтгааныг арилгахад чиглэх ёстой.

Саудын Арабад болсон уулзалтыг гаднаас нь харахад Украины тал Америкийн шахалтаар шийдвэр гаргаж байгаа мэт харагдаж магадгүй. Уг нь Украин үүнийг америкчуудаас хүсэх ёстой байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Гал зогсоох тухай санаа зөв, бид үүнийг мэдээж дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцэх ёстой асуудлууд бий. Америкийн хамтран ажиллагсад, түншүүдтэйгээ энэ талаар ярилцах, магадгүй Ерөнхийлөгч Трамп руу утас цохиж, хамтдаа хэлэлцэх хэрэгтэй" гэж хэлжээ.

Тэрбээр Украиныг дахин зэвсэглэхгүй, цэрэг дайчлахгүй байх, 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийн үеэр Киевт үзүүлж буй барууны цэргийн тусламжийг зогсоохыг санал болгосон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт Зууван танхимд сэтгүүлчидтэй уулзахдаа “Украин дахь дайныг зогсоох бөмбөг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ордонд байна. Одоо Оросоос бүх зүйл шалтгаална” гээд, Оросын удирдагчтай уулзахаар төлөвлөж байгаа эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: CNN, DW, RBC
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.