Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд

Aдмин / Улстөр

Улс орон үйл явдлаар арвин байдаг болсон. Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд хаашаа ч юм өөрчлөлтүүд их хийгдэж байна. Тэр бүх хөдөлгөөн дандаа л дуулиан шуугиан дагуулдаг. Шинэ цагийн харилцааны хэрэгсэл болсон интернэт дэх олон салаа санал бодол, байр суурь тэр бүхэнд дүгнэлт өгөх маягтай. Гэхдээ тэр нь эцсийнх биш бөгөөд үйл явдлуудын шинж тэмдгийн илрэлд өгч буй үнэлэлт байдалтай үлддэг. Энэ утгаар нь авч үзвэл эх сурвалж буюу тэдгээр үйл явдлын гол хөтлөгчдийн үг, байр суурь олон нийтэд мэдээлэл өгөхөд чухал үүрэгтэй болж байгаа юм. Тэр тусмаа сүүлд үргэлжилж буй үйл явдлуудын талаар Ерөнхий сайдын үг нэхэгдэж байв. Түүний үг бол Засгийн газрын байр суурь учраас олон том үйл явдлын хариулт болох учраас тэр. Ийм үүрэг бүхий томоохон ярилцлагыг “Өдрийн сонин” өнгөрсөн долоо хоногт нийтэлж уншигчдын хүртээл болгосон юм.

Ерөнхий сайдын ярилцлага хэвлэгдэн гарсан даруйд түүний жүжигчин бүсгүй хийгээд кофены талаар ярьсан нь интернэт сүлжээний гол мэдээлэл болов. Нэг үгээр Л.Оюун-Эрдэнийн ярианы гол мессежүүд нь кофены хачир болоод тарчихсан.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том үйл явдлуудын талаар ярихдаа кофегоор хачирлажээ.
Жишээ нь сэтгүүлчийн:

-Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг томоохон компаниуд хэрээс хэтэрсэн юм байна. Баялагтай улс мөртлөө иргэд нь баялгаа ашиглаад сайхан амьдрах итгэлгүй байгаа нь цөөхөн хэдхэн хүмүүст тэр боломж ирдгээс. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Иргэдэд тэр баялгийн үр шим ирж байж л итгэдэг болно гэж олон жилийн өмнө ярьж байсныг тань санаж байна л даа. Нэг талаас тэр итгэл үнэмшлээрээ энэ бүхнийг өөрчлөх гэж хичээж байгааг нь анзаарч, нөгөө талаас Женко Х.Баттулгын зорилгод тааруулж, энэ бүхэн хийгдээд ч байна уу гэж хардах юм гэсэн асуултад хариулахдаа
-Энэрэл ээ, ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ. Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна гэжээ. Эндээс кофены яриа тарсан байна.
Харин тэр үргэлжлүүлээд:

-Яахав, эхэлж үүнийг дурддаг нь үндсэн асуултад чинь хариулах гээд. Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий. Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой. Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү. Манай нам ч, АН ч үндэсний хэмжээний том намууд. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг. Миний ойлгодгоор АН дотроо үндсэрхэг, либерал гэдэг үзэл бодлын зөрүүтэй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ.
Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм. Гэхдээ хэт наах гээд буруутгах тохиолдол байдаг шүү. Германы Социал Демократ намынхан А.Меркелийг муулах гэж байгаад намынхаа үндсэн дэмжигчид дээр наачихаад, дараа нь салгах гэж бөөн юм болсон түүх байдаг шүү гэж хариулжээ.
Үүгээрээ тэр улс төр талаасаа гурван намын хамтарч эвссэн нь задрахгүй гэдгийг хэлжээ. Мөн Х.Баттулгатай ойр биш. Харин өөрсдөө хардаж байгаад бодит болгох хөшүүрэг хийчихэв ээ. Х.Нямбаатар бид хоёр Х.Баттулгатай үзэлцэж байгаа. Ингэж байхад араас буудаж байна гэдгийг хэлжээ.
Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагаараа өгсөн гол мессэж нь Баялгийн сангийн асуудал байна. Тэрээр:

-Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал гэдгийг хариултын эхэнд тодотгоё. Тавантолгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ. Ашигт малтмалын даргаар ажиллаж байсан нөхөр ийм хэмжээний ордын лицензийг өөр дээрээ авах эрхтэй байсан уу? Засгийн газар тогтоол биш тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь эрх зүйн акт мөн үү?
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэм-
жээний асуудал байдаг. Тэгвэл УИХ-аар хэлэлцсэн эсэх зэрэг асуудлуудыг тодруулж, нэг талдаа УИХ-аас чиглэл авах шаардлага гарсан, нөгөө талдаа иргэдийн мэдэх эрхийг хангаж нэгдмэл ойлголтод хүрэх нь зөв гэж үзсэн.

Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Мөн:
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа Эзэн Монгол” гэдэг үндсэн концепц дэвшүүлж сонгуульд сонгогдсон. Хувь хүнийх нь философи ч энэ үзэл санаа байдаг. Засгийн газрыг энэ тал дээр шахаж бас дэмжиж байгаа. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд нэгдэж, Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барьж, УИХ-аар батлуулсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газарт ажиллаж байхдаа энэ хууль дээр өөрөө ажилласан ажлын хэсгийн ахлагч.
Хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай, харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би гэжээ.
Үүгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ MCS ч бай, хэн ч бай хуулиа мөрдөх ёстой. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, улс төрийн намууд өөртэй нь нэгдмэл байгаа.Тиймээс 34 хувийн асуудал дээр хэлцэлд орохоос өөр гарцгүй гэдгийг олон талаас нь тайлбарласан байна.

Тэрчлэн Гашуунсухайтыг дэлгэрэнгүй тайлбарлаж ярьжээ. 2024 оны сүүлчээр 2025 оны төсөв задарсан. Тэрнээс эхлээд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа улс төр Гашуунсухайтын төмөр замын холболттой холбоотой байгааг хэлсэн байна. Ерөнхийдөө Ерөнхий сайдын энэ тайлбарыг өнөөдөр эхэлж байгаа УИХ-ын чуулган энэ төслөөр эхлэх учраас хөрс бэлдэж өгсөн мессэж болов уу гэж харагдаж байна. Энэ төсөл хөдөлснөөр Трампын тариф гэж яригдаад байгаа дэлхийн эдийн засгийн савлагааны улмаас нүүрсний унаж байгааг Монгол Улс даван туулах боломжтой болно. Энэ талаасаа тэр гэрээ ийм эрсдэлийг угтаж харсан үйлдэл гэдэг өнцөг эндээс гарч байна. Бодит амьдрал дээр ч Гашуунсухайтын төмөр замын холболтын гэрээн дээр жаахан хугацаа алдсан бол хийгдэхээргүй байсан нь сүүлийн өдрүүдэд тодорхой харагдаж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр АНУ-тай ажиллаж байгаа. Бас АНУ-ын дэд ерөнхийлөгч Вэнсийг дурдсан зэргээс харвал тэрээр Трампын засаг захиргаатай холбоо тогтоох зорилгоор ойрын үед тус улсад айлчлах ч бололтой. Тийм мэдээлэл бий. Тэрнээс гадна Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирэх нөхцөл үүссэнийг шууд хэлжээ.
Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийг нь огцруулахаар өргөн барьсан асуудлаар дамжуулаад голын гольдрол өөрчлөхийг оролдож буй гэх залуу гишүүд, жагсаалтын гишүүдэд үг дайсан байна. Тэрээр “Алтан өргөө” киног сануулахдаа 126 болгож, хамтарч, үе солих гэж хичээж байхад Ёроо Ёмбоо хоёр шиг авдраа эвдэлж усгүй болдог шиг цагаа ухраана шүү гэдэг мессэж өгчээ. Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай ярилцлагаас ийм мессэжүүд уншигдлаа.


ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Ө.БИЛЭГ


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.185] 2025-03-17 11:21:41

эхнэр хадамдаа зориулж хэлээ биз

Зочин [192.82.92.153] 2025-03-17 10:50:13

өмнөх 9 үүдээс хамгийн их ажиллаж байгаа нь Чамайг дэмжинээ

Зочин [59.153.113.232] 2025-03-17 10:34:24

Завтай популизмд дуртай ерөнхий сайдтай монгол орон мину . АЖЛАА ПОПУЛИЗМТЭЙГЭЭ адил хиймэ4р санагдаад байх юм ....

Зочин [188.162.254.18] 2025-03-17 10:26:17

оюунэрдэнэ янз бурийн юманд санаагаа зовоогоод ядарчих бий ,дахин нэг тусгай элчин сайд томилж ажиллуулаад л болчих юманд сэтгэл санаагаа зовоогоод л,ходоодоо кофегоор хордуулаад л !!!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.