Р.Даваадорж: Алт, зэсийн хүдэр нүүрсний алдагдлыг нөхөх ямар ч боломжгүй

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.
-Экспортын гол нэрийн барааны тоо хэмжээ, үнэ өнгөрсөн онтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ?
-Өнгөрсөн жил уул уурхайн гадаад худалдааны дүн бараг 15 тэрбум ам.доллар байсны 9 орчим тэрбум нь нүүрсний экспортод оногдож байсан. 2024 оны экспортын голлох бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнийн дүнг энэ оны эхний хоёр сарын гүйцэтгэлтэй харьцуулж харвал, алт өнгөрсөн жилийн хэмжээндээ хүрч 899 сая ам.доллар, зэсийн хүдэр 3.3 тэрбум ам.долларт хүрэх ч тийм амар биш, гэхдээ үнэ ханшийн нэмэгдлээс илүү гарах боломж харагдаж байна.
-Монгол Улс энэ онд 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлох өөдрөг тооцоолол хийсэн. Эхний хоёр сарын тооцоогоор 10.2 сая тонн нүүрс экспортлож, үнэ нь 80 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байна. Үүнээс үүдсэн ямар эрсдэл бидэнд ойр тулаад байна вэ?
-Нүүрсний хувьд асар их хэмжээний алдагдал гарах нь. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар, гангийн үйлдвэрлэл уналттай байна. Миний тооцооллоор эхний 2 сарын баримжаагаар тооцоолж үзвэл нүүрс өнгөрсөн жилийнхээс хамгийн багадаа 3.0 тэрбум ам.доллараар сох дутах нь. Хэрэв нүүрсний ханш үргэлжлэн унавал Монголын эдийн засагт дефолт үүсэх дүр зураг харагдаж байна.
-Нүүрсний үнэ буурах таамгийг олон улсын агентлагууд уг нь эртнээс анхааруулсан. Бид хэтэрхий өндөр тооцоолчих л доо?
-Тийм ээ. Нүүрсний үнэ буурахыг “Fitch Ratings” агентлаг бүр 2022 онд дэлхий нийтэд анхааруулж байсан. Үнэхээр харамсалтай. Гэвч үүнийг ч уншаад төсвийн тооцоололдоо тусгачих чадвартай хүн Засгийн газарт алга. Нүүрсний үнэ асар өндөр, орлого олох боломжтой үед эдийн засгаа элгээр нь хэвтүүлээд зогсохгүй гадаад өр нэг хүнд 35 сая төгрөгт оногдох хэмжээнд хүрлээ. Өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ нугарч өслөө. Нэн ядуу иргэд, ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсөж, харин дундаж давхрага үгүй болж эхэлсэн.
-Сангийн сайд Засгийн газрын ээлжит хуралдааны дараа төсөвт хүндрэл учрахааргүй нөхцөл байдалтай байна гэж тайвшруулсан. Бодит байдал ямар байна вэ?
-Засгийн газрын хурал болоод сайдууд нь тэс өөр юм ярьж байна лээ. Ард түмэнд буруу зөрүү мэдээлэл өгөөд сурчихсан улсууд. Ний нуугүй хэлэхэд, яг бодит байдал туйлын хүнд байгаа шүү. Ялангуяа төсөв тун хүндэрнэ. Тэгэхээр ард түмэндээ үнэн бодитой мэдээлэл өгч байх нь зөв. Сүүлийн найман жил Монгол Улсын эдийн засагт тааламжтай үе өнгөрсөн.
Нүүрс, зэсийн үнэ их өссөн. Энэ үед эдийн засгаа сэргээх, иргэдийн амьдралыг дээшлүүлэх, аж ахуйн нэгжүүд хөл дээрээ зогсох боломжтой байсан ч харамсалтай нь огт ашиглаж чадсангүй. Энэ хугацаанд төсөв 6-7 дахин данхайлаа. Сайд дарга нарын зарцуулдаг мөнгө 10, 20 дахин нэмэгдсэн ч иргэдийн орлого тэр хэрээр өссөнгүй.
-Засгийн газар хэдийгээр нүүрсний үнэ унаж байгаа ч зэсийн баяжмал, алтны экспортын орлогоос “дутагдал”-аа нөхнө гэсэн бодлого барихаа мэдэгдсэн. Бидэнд ийм боломж байна уу?
-Алт, зэсийн хүдэр нүүрсний алдагдлыг нөхөх ямар ч боломжгүй харагдаж байна. Гадаад худалдааны хувьд нүүрсний борлуулалт 3 тэрбумаар дутахад үүнийг бусад бүтээгдэхүүнээр нөхөх боломж байхгүй.
Төсвийн нийт орлогын 31 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөг, 2022 онд 4.3 их наядын ийн орлого олохоор тооцож байсан дүн, 2024 онд 8.0 их наяд, ирэх жил 11.6 их наяд төгрөг болж жил ирэх тутам улам “хөөсөрчээ”. Ам нээх бүртээ эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг ч амьдрал дээр эдийн засаг уул уурхайгаас улам бүр хараат болох бодлого төсвөөр дамжин хэрэгжиж байна.
Түүхий эд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтийн орлогоо бүгдийг нь эдийн засагтаа цутгахгүй байхад анхаарч, хуримтлалын санд түлхүү хуваарилах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл, хямралаас сэргийлэх эсвэл гадаад өрийн хэмжээгээ нимгэлэхэд зориулдаг. Харин Монгол ийм чиглэлийн урсгал сөрж явна.
Турк орныг үндэслэгч Мустафа камил Ататүрк “Юу ч үйлдвэрлэхгүйгээр ууж идээд байдаг үндэстэнүүд эхлээд нэр хүнд, дараа нь эрх чөлөө, хамгийн сүүлд ирээдүйгээ алддаг” гэж хэлсэн байсан. Бид тооцоо судалгаатай зөв шийдвэр гаргаж сурмаар байна. Батлагдсан төсөв нь хоёр гуравхан сарын дараа тодотгол хийгдэхээр яригдаж байна. Өөрөөр хэлбэл, ганц жилээр зөв бодлоготой бичиг баримт гаргаж чадахгүй хүмүүс 2050 гэж “хошгирох” нь хол сонсогдож байгаа биз?
-Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч иргэддээ мөнгө тараадаг байдал хэвээр үргэлжилж байна. Энэ нь их уршигтайг эдийн засагчид, шинжээчид хэлсээр ирсэн. Та санал нэг байна уу?
- Энэ оны төсвийн 9.8 их наядын хөрөнгийн зардал валют болж гадагшаа урсана. 26.0 их наядаар тооцсон урсгал зардлын бараг дийлэнх хувь нь валютын хэрэглээг дэмжих болно. Төсвийн төсөл валютын ханш огцом өсөх, инфляцаа нэмэх муу үр дагавар дагуулна. Өөрөөр хэлбэл, төсөв өөрөө валютын ханш огцом өсгөх, үнийг хөөрөгдөх шалтгаан болж байна шүү гэж төсвийн хэлэлцүүлгийн би лав зөндөө “хашгирсан”. Миний хэлсэн үг хэдхэн сарын дараа эрх баригчдын төдийгүй, иргэд, аж ахуй нэгжийнхнийй анхааралд хүрч байх шиг байна.
Инфляц өснө гэдэг дундаж давхрага улам бүр “цөөрч”, ахмадууд, орлого багатай өрхийн амьдрал нэн хүндрэх байдалд хүргэх эрсдлийг бий болгодог. Ойрын жилүүдэд тэтгэврийн өрийг тэглэсэн. Ахмадын тэтгэврийн хэмжээг хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс өөр нөлөө үзүүлсэнгүй. Иргэдийн амьдралд бодитоор “наалдсангүй”. Харин ч ядуурлын хэмжээ нэмэгджээ.
Ирэх онд халамжид 3 их наяд 562 тэрбум төгрөг зарцуулна. 2016 онд нийгмийн халамжийн сангаар дамжуулан зорилтот бүлэгт 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2025 онд ийнхүү 12 дахин нэмэгдэх нь тодорхой боллоо. Харамсалтай нь, халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд нэгээхэн ч байхгүй.
2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан бол 2025 онд 11.7 их наяд төгрөг болж 5 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, сайд нарын мэдэлд байж хяналтгүй шахам зарцуулдаг сангийн хөрөнгө ийн нэмэгджээ. Баялгаас олсон мөнгийг дахин тусгай сан болгоно гэж яриад сууж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
Ард түмэн мөнгө өгнө гэхээр баярлаад байгаа. Иргэдэд эдийн засгийн мэдлэг олгож, хэлж ярьж өгч баймаар байгаа юм. Түүнээс төр засагт явж байгаа нөхдүүд ерөөсөө ойлгохгүй. Яагаад гэхээр тэдний бодол нь тэс өөр. Хэдэн төгрөг хулгайлж аваад, хурдхан шиг зайлахаа бодсон ийм л төртэй болчихов уу гэж харамсаж явна. Манай төсөвт 22 тусгай сан бий.
Баялгийн сангийн 2, 3-ыг нэмчихээр 25 санг сайд нар удирдах гэж байна. Энэ нөхдүүд удирдаад юу болж байсныг бид тэртэй тэргүй харсан шүү дээ. Худлаа шүүмжилж байгаа юм биш. Жишээлбэл, Боловсролын сангийн зээлийн ямар их хулгай дээрэм байв. Төрсөн хүүхдэдээ хэдэн зуун саяар нь мөнгө шилжүүлж байсан биз дээ.
Жижиг, дундын зээл яаж замбараагаа алдсан билээ. Газар тариалангийн сангийн зээл гээд тусгай сангууд тэр чигээрээ хулгай байхгүй юу. Харамсалтай нь сангийн луйварчид өнөөдөр шийтгүүлэх нь бүү хэл та бидний толгой дээр сууж байна. Монголд “төрийн хариуцлага” гээч зүйл үгүй болсныг бид харж байна.
-Эрх баригч намд эх орноо гэсэн сэтгэлтэй, ялангуяа эдийн засаг ойлгох хүн тун ховор байна гэсэн шүүмжлэл байнга гарч байна. Үнэхээр тийм байна уу?
-Дан ганц МАН ч биш. МАН сүүлийн 9 жил дамжаад удирдаж байгаа боловч энэ нам дотор эх орноо бодсон, улс орныхоо ирээдүйд санаа зовдог маш олон хүн бий. Ардчилсан намынхан бүгдээрээ бас мундаг сайхан улсууд биш. Хулгайчид ч бий. Бид одоо улс төрийн намуудаа эрс шинэчлэгдэх хэрэгтэй.
Ядахдаа эдийн засгаа ойлгодог улсуудаа бодлого хэрэгжүүлэх хэмжээнд гарч ирэхийг иргэдийн амьдрал, аж ахуй нэгжүүдийн нэн хүнд байдал шаардаж байна гэж харж байна. Улс орны бодлого гэдэг өнөө маргаашаа өнгөөрөхийг хэлэхгүй, харин энэ улсын ирээдүй ямар байхыг тодорхойлдог юм шүү дээ.
Ирээдүйдээ бид ингэж муухай хандаж байгаа юм чинь ирээдүй биднийг уучлахгүй байхгүй юу. Өнөөдөр 35 тэрбум ам.долларын гадаад өрийг өнөөгийн улстөрчдийн ирээдүйдээ үлдээх “бэлэг” гэх юм уу. Энэхүү өрийг буруу шийдвэрээрээ тавьсан өнөөгийн улс төрчид төлөхгүй харин бидний үр хүүхэд, ач зээ нар төлнө.
-Монгол Улсын гадаад өр 35 тэрбум ам.долларт хүрсэн нь цэвэр бодлогын алдааны үр дүн мөн үү?
-Баялгийн сангийн хуулийг өргөн барихтай холбоотойгоор Ардчилсан намын бүлэг дээр “Баялгийн сан”-гийн шинэ хуулийг би хэсэг эдийн засагчтай хамтарч бичсэн байдаг юм. Бидний хуулийг авч хэлэлцээгүй. Тус хууль Норвегид мөрдөгддөг хуультай их төстэй байсан. Хоёр том зарчмын ялгаа байсан. Нэгд, баялгийн сан төсөв номер хоёр болж сонгуулийн өмнө сонгогчдыг “авлигаддаг”, нэмүү өртөг бүтээлгүй шууд зах зээлд орж инфляц хөөрөгддөг байж болохгүй. Энэ санг олон улсын туршлагатай мэрэгжлийн баг удирдана.
Улс төрөөс хараат бус байна гэсэн нэн чухал заалттай байсан. Харамсалтай нь, эрх баригчид тоогоогүй. Хулгайч сэтэхүй юу гэж ойлгох вэ дээ. Тэр үед би нэг судалгаа хийсэн юм. 2013-2023 оны хугацаанд Монголын уул уурхайн экспортын нийт орлого 100 тэрбум ам.доллар байсан.
100 тэрбум ам.доллар гэдэг бол Өмнөд Солонгос хөл дээрээ боссон, дэлхийн экспортлогч хүчтэй гүрэн болоход хангалттай байсан хөрөнгө л дөө. Гэтэл бид тэр 100 тэрбум ам.долларыг юу ч үгүй идэж ууж, дураараа зарцуулж, талын нэг тарааж цацаж хаяад, өнөөдөр 35 тэрбум ам.долларын өртэй сууж байгаа байхгүй юу.
Зүйрлээд хэлвэл, Даваадорж гэдэг нэг өрхийн тэргүүний гэрт 100 мянган төгрөг байж гэж бодъё. Хөгшин ээж нь өвчтэй, хар цайтай, эмээ авах мөнгөгүй шаналж хэвтэнэ. Сургуулийн хүүхдүүдэд нь ном, дэвтэр бүү хэл өмсөх гутал алга. Эхнэр нь хавдрын эмнэлэгт оочер бичүүлээд 6 сар хүлээж байгаа.
Гэтэл тэрхүү гэрийн эзэн 100 мянган төгрөгөө нэг орой авч гараад, шөнөжин архи уугаад, нэмж нэг найзаасаа 35 мянган төгрөг зээлж үргэлжлүүлээд гэртээ шал согтуу орж ирж буй хариуцлагагүй, замбараагүй, сэтгэл эмтлэм дүр төрх бол өнөөгийн Монгол төрийн дүр төрх гэж зүйрлэж болно.
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл
Зочин [66.181.186.214] 2025-03-18 12:04:55
BY BY MY MONGOLIA
dandar [202.21.104.2] 2025-03-18 09:26:12
Zuv zuv.