Бригадын генерал Ч.Цогтжаргал: “Монгол цэргийн өдөр"-ийн цогтой мэндийг өргөн дэвшүүлье

Aдмин / Хууль

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан нэгдсэн тооллогыг явуулж, Цэргийн тангараг давтлаа.

Бүрэлдэхүүний тангараг давтах ёслолын ажиллагаанд Төв аймгийн Политехникийн коллежийн оюутнууд болон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг урьж оролцуулсан нь цэргийн албыг сурталчилсан бодит ажил болов.

Учир нь оюутан сурагчдын олонх нь 2026 оны намраас эхлэн хугацаат цэргийн албанд “мордох” насны залуус бөгөөд алба хаагчдын тангараг давтаж, төрийн дууллыг эгшиглүүлж, ёслолын жагсаалаар алхаж буй нь тэдэнд эх орондоо үүрэг гүйцэтгэх сэн гэдэг онцгой мэдрэмж төрүүлж байсныг дуу нэгтэйгээр дурдаж байлаа.

May be an image of 14 people and text

“Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал ЗХЖШ-ын даргын тушаалаар ХЗЦК-ын Санхүүгийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн офицер, дэд ахлагч Э.Оюунчимэгт албан тушаалын зэрэглэлийн дэслэгч, Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн удирдлага төлөвлөлтийн офицер хошууч Д.Ганхүү,

Материал, техникийн хэлтсийн техникийн хангалтын ахлах офицер, хошууч Ц.Батгэрэл, зэвсгийн засвар, ашиглалтын офицер, хошууч З.Ариунболд нарт дэд хурандаа, Хангалт үйлчилгээний тасгийн ахлах тогооч ахлагч Г.Мөнхжинд ахлах ахлагч цол олгогдсоныг тус тус гардуулан өгч, баяр хүргэв.

May be an image of 6 people and text

Мөн энэ өдөр Хуурай замын цэрэгт залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан бэлтгэл офицеруудыг Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулж, тэдний бүтээсэн алдар гавьяагаар хамт олноороо бахдав.

Бэлтгэл офицеруудыг төлөөлж хурандаа Н.Сүхбаатар хэлсэн үгэндээ “Монгол цэргийн өдөр”-ийн цогтой мэндийг өргөн дэвшүүлж, 1992 онд Зэвсэгт хүчин хэмээх их айлд нэгдэж, залуухан дэслэгчээс хурандаа цол хүртлээ шатлан дэвших зарчмаар цэргийн албаны төлөө амьдарсан цаг хугацаагаа онцолж, Зэвсэгт хүчин зүтгэсэн нэгэндээ хайртай салбар, итгэлийг зүтгэлээр хариулж явахыг бүхэлдэхүүнд захилаа.

Хүний сайнтай учирсан нь цаг наргүй албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд том дэмжлэг байсныг ч дурдаж, Монгол цэргийн босоо цагаан хийморь үеийн үед бадарч явахыг ерөөлөө.

May be an image of 3 people and text

Арга хэмжээний төгсгөлд бригадын генерал Ч.Цогтжаргал “Өнө эртний бахархам түүхтэй, өргөн уудам нутаг дэвсгэртэй монгол эх орон болоод монгол хүмүүн бүрийн оршин амьдрахын учир утга, монгол төрийн их бэлгэдэл туг, сүлд, төрийн эрдэнэ хэмээн дээдлэгддэг эрэлхэг жанжид, эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө явуулсан тэмцэл, ялалт, өнөөгийн алдар хүнд, амжилт ололт бүхэн монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой билээ” хэмээгээд,

эх орныхоо төлөө тангараг дор ажиллаж амьдарч байгаа Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд баярын мэнд дэвшүүлж, цэргийн ах, эгч нарынхаа цэргийн тангараг өргөх ёслолыг үзэж буй Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Эр цэргийн албаа хаах нь эр хүн бүрийн үүрэг. Ирээдүй таны гарт” гээд амжилт хүслээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

A [59.153.112.228] 2025-03-18 08:08:59

,цагдаа хилийн цэрэг онцгой байдлын албан хаагч нар бол жинхэнэ баатрууд шүү БХЯ яамны харьяа ангиуд чөлөөт цаг ихтэй хийх ажил бага харагддаг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.