Дэлхийд гайхагдах Чингис хааны тагнуулын соёл
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн
байгуулагдсаны 104 жилийн ойн баярын өдөрт зориулав.
Өдгөөгөөс 800 орчим жилийн тэртээ европчууд Азид ирэхээс бүр өмнө Азийн нэгэн үндэстэн буюу монголчууд дэлхийн хуурай газрын гуравны нэгд ноёрхож байв. Энэ ноёрхлын тэлэлтэд монгол ухаанаар боловсруулсан тагнуулын арга ухаан, алсын хараа хамгийн чухал үүрэг гүйцэтгэжээ.
Монголын эзэнт гүрний тагнуулын үйл ажиллагаа нь зөвхөн дайтаж буй улсынхаа цэргийн хүчин чадал, газар орны нөхцөл байдал, удирдлагынх нь сэтгэл зүйн байдлыг тандахад чиглэж байсан аж. Чингис хааны үед тагнуулыг эсрэг талынхаа хаад ноёдыг нууцаар устгах, хордуулах, үндэсний ёс заншил, шашин шүтлэг, эв нэгдлийг бусниулахад ашиглах өргөн боломж байсан ч тэрбээр ийм үйл ажиллагааг дотоод, гадаадад явуулахаас татгалзаж байжээ.
Мөн эзэн хаадаасаа урван ирсэн албат иргэдийг нөхөрлөж үл болох хүн хэмээн өчиггүй цаазалдаг, харин урваагүй хүмүүсийг сайшаан магтаж, итгэлт нөхрөө болгодог байсан олон баримт “Монголын нууц товчоо”-нд бий. Гэхдээ Чингис хаан урван тэрслэгчдийг эздийнх нь эсрэг тагнуулын янз бүрийн зорилгод ашиглах боломж нээлттэй байсан ч тийм үйлдэл гаргаж байгаагүй нь ихэд сонирхол татна.
Чингис хааны үед байлдан дагуулах, ялалт байгуулах, хяналтаа тогтоож бэхжүүлэх үзэл санаа хүчтэй байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр хэзээ ч аливаа улс орныг хүч түрэмгийлэн булаан эзлэх, ард түмнийг үй олноор нь хүйс тэмтрэх, үндэсний эв нэгдлийг сарниулах, шашин соёлыг ондоошуулах, устгах санаа зорилго агуулж байгаагүй байна.
Дээрх агуулга нь Чанчунь бомбыг урьсан Чингис хааны заллагын захидалд маш тодорхой дурдагдсан. Тодруулбал, “Хэдий тийм боловч надад оногдсон үйлс агуу, үүрэг хүнд учраас тэр бүхнийг тэгшлэн засахуйд алдас гаргахаас нэн ч сэргийлэн
хичээнгүйлнэм.
Завь онгоц үйлдэж, залуур сэлүүрийг урлах нь гол мөрнийг гатлахын тул билээ. Өдгөө миний бие эрдэмтэн мэргэдийг залж, авьяастан чадвартныг түшихийг хүсэж буй нь дэлхий дахиныг амирлуулахын төлөө болой” гэсэн үгэнд гүн бат шингэснийг харж болно.
Мөн Монголын их эзэн хаан олон удаагийн дайн тулалдаанд ялагдсан дайсныхаа өнчин хоцорсон хүүхэд багачуудыг эхдээ өргүүлэн өсгүүлдэг байснаар бусдыг энэрэн, халамжлах соёлыг цэргийн бүрэлдэхүүн дунд бий болгожээ.
“Монголын нууц товчоо”-ны 138 дугаар зүйлд “Өэлүн эх, мэргидийн олж авсан Хүчү нэрт хөвүүн ба тайчуудын бэсүдийн нутгаас олж авсан Хөхөчү, Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жүрхиний нутгаас олж авсан Борохул энэ дөрвөн
хөвүүнийг гэртээ асарч байв.
Өэлүн эх хөвүүддээ “Эднийг өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгоё” гэж өгүүлжээ. Хэрэв Монголын эзэнт гүрний хаадууд эзлэн түрэмгийлсэн улс орон, ард түмний эсрэг тагнан турших, хорлон бусниулах хэрцгий үйл ажиллагаа явуулсан бол өш санасан улс орнууд дахин тэмцэж, монголчуудад дэлхий дахинд 140 гаруй жил амар амгалан тогтоох боломжийг хэзээ ч олгохгүй байсан биз. Үүний өөр нэг баталгаа нь 1946 онд НҮБ-ыг үүсгэн санаачлагчид 1206 онд Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны сонгож байсан хөх тугны адил өнгийг сонгосон явдал байв.
Олон газарт хөх өнгө нь бүгд ижил тэгш эрхтэй байх, хууль дүрэм бүгдэд адил үйлчилж байхын бэлэг тэмдэг болдог билээ. Энэ нь Чингис хааныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдээгүй, түүний цэрэг дайн, тагнуулын ажиллагаа нь дэлхий нийтэд амар амгалан тогтооход чиглэгдэж байсныг шууд бусаар нотлоход нөлөөлөхүйц тайлбар болно.
Түүнчлэн Их Монгол Улс хүчирхэгжин, эзэнт гүрний хэмжээнд хүртэл тэлж өргөжсөнөөр дэлхий дахинаа шинэ дэг журам тогтоож, соёлын шинэ өрнөлийг эхлүүлсэн нь хүн төрөлхтний түүхэн олон соёл уулзан огтлолцох, зэрэгцэн орших,
үйл явдал болсон билээ.
Чингис хааны байгуулсан гавьяа дараах түүхэн ач холбогдолтой юм. Үүнд, Нэгдүгээрт, Өрнө Дорныг холбосон хуурай болон далайн зам бий болгосон. Хоёрдугаарт, Христийн болон исламын шашин Дорно зүгт дэлгэрэхэд нөлөөлсөн.
Гуравдугаарт, газар зүй, одон орон судлал, мэргэ төлөг, тооны ухаан, газрын зургийн технологийг өрнөдөд дэлгэрүүлсэн.
Дөрөвдүгээрт, Өрнө Дорнын хооронд соёлын болоод эдийн засгийн солилцоог түргэтгэснээр дэлхийн ирээдүйн хөгжлийн үйл явцыг өөрчилсөн. Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний соёлын хөгжлийг урагш ахиулахад түлхэц өгч, дэлхийн соёл иргэншлийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээв. Ийм учраас АНУ-ын “Вашингтон пост” сонин 1995 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы суут хүн” хэмээн зарласан байна.
Үүнээс үзэхэд, Чингис хааны тагнуулын нөлөөллийн үйл ажиллагаа нь дэлхийн хэмжээнд бусад улс орон, тэдгээрийн соёлд нөлөөлөхгүйгээр өндөр түвшинд зохион байгуулагджээ.
Чингис хаан, түүнийг залгамжлагчдын дайны болон тагнуулын ажиллагаа дэлхийд амар амгалан байдлыг тогтооход чиглэж байсан тухай олон баримт бий. Тухайлбал, монголчууд дэлхийн анхны алан хядагч байгууллагатай тэмцсэн явдал хамгийн сонирхолтой үйл явдалд тооцогдоно. Тодруулбал, Хасан ибн Сабах гэгч 1094 онд исламын шашны хамгийн хатуу чиглэлийн нэг исмайлитын урсгалыг үүсгэн байгуулж, нэр нөлөөгөө өргөтгөхийн тулд амиа золиослогч буюу ассассинуудыг бий болгосон байна.
Энэ үеэс эхлэн 14 исмайлитын шашны тэргүүн, ассассинуудын захирагч нууц эздийг “Уулын өвгөд” хэмээн Европ дахинаа нэрлэж заншсан аж. Тэд хөгжлийнхөө оргил үед 360 гаруй цайз бэхлэлтээ Каспийн тэнгисийн эрэг хөвөөний цавчим уулсын тагт, өрнөд Персийн уулархаг бүс өнөөгийн Иран, Ирак, Сири, Ливаны нутгийг дамнуулан байгуулсан байна. “Уулын өвгөд”-ийн суудаг “Бүргэдийн үүр” хэмээн алдаршсан Аламутын цайз нь эгц гүнзгий жалга, хавцлууд, мөсөн гол, цавчим өндөр даваануудаар хаагдсан Эльбрусийн уулсын тагт байцыг эзлэн байрлаж, исламын ертөнцийг тэр чигт нь аймшигт автуулах
болжээ.
“Уулын өвгөд”-ийн хорлонт ажиллагааг Чингис хаан Хорезмд хийсэн аян дайныхаа үед анх мэдсэн аж. 1237 он гэхэд монголчууд бүх Төв Азийг эзлэв. Перс орон бүхэлдээ тэдний мэдэлд орсон ч ассассинуудын 100 орчим уулын хэрэм хяналтаас гадуур байжээ. Монголчууд Хорезмыг эзэлсэн 1219-1250 оны хооронд ассассинууд харьцангуй чөлөөтэй байж. Гэвч Чингис хааны ач хүү Мөнх хаан Халифатын нийслэл Багдадыг эзлэн Исламын газар шороог бүхэлд нь мэдэлдээ авсан байна.
Энэ бүс нутаг дахь монголчуудын эрхшээлтэй тэмцэхээр ассассины тэргүүн Мөнх хааныг хөнөөх баг илгээхэд монгол цэргүүд тэднийг илрүүлж устгаснаар бүх хэрэг эхэлжээ. Энэ үеэс Мөнх хаан тэднийг нэг мөсөн дуусгахаар шийдсэн ажМөнх хаан өөрийн дүү Хүлэгүг Персэд илгээхдээ хоёр гол даалгавар өгсний нэг нь исмайлитуудыг ямар ч үнээр хамаагүй даран сөнөөхийг тушаасан байна.
Монголчууд хэдий үе үедээ хүч чадалтай явсан ч дангаараа “Уулын өвгөд”-ийг дарах нь хүнд зорилт байсан тул Хүлэгү Ираны захирагч нарыг эрх сүрээр далайлган, хамсаатнаа болгон авчээ. Ийнхүү хүчээ бэхжүүлсэн Монголын цэргүүд исмайлитын хот суурин, цайз бэхлэлтүүдийг бүтэн гурван жилийн турш шат дараалан дайран эзэлсээр, “Бүргэдийн үүр” хэмээх “Уулын өвгөн”-ий байрладаг Аламутын гол цайз бэхлэлт рүү 2500 шилмэл цэрэг илгээсэн байна.
Уг цайзыг 500 ассассин, 2000 цэрэг хамгаалж байсан боловч олон дайн, тулаан үзэж хатуужсан Монголын дайчид цайзын ханыг хэд хэдэн газраар сэтлэн нэвтэрч, шийдсэн ассассин цэргүүдтэй амь өрссөн тулаан өрнүүлжээ. Эзэн захирагчийнхаа төлөө үхлийг юман чинээнд эс тоодог ассасин цэргүүд амиа зөвхөн үнэтэй өгөхийг бодон, ширүүн эсэргүүцэл үзүүлсэн байна.
Энэ үед монголчууд гадагш хэнийг ч гаргахгүй нягт хүрээлэн, дотогшоо хумин тулалдсаар, тэднийг толгой дараалан устгасан аж. Монголчууд их хааны зарлиг ёсоор “Уулын өвгөн”-ийг заавал амьдаар барих ёстой тул цайзыг дээрээс доош нэгжсэн боловч олж чадаагүй байна. Харин нүсэр цайзын доод давхаргаас сүүлд нь цэвэрхэн царай зүс, хувцас эдлэлтэй 100 орчим этгээдийг бөөнөөр олзолж, хороохыг завдсан байна.
Энэ үед тэдний дундаас нэгэн настайвтар хүн босч ирээд, “Эднийг бүү хороогооч. Би “Уулын өвгөн” Хуршах байна. Эд нар цөмөөрөө миний хүүхдүүд юм” гээд, эцэст нь өөрийгөө илчилсэн аж.
“Уулын өвгөн”-ийг амьдаар олзолж чадсан монголчууд эмс хүүхнүүдийг ялгаад, бусдыг нь хүйс тэмтэрч, уулын тагт цайзуудыг цөмийг нураан, газартай тэгшилжээ. Олзлогдсон Хуршахыг Хүлэгү хааны тушаалаар 1257 оны 3 дугаар сард Мөнххаанд хүргэхээр Хархорум руу авч явах замд “Уулын өвгөн” монгол цэргүүдийг ховсдож, эрхшээлдээ оруулахыг оролдсон нь амжилтгүй болж, улмаар сэлмээр цавчуулан үхжээ.
Дурдсан үйл явдлаас дүгнэхэд, тухайн цаг үед “Уулын өвгөн”-ийг ялан дийлэх цэрэг дайчидтай улс орон Монголоос өөр байгаагүй байна. Хэрэв монголчууд ассассинуудыг устгаагүй бол тэд дэлхийн хүн амд ямар их хохирол хэдий хугацаанд учруулах байсныг таахад бэрх юм.
Энэ бол дэлхий дахинаа энх тайвныг сэргээн тогтоож, улс хоорондын харилцаанд амар амгаланг эрхэм болгосон бодит алхмын түүхэн үлгэр жишээ болно. Уг тулаан бол монголчуудын дайн, тагнуулын үйл ажиллагаа хүн төрөлхтний амар амгалан аж төрөхөд заналхийлж буй улс орон, гэмт байгууллагын эсрэг чиглэгдэж байсныг илэрхийлсэн чухал баримт юм.
Чингис хаан Монголын амар амгалангийн талаар өгүүлэхдээ “Эргэн тойронд ёс бус олон хаан байна. Тэд эрх дураар аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүний амийг элс хийсэхтэй адил үзэх болжээ. Иймээс би тэднийг номхотгож, дэлхий нийтээр энх төвшин болгох бодолтой байна.
Миний баясах нь юу хэмээвээс энэ дэлхийд нэгэн гэр бүл мэт болж, энх амгалан тогтох явдал. Учир нь, нэгэн хүн төрөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүн болж төрсөн бүх хүнд тустай. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доод амьтанд өршөөл” хэмээн хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ тодорхойлон хэлсэн нь бий.
Үүний дагуу Чингис хаан бусад улс орон, ард түмний эсрэг харгис, хэрцгий үйл ажиллагаа явуулсан этгээдүүдийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч байжээ. Тухайлбал, харьд дүрвэн гарсан Найманы Таян ханы хүү Хүчүлүг Хар Киданы засгийн эрхийг булаан авч, лалын мөргөлтнүүдийг элдвээр харгислаж, хамба лам Ала-ал-Динийг сүмийн хаалганд тэлж хадан, амь насыг нь бүрэлгэсэн байна.
Улмаар тэндэхийн ард иргэдийг тэвчихийн аргагүй байдалд оруулсан тул Чингис хаан Зэв жанжнаар удирдуулсан цэргээ илгээж, шударга ёсыг тогтоолгосноор Хамаг Монгол Улс Хорезм улстай хил залгах болжээ. Мөн Чингис хаан өөрийнх нь
элчүүдийг зэрлэгээр хөнөөсөн Сартуул улстай 1219 онд дайтахаар мордсон байна.Хорезмтой дайтах цэргийн магнайд Зэвийг, ард нь Сүбээдэйг, түүний хойно Тогучарыг илгээжээ. Тэр үед Чингис хаан “Султан хааны нутгийн гадуур явж, цаана нь гараад, биднийг очиход хамтарч нийлтүгэй!” гэж тушаажээ.
Зэв, Сүбээдэй нар балгасуудыг огт түйвээлгүй гадуур нь гарч одсон байна. Харин тэдний хойноос Тогочар явахдаа хан Мэлигийн хязгаарын хотуудыг дээрэмдэн, тариачдыг олзолжээ.
Хааны зарлиг зөрчиж, энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн явдалд Чингис хаан ихэд хилэгнэн, Тогучарыг буруушаан зэмлэж, цэрэг захирах эрхийг нь хассан баримт “Монголын нууц товчоо”-ны 257 дугаар зүйлд бий. Үүнээс үзэхэд, Чингис
хаан тухайн улс орны иргэдийг бүхэлд нь дайсан гэж үздэггүй, зөвхөн дайн өдөөсөн удирдлага, бусад гэмт этгээдүүдтэй тэмцэж байжээ.
Дээрх мэдээллээс гадна Чингис хааны засаглал шулуун шударга, амар амгалан болохыг үзэж мэдэрсэн бусад орны ард иргэд Монголын эзэнт гүрэнд өөрсдөө ирж, нийлэн нэгдсээр байжээ. Ийн явсаар нэг мэдэхэд түүнийг дагагсад, дэмжин талархагсад үлэмж ихээр нэмэгдсэн байна. Үүнийг Хамаг Монгол Улсад олон улс орон (Уйгар, Хар Кидан /Хятан/, Карлук /Харлаг/, Солонгос зэрэг) дагаар орсон явдал нотолно.
Түүнчлэн Монголын эзэнт гүрний мэдэлд бараг бүх шашны төлөөлөл амьдарч байжээ. Шашин хоорондын тэмцэл, зөрчил түүний эзэнт гүрнийг бутаргах шалтаг болгохоос сэрэмжилж, Чингис хаан бүх соёл, шашинд үндэсний дээд зэргийн хүндэтгэл болон нээлттэй байдлыг үзүүлж чадсан байна.
Мөн төрийн өндөр албан тушаалд зөвхөн монголчуудыг бус, бусад үндэсний хүмүүсийг ч томилж байсан баримт олон бий. Төгсгөлд өгүүлэхэд, Монголын эзэнт гүрний тагнуулын үйл ажиллагааны эрхэм зорилго дэлхийн хүн амын сайн сайхны тулд, орчин үеийнх шиг даяарчилсан нийгэм тогтооход чиглэж байсан аж.
Судлаач Ж.СОЁМБО
Зеленский Зэвсэгт хүчний жанжин штабын даргаа сольжээ
Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд
Наурызын баярын барилдаанд түрүүлсэн бөх автомашин гардана
ҮСХ: Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав
Д.Амарбаясгалан: Хэт өндөр байгаа зарим төрлийн татварын хувь хэмжээг олон улсын түвшинд хүртэл бууруулах хэрэгтэй
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо
1000 хөвгүүний чуулган Монголын хүүхдийн ордонд болно
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна
Хилчдийн дундаас хурандаа цолтнууд төрлөө
Р.Даваадорж: Алт, зэсийн хүдэр нүүрсний алдагдлыг нөхөх ямар ч боломжгүй