Далайн ёроолоор кабель татах роботыг Хятадын компани зохион бүтээжээ
Хятадад зохион бүтээсэн робот далайн салхины эрчим хүчний төслийн хүрээнд далайн гүнд кабель татах анхны ажлаа гүйцэтгэж дуусгаснаар Хятадын далайн гүнд ажиллах робот болон салхин цахилгаан станцуудыг хөгжүүлэлтэд шинэ амжилт боллоо.
Далайн ёроолоор кабель, дамжуулах хоолой тавих зориулалтай “Taurus” гэдэг уг робот энэ оны тавдугаар сарын сүүлчээр Жанжян хотын /Хятадын өмнөд нутгийн Гуандун муж/ эргээс кабель тавьсан гэж роботыг зохион бүтээсэн Гуанжөү хотын “Sealien” компани мэдээлжээ.
Алсаас удирддаг ийм роботууд нь далайн гүн дэх хэцүү орчинд хүмүүсийг ажиллуулах хэрэгцээг арилгаснаар далайн салхин цахилгаан станц барих ажлыг хөнгөвчлөх төлөвтэй байна. “Sealien” компанийг үүсгэн байгуулагч Ма Имин хэлэхдээ, эдгээр робот нь гинжит дугуйтай бөгөөд 500 метрийн гүнд ажиллах чадвартай хэмээн онцолоо.
“Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг 2030 оноос өмнө дуусгавар болгож, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн төвийг сахисан улс” болох зорилт тавиад байгаа Хятад улс нь сүүлийн жилүүдэд далайн салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа ихээхэн нэмэгдүүлээд байна.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл