АУДИТЫН ДҮГНЭЛТ: Нийгэм, эдийн засагт ямар эерэг өөрчлөлт бий болсон нь тодорхойлогдохгүй байна

Aдмин / Эдийн засаг

Төрийн аудитын байгууллагаас “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулсан. Танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням хийв.

УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 9 бодлого, зорилгын хүрээнд 47 зорилт, 243 арга хэмжээтэй хэрэгжүүлэхээр баталсан.

Мөн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан нийт 150 төсөл, арга хэмжээний, ТЭЗҮ зураг төсөл боловсруулах шаардлагатай 98, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 88 төсөл, арга хэмжээний жагсаалтыг тус тус баталсан.

Гүйцэтгэлийн аудитын тайланд Үндсэн чиглэл нь хяналт-шинжилгээ, үнэлгээний 95 шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинтэй батлагдсан ч үндсэн чиглэлд тусгасан 243 арга хэмжээтэй уялдаа багатай байгааг дурдлаа. Тодруулбал, 243 арга хэмжээнээс 108 нь шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингүй байгаа нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж дүгнэжээ.

Аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” 67.7 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн байна. Мөн үндсэн чиглэлийг боловсруулахдаа хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу боловсруулаагүй нь төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжихгүй байхад нөлөөлсөн гэж дүгнэсэн.

Улмаар гүйцэтгэлийг бодитой үнэлэхэд хүндрэл учруулж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг бууруулсныг танилцуулав.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тодорхойлсон зорилго, зорилт, арга хэмжээний хүрээнд 2021-2024 онд нийт 21.7 их наяд төгрөг зарцуулсан ч нийгэм, эдийн засагт ямар эерэг өөрчлөлт бий болсон нь тодорхойлогдохгүй байгааг дүгнэлтэд онцолжээ.

Аудитын дүгнэлтэд үндэслэн Үндэсний аудитын газраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээнд хууль, журам, аргачлалд заасны дагуу судалгаа, тооцоо, үнэлгээг иж бүрэн хийх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр бий болох үр нөлөөг тодорхойлж, түүнд чиглэсэн зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхой төлөвлөн, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, тооцоо, судалгаанд үндэслэн бодитой, хэмжигдэхүйц, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах байгууллагыг тодорхойлж боловсруулахыг тусгажээ. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогч талууд болох Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Сангийн яамны хуулиар хүлээсэн чиг үүргийг хангуулахыг зөвлөсөн байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

балжир [43.242.241.154] 2025-03-20 11:41:03

тэр мэдээж

Зочин [103.57.92.143] 2025-03-20 10:26:06

долларын ханш өсөж байна, мөн зарим барааны үнэ өсөж байна ... өөр ямар ч өөрчлөлт байхгүй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.