С.Эрдэнэ: Эрх мэдэлтнүүдийн ар гэрийг аврах нь чухал уу? Нийт ард түмнээ аврах нь чухал уу?
Ардчилсан намын зүгээс өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэн 10 ишлэлийг онцлон хүргэж байна.
Ишлэл 1. Дэлхий нийтэд түгсэн цар тахлын асуудлаар бид байр сууриа илэрхийлэх ёстой. Өнгөрсөн гурван сарын хугацаанд дотооддоо хөл хорио тогтоож, олон ААН-үүдээ барьлаа. Үүнийг Ардчилсан нам янз бүрийн байдлаар буруутгаж, шүүмжлээгүй. Гэвч цар тахлын бодит аюулыг дотоодоос биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Ишлэл 2. Гадаадад байгаа иргэдээ оруулж ирж байгаа нь нэг талаараа зүй ёсны асуудал мэт боловч, Монголд байгаа гурван сая иргэний эрүүл, аюулгүй байдал, амь насны баталгааг хангах нь өнөөгийн Төр, засгийн үндсэн үүрэг. Гэтэл өнөөгийн эрх баригчид аюулгүй байдлыг хангах асуудалд бэлэн байна уу. Тэд онгоцоор ирж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан уу. Эргэлзээтэй олон мэдээлэл ирж байгаад маш их харамсаж байна.
“МОНГОЛЧУУДЫН АМЬ НАСААР ДЭНЧИН ТАВЬСАН УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООВОЛ ЯАСАН ЮМ БЭ”
Ишлэл 3. Энэ халдварыг нэг алдвал барих боломжгүй. Асуудал улам хүндэрнэ. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүнийг эмнэлэгт хүлээн авах боломжгүйг Эрүүл мэндийн сайд өөрөө албан ёсоор мэдэгдлээ. Монголчуудын амь насаар дэнчин тавьсан улс төрийн үйл ажиллагаагаа зогсоовол яасан юм бэ.
Ишлэл 4. Хэвлэл мэдээлэл, цахимаар эх оронч, гоё, сайхан сэтгэгдлүүдийг бичиж байна. Үүнд маш их хөрөнгө зарлагадаж, маш их хүн хүч ажиллуулж байгаа. Монголчуудын нийтлэг эрх ашгийг дээдлэх ёстой юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдлэх ёстой юм уу гэдэгт анхаарал хандуулах цаг болсон. Шууд хэлэх юм бол эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүү, амраг саданг аврах нь чухал юм уу, нийт ард түмнээ аврах нь чухал юм уу. Хариуцлага ярих цаг болсон.
Ишлэл 5. Монгол Улсын Засгийн газар иргэдийг хуурсан, төөрөгдүүлсэн, тархи толгойг нь угаасан үйл ажиллагаа явуулдгаа одоо зогсоо. Өчигдөр Засгийн газар шийдвэр гаргаад хэрэглээний зээлийг гурван сар хүртэлх хугацаагаар хойшлуулсан. Энэ нь зээлийг ямар нэгэн байдлаар хөнгөлсөн, чөлөөлсөн асуудал биш. Энэ бол хуримтлагдсан өр үүсгэж байгаа явдал.
Ишлэл 6. Дэлхий нийтээрээ ажлын байраа хадгалах, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах тал дээр онцгой анхаарал хандуулж байна. Гэтэл Монголын Засгийн газар яагаад дүлий дүмбэ юм шиг суугаад байна вэ. Ажлын байр хадгалах асуудал онцгой чухал асуудал мөн үү гэвэл мөн. Үүн дээр Монголын Засгийн газар бодитой алхам хийхгүй байна. Маш олон ААН-үүд хаалгаа барихад бэлэн байна. Доод тал нь 200-300 мянган хүн ажилгүй болох бодит эрсдэл бий болчихлоо. Ийм цаг үед асуудлыг ярих ёстой.
УЛС ТӨРИЙН ӨНГӨ АЯСААР АСУУДАЛД ХАНДАХ ЭРХ ХЭНД Ч БАЙХГҮЙ
Ишлэл 7. Өнөөгийн эрх баригчдыг өмөөрсөн, хамгаалсан сурталчилгаа, ухуулга хийдгээ боль. Бодит байдалтайгаа эвлэр. Бодит үнэнийг ард түмэндээ бодитоор нь ярь. Эрсдлийг бид зөв тооцох ёстой. Улс төрийн өнгө аясаар асуудалд хандах эрх хэнд ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.
Ишлэл 8. Коронавирусын цар тахлын аюулыг арилгах тал дээр дэлхий нийтээрээ ажиллаж байна. Тэр дундаа Монголчууд энэ халдварт вирусын эсрэг хүч, бодлогоо нэгтгэх нь дамжиггүй. Улс орон болгон эдийн засгийн аюулгүй байдлаа тооцож байна. Энэ тал дээр манай улс зөв тооцож чадаж байна уу гэдэгт бид бодит дүгнэлт хийх ёстой.
Ишлэл 9. Олон зуун мянган хүний орлого байхүй болж байна. Дахин нэг сар өнгөрөхөд энэ нийгмийн амьдрал юу болох вэ. Бидэнд тийм бэлтгэл байгаа юу. Тийм учраас ажлын байраа хадгалах асуудал нэн тэргүүний асуудал. Ажлын байраа дагаад бодит орлоготой байх нөхцөлийг хангах нь чухал.
Ишлэл 10. Хариуцлагагүй, улс төрийн “попорсон” алхмуудаа эрх баригчид зогсоо. Гурван сая монголчуудын эрх ашиг чухал юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн ах дүү, амраг садангийн аюулгүй байдлыг хангах асуудал чухал юм уу, Төрийн өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг байдаг юм бол тэр үүрэг хариуцлагаа хүлээх цаг болсон шүү.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө