"ЭТТ" ХК: Нүүрсний үнэ буурсан нь Хятадын эдийн засагтай шууд холбоотой

Aдмин / Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга нар болон ТУЗ-ийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр (2025.02.20) чөлөөт уулзалт зохион байгуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулав.

Тус компан өнгөрсөн 2024 онд Монгол Улсын нүүрсний экспортын 36 хувийг, татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлжээ.

Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн 2021-2022 онд Ковид-19 цар тахалтай холбоотой тээвэр болон хилийн боомтын саатлаас шалтгаалж хөөсөрсөн үзүүлэлттэй байсан бол 2022 оны сүүл, 2023 оноос хойш тасралтгүй буурсан байна.

Энэ нь нэг талаас хөөс арилж байгаатай, нөгөө талаас БНХАУ-ын барилгын салбар зогсонги байдалтай буйгаас шалтгаалж гангийн эрэлт муу байгаатай холбоотой аж.

Хятадын Ганцмод боомт дээрх түүхий коксжих нүүрсний үнэ 2024 оны эхэнд тонн тутамдаа 224 ам.доллар байсан бол 12 удаа унаж, 2025 оны эхэнд 125 ам.доллар болж, 44 хувиар буурчээ.

2025 онд нүүрсний үнэ оны эхний хагаст бууралттай байх бол үүнээс хойш тогтворжиж, улмаар хоёрдугаар хагасаас бага зэрэг сэргэх (оны эхний түвшнээс 15-20 хувиар) хандлага давамгайлж байна.

Ирэх 2026, 2027 онуудад харьцангуй тогтвортой байх бол 2028 онд өмнөх онтой харьцуулахад 17 хувиар өссөнөөр үнэ буцаад өсөлтийн цикл рүү шилжих хандлага давамгайлж байгаа ажээ.

Монгол Улс нүүрсний экспортын гарцаа нэмэгдүүлэх, гуравдагч улсын зах зээлд нүүрсээ экспортлох яриа хэлцэл хийж эхэлсэн байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төлөөлөл “Нүүрсний үнэ буурсантай холбогдуулан бид илүү уян хатан, зөв бодлого барьж байж өөрсдийн нүүрсний борлуулалт, экспортын тогтвортой байдлыг хангах нь чухал” гэж онцлов.

"Эрдэнэс Тавантолгой" ХК Замын-Үүд-Эрээний хилийн боомтоор нүүрс экспортлохоор судалж байгаа аж. Тус компанийн төлөөлөл “Нэгд, Хятадын зүүн хойд мужийн гангийн болон эрчим хүчний зах зээл рүү ойртоно. Хоёрдугаарт, Биржийн тухай хуулийн дагуу зөвхөн Монгол Улсын хилийн боомтоор зарж байна. Бид Хятадын далайн эргийн хойд боомтууд руу зарах боломжийг зайлшгүй судлах ёстой.

Түүнчлэн эцсийн хэрэглэгч болох гангийн үйлдвэрүүдтэй харилцаа тогтоох, тэдэнд шууд нийлүүлэх боломжийг судлах шаардлагатай. Мөн Энэтхэг улсын гангийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх тооцоолол байна. Иймд бид гуравдагч улсын зах зээлд нүүрсээ экспортлох яриа хэлцлийг хийгээд явж байна” хэмээн хэллээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог “Манайх нүүрсээ БНХАУ руу нийлүүлдэг. Тус улс 4.7 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Энэ нь дэлхийн нүүрс үйлдвэрлэлийн 50 хувь юм.

Манай “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс экспортолсон. Хятад улс жилд 4.5 тэрбум тонн нүүрсний хэрэглэдгээс манай улс нийтдээ 70 сая тонн нүүрс экспортолсон. Энэ тоог та бүхэн харьцуулаад хараарай.

Нүүрсний үнэ буурсан нь Хятадын эдийн засагтай шууд холбоотой. Учир нь Хятадын эдийн засаг 1978 оноос хойших өөрчлөлт шинэчлэлээс хойш үргэлж 6-7 хувьтай өсөж байсан бол одоо таван хувьтай хүрэхгүй байна.

2008 оны эдийн засгийн хямралын дараа Хятадын засгийн газар дэд бүтцийн томоохон төслүүдийг ихээр хийж гүйцэтгэсэн. Олон хурдны зам, байшин барилга барихад ган ихээр шаарддаг байсан. Одоо энэ хэрэгцээ багассан.

Түүнчлэн Хятад, АНУ-гийн худалдааны дайнтай холбоотой. Хятадын гангийн экспортод АНУ 20 хувийн татварын тариф ногдуулсан. Ингэснээр Хятадын гангийн экспорт буурах магадлалтай. Хятад улсын гангийн үйлдвэрлэл нь 1 тэрбум тонн байдаг. Ингэхээр гангийн үйлдвэрлэл 10 хувь буурахад л манай нүүрсний үнэд нөлөөлж байгаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн манай нүүрсний үнэ буурч байгаа асуудал биш юм. Хятадын дотоодын нүүрсний үнэ ч буурч байна.

Монгол Улс Хятадын зах зээл рүү нүүрсээ экспортолж, валютын орлогоо олж, эдийн засагт хувь нэмрээ оруулах ёстой. Өмнөх жилүүдэд эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан учраас нүүрс үнэд хүрч байсан.

Одоо Хятадын өөрсдийнх нь нийлүүлэлт эрэлтээсээ давчихаад явж байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа үнэ буурч байна. Энэ нөхцөлд бид экспортын хэмжээгээ нэмэгдүүлж, хэрхэн валютын орлогоо тогтвортой байлгах вэ гэдгээ бодох ёстой” гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

МОНГОЛ [202.9.47.13] 2025-02-20 15:12:43

Толгойгүй юм шиг тэгээд үнэ унахаар өмнөхөөсөө ихийг зараад гаргаад, 16 жилээр гэрээ хийгээд бай л да. Тэр төмөр зам холбоход нүүрс ер нь ямар хамаа байдаг байнаа. Төмөр замаа л 16 жил ашиглуулна биз!

Зочин [202.9.47.68] 2025-02-20 14:36:51

Худлаа шааж байгаа юм. Өмхий хятадууд монголын түүхий эдийн зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр авдаг. Одоогоос зуун жилийн өмнө хятадууд монголын малын түүхий эдийг маш хямд үнээр аваад хятад улсдаа өндөр үнээр борлуулж баяждаг байсан түүхтэй.

Тэгээд 3 дагч улсууддаа зараачдээ. [66.181.160.64] 2025-02-20 14:53:15

Тэгээд малаа, махаа, нүүрсээ хятадуудаас цаашаагаа гаргаад солонгос, япон, вьетнам, энэтхэг, иран, афгануудад аваачиж зараачдээ. Тэгээд л хүссэн өндөр үнэндээ хүргээд зараачдээ. Хятад боогоогүй ш дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.