БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна

Aдмин / Улстөр

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн шөнө 22:00 цагийн үед дайны үеийн онц байдал зарласан.

Онц байдлын хугацаа хэдхэн цаг үргэлжилсэн боловч энэ нь Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд зогсохгүй эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдах гол шалтгаан болсон юм.

Мөн уг хэргээс болж Өмнөд Солонгосын батлан хамгаалах, армийн хэд хэдэн удирдагч командлагчид гэм буруутайд тооцогдож ажлаа өгч, ял сонсохоор болж байна.

Юн Сок Ёл өнгөрсөн сард баривчлагдсан. Өнөөдөр түүний шүүх хурал Сөүл хотын төв дүүргийн шүүхэд 10:00 цагт эхэллээ. Сок Ёлын саатуулагдаж байгаа Сөүлийн цагдан хорих төвөөс Хууль зүйн яамны машин тээврийн хэрэгслүүдийн цуваа хөдөлж төв дүүргийн шүүхийн гадаа ирсэн байна. Аюулгүй байдлыг хамгаалах үүднээс шүүх хурлын байрны гадаа автобустай цагдаа нар ирж хамгаалалтад гаржээ.

Сок Ёл анх удаа эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа шүүх хуралд оролцож байна. Мөн тэрээр Ерөнхийлөгчийн албанд байхдаа эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаж, шүүгдэж буй БНСУ-ын анхны төрийн тэргүүн болж байгаа юм.

Өнөөдөр эхэлсэн шүүх хурлаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж, шийднэ. Сок Ёлын өмгөөллийн баг баривчлах шийдвэрийг хууль ёсны дагуу эсэхийг шалгах хүсэлтийг шүүхэд тавьсан. Шүүгч нар тэдний хүсэлтийн дагуу Сок Ёлын баривчилгаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан эсэхийг хэлэлцэх юм байна. Хэрвээ Сок Ёл гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хамгийн хүнддээ бүх насаараа хоригдох ял сонсож болзошгүй гэж зарим хэвлэлүүд бичжээ. Гэм буруутай гэж шүүгчид үзвэл хамгийн хөнгөндөө хэдэн жилийн хорих ял сонсоно гэж таамаглаж байна. Мөн улс төрийн болоод Парламентын үйл хэрэгт оролцох эрхийг хасах болов уу гэсэн таамаг байна.

Үүнээс гадна Үндсэн хуулийн цэц дээр Сок Ёлд итгэл үзүүлэхээс татгалзаж, үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх саналыг эцэслэн шийдвэрлэх хурал өнөөдөр үдээс хойш 15:00 цагаас эхэлнэ. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн Ерөнхий сайд Хан Дак Су мэдүүлэг өгнө.

Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн арванхоёрдугаар сарын 14-ний шийдвэрийг хэлэлцэж түүний эрхийг сэргээх үү, аль эсхүл Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах уу гэдгийг шийдэх юм байна. Хэрвээ цэцээс Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргавал дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хуулийн дагуу 60 хоногийн хугацаанд явуулах ёстой.

Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хэзээ ч гарч магадгүй. Хэдэн цаг, магадгүй хэд хоногийн дараа ч гарах боломжтой. Өмнө нь импийчмент болж байсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ Үндсэн хуулийн цэцэийн шийдвэрийг 11 хоног хүлээж байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.