Олон улсын "Эко-сургууль, цэцэрлэг" хөтөлбөрийн Үндэсний IX чуулган боллоо

Дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилго, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого болон ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч Олон улсын Эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөрийн Үндэсний IX чуулган 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод Удирдлагын Академийн хурлын танхимд зохион байгуулагдав.
Үндэсний IX чуулганы зорилго нь ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг сургалтын агуулга, арга зүй, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж амжилттай ажиллаж байгаа сургууль, коллеж, цэцэрлэгийн хамт олон, багш, сурагч, удирдах ажилтнуудын манлайлал, оролцоог урамшуулах, тэдний хамтдаа хүрсэн амжилт, туршлагыг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх аж.
Чуулганд Олон улсын Эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөр”-т хамрагдаж буй сургууль, коллеж, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтан, сурагч болон Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Боловсролын Яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн 300 шахам хүн оролцжээ.
НҮБ-ын боловсрол, байгаль орчны төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэхүү хөтөлбөрийг “Хүрээлэн буй орчны удирдлагын ISO14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг олон нийтэд түгээх, эзэмшүүлэх шилдэг туршлага, цогц арга зүй” хэмээн дүгнэж, дэлхийн улс орнууд хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа аж.
Монгол Улсад “Эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөр”-ийг Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв НҮТТБ нь БОУАӨЯ, БЯ, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн; аймгуудын ЗДТГ, Байгаль орчны газар, Боловсролын газар зэрэг шат шатны байгууллагуудын бодлогын дэмжлэгийн дор 2011 оноос эхлэн албан албан ёсны эрхтэйгээрамжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.
2024 он бол Олон улсын эко сургууль хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 30 жилийн ой тохиосон онцлогтой жил билээ. 2024 оны байдлаар Эко сургууль хөтөлбөр дэлхийн 101 оронд хэрэгжиж байна. Үүнээс 79 улс нь Байгаль орчны боловсролын сангийн (FEE) гишүүн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бол 22 улсад олон улсын сургуулиудаар хэрэгжиж буй аж. Тус хөтөлбөрт нийт 59000 сургууль, коллеж, цэцэрлэг хэрэгжиж 1.4 сая сурагч үр дүнг нь хүртэж буй юм байна.
Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрт 380 ерөнхий боловсролын сургууль, 278 цэцэрлэг, 13 техникийн болон мэргэжлийн боловсролын сургууль хамрагдаад байгаагаас 2024 онд дараах сургалтын байгууллагууд Олон улсын “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж олон улсын болоод үндэсний нэр хүндтэй гэрэгэ, өргөмжлөлийн болзлыг хангажээ. Үүнд:
- “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг-4, Ерөнхий боловсролын сургууль-4, Мэргэжлийн боловсролын сургууль-1, политехник коллеж-1;
- “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг-9, Ерөнхий боловсролын сургууль-2; Мэргэжлийн боловсролын сургууль-1;
- “Ногоон туг” өргөмжлөлийн болзлыг цэцэрлэг-24, Ерөнхий боловсролын сургууль-2, Политехник коллеж-2 тус тус хангажээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл