БНСУ-д ойн түймрийн улмаас 24 хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын зүүн өмнөд хэсгийн нутагт асаж буй ойн түймэр хүрээгээ тэлж, гарз хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Тус улсын түүхэн дэх хоёр дахь том ой хээрийн түймэр болж байгааг эх сурвалжууд онцоллоо. Түймэр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Санчон хотын нутаг дэвсгэрээс асаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Кёнсанбук-до мужийн Үйсон хот хамгийн их хэмжээний гарз хохирол амсаад байна. Тус хотод байдаг 1,300 жилийн настай эртний сүм шатаж, сүмд хадгалагдаж байсан шашны эд өлгийн зүйлсийг нүүлгэн шилжүүлжээ.

Ойн түймрийн улмаас 24 хүн нас барсан. Энэ нь төдийлөн ойн түймэрт өртөөд байдаггүй Өмнөд Солонгос улсад хамгийн олон хүн түймэрт амиа алдсан тохиолдол болж байна. Амь насаа алдсан хохирогчдын дийлэнх нь 60, 70 орчим насны хүмүүс байна. Мөн гал сөнөөгчид, сайн дурынхан төдийгүй гал сөнөөхөөр ажиллаж байсан нисдэг тэрэгний нисгэгч амиа алджээ.

Үйсон хотын уулархаг бүсэд гал унтрааж байсан нисдэг тэрэг осолдож, нисдэг тэргийг жолоодож байсан нисгэгч газар дээрээ амь үрэгдсэн. Эрх баригчид тус ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна . Түүнчлэн түймрийн үеэр 30 орчим хүн гэмтэж бэртсэн. Тэдгээрийн 12-ынх нь биеийн байдал хүнд байгаа юм. Түймэр суурьшлын бүсэд нэвтэрсэн учраас иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалахын тулд 27,000 иргэнийг албадан нүүлгэн шилжүүлж эхэлсэн.

Энэ долоо хоногийн эхэнд Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх эрх нь сэргэсэн Ерөнхий сайд Хан Дак Сү Өмнөд Солонгос улсын түүхэнд бичигдэхүйц байгалийн гамшиг, ой хээрийн түймэр асаж байгааг мэдэгджээ.

Хүчтэй салхи шуурч, хуурайшил их зэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдал түймрийг хүрээгээ тэлэхэд хүргэж байна. Гёнбук, Андон, Гёнсон, Ёнгян, Санон зэрэг хотуудын нутаг дэвсгэр түймэрт шатаж байна. Одоогоор нийт 17,000 гаруй га талбай түймэрт өртсөний 80 орчим хувь нь зөвхөн Үйсон хотод харьяалагдаж байна.

Өмнөд Солонгосын зүүн эргийн бүс нутагт 2000 оны хавар томоохон хэмжээний ойн түймэр асаж байсан. Энэ үеэр 23,913 га нутаг дэвсгэр түймэрт шатаж байсан нь тус улсын түүхэнд хамгийн их газар нутгаа ойн түймэрт шатаасан тохиолдол юм. Түймрийг унтраахаар хэдэн мянган гал сөнөөгч ажиллаж байна. Мөн гал сөнөөгчдад туслуулахаар армийн 5,000 алба хаагчийг дайчилжээ.

Өмнөд Солонгост цэрэг армийн баазаа байршуулдаг АНУ-ын арми нисдэг тэргүүдээр тусалж байна. Дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй түүхэн хоёр ч газар түймэрт өртөх эрсдэлтэй болсон. Өмнөд Солонгосыг зорьсон аялагч жуулчид хамгийн их очдог Хахо ардын тосгон болон Бёнсан Сеуон гэх газрууд түймрийн эрсдэлтэй бүсэд тооцогдож байна.

Өмнөд Солонгос улсад өнгөрсөн жил хамгийн халуун жил болж байсан. Харн энэ жил хэт хуурай цаг агаар давамгайлж байна. Он гарснаас хойш 244 ойн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 2,4 дахин их байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.