М.Чимэддорж: Худал мэдээлэл бэлтгэж, зохион байгуулалттай түгээдэг бүлэглэлүүд үйл ажиллагаагаа ил тод явуулдаг болсон

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх М.Чимэддоржтой ярилцлаа.
-Хаврын чуулганаар татварын багц хууль орж ирж байгаа. Аж ахуйн нэгжийн албан татварыг бууруулж чадах уу?
-Манай улс бол өндөр татвартай улс орны тоонд орохгүй. Гагцхүү үр ашигтай татварын тогтолцоотой улс уу гэвэл үгүй. Хаврын чуулганаар татварын багц хууль орж ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ өнөөгийн нүүрсний үнэ унасан, улсын төсөв тасрах нь тодорхой болсон энэ үед татвар бууруулах хууль оруулж ирнэ гэдэгт итгэхгүй байна.
Татварын тогтолцооны асуудал дээр хэлэхэд, манай улсын эдийн засагт аж ахуйн нэгжийн татвар нь өндөрсөөд байгаа биш, татварын бус хориг саадаас шалтгаалаад комппаниуд өсөх боломжгүй болчихоод байгаад хамгийн том асуудал байгаа юм. Монголд өнөөгийн татварын орчинд компаниуд ашиг орлоготой, өсч өндийгөөд явж л байсан.
Татвар бол бизнесийн орчны нэг л хэсэг нь. Татвар биш, элдэв тусгай зөвшөөрөл, төрийн нэр барьсан хяналт шалгалт жижиг дунд үйлдвэрлэлийг боомилж байна. Төрийн өмчийн компаниуд зах зээлийг нь булаан авч байна. Төр, төсөв томорсноор бизнесийн үр ашигт тулгуурлан ажилладаг компаниуд биш, албан тушаалтнуудын цүнхний компаниуд гэнэтийн ашиг хийдэг болж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварыг бол харин бууруулах шаардлагатай. Дотооддоо бий болсон нэмэгдсэн өртгийн албан татварыг хоёр дахин бууруулчихвал дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих бодит алхам болно. Цаашдаа татварын бааз суурийг нэмэгдүүлэх ч ач холбогдолтой.
-Иргэд аж ахуйн нэгжүүд татварын дарамтад туйлдаж байна. Татвар бууруулах ямар боломжууд байна вэ?
-Иргэдэд татварын дарамтаас илүү бараа, үйлчилгээний үнийн өсөлт чухал асуудал болов уу. Үнэндээ бараа, үйлчилгээний үнийн өсөлт бол хэт том төсвийн л үр дагавар. Засгийн газар эдийн засагтаа томдчихсон, үрэлгэн төсөв батлуулж зарцуулаад байна гэдэг бол монгол хүн бүрийн халаасанд гараа дүрж, дээрэмдэж байна л гэсэн үг. Бид төсөв батлахаар цөөн эдийн засагчдын бодож гаргадаг нарийн төвөгтэй тооны ухаан гэж харахаа болих хэрэгтэй.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүтээж байгаа баялгийн гуравны нэгээс илүүг Засгийн газар бүтээж, зарцуулж болохгүй гээд тогтчихвол Монгол Улсын эдийн засаг өндийгөөд ирнэ. Харин төсөв бидэнд ямар хувь хүртээх нь үү, улсаас юу үнэгүй өгөх бол гээд хараад суувал Монголын баялагт шунасан сувдаг бүлэглэлүүд хишиг хүртээх амлалт өгч ээлж дараалан төрийн эрх мэдлийг зайдагнасаар, улс орныг цөлмөсөөр л байх болно.
-Нэгэнт яриа маань энэ чиглэл рүү эргэсэн болохоор эдийн засгаас өөр нэг асуулт асууя. Монгол Улсыг автократ засаглалтай улсуудын нэг боллоо гэсэн судалгааны дүн гарсан байна. Манай улсын засаглал ямар байна гэж бодож байна вэ?
-Монголын ардчилал аюулд орж байна. Саяхан ардчиллын баянбүрд гэгдэж байсан Монгол Улс маань өнөөдөр автократ засаглалтай улсын тоонд орж байна. Энэ бол бид, бидний хойч үе, үр хүүхдүүд маань эрх чөлөөгүй амьдарна гэсэн үг. Өнөөдрөөс эхлээд бид ардчиллаа бэхжүүлэх тухай биш, ардчиллаа сэргээн тогтоох тухай ярих шаардлагатай болж байна гэсэн үг.
-Ардчиллаас ухрахад юу нөлөөлж байна вэ?
-Хамгийн том нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл бол ардчилсан төрийн байгуулал үгүй болж байна. Парламент бол мэтгэлцээний талбар байх ёстой. Гэтэл өнөөгийн парламент Засгийн газрын гаргасан шийдвэрийг хууль ёсны болгож өгдөг газар боллоо. Хууль тогтоох, Засгийн газрыг хянах биш, харин Засгийн газрын шийдвэр дээр тамга дарж өгдөг газар болж хувирлаа.
Өөр нэг хүчин зүйл нь төр, төрийн оролцоотой мэдээлэл гуйвуулдаг, хуурамч мэдээлэл түгээдэг байдал хэрээс хэтэрсэн. Худал мэдээлэл бэлтгэдэг, түүнийг нь түгээдэг зохион байгуулалттай бүлэглэлүүд үйл ажиллагаагаа ил тод явуулдаг болсон. Сүүлийн хэдэн жилд тогтмол үйл ажиллагаатай болж, улам эрчимжиж байна. Энэ бол болж буй үйл явдлын үнэнийг гуйвуулдаг, мартагнуулдаг, албан тушаалтныг үүрэг хариуцлагаас мулталдаг аймшигтай ажил.
Мэдээж ардчиллыг сульдааж, эрх баригчдад үйлчилдэг ийм зохион байгуулалттай бүлэглэл байнга үйл ажиллагаа явуулахад их хэмжээний хүн хүч, хөрөнгө хүч шаардагдана.
Хэн ийм бүлэглэлийг санхүүжүүлж ажиллуулж байж таарах вэ гэвэл үр шимээр нь эрх мэдэл дээрээ байгаа хэсэг хүмүүс л байж таарна. Энэ чиглэлээр дэлхий нийтээр “дисинформэшн” гэсэн ерөнхий нэршлийн дор улс төр судлалын хүрээнд олон зуун судалгаа хийгдэж, ардчиллыг устгах аюулт зэвсэг байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа.
Хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх, ардчиллаа хамгаалах талаар үнэтэй зөвлөмжүүд ч гарсаар байгаа. Хамгийн харамсалтай нь зөвлөмжийг дагах биш, бүр эсрэгээрээ судалгаанд гарч буй худал мэдээлэл түгээдэг яг тэр технологиудыг Монголын төр, эрх баригчид ашиглаж байгаа явдал юм.
Гурав дахь том хүчин зүйл нь үзэл бодлоо илэрхийлсэн, хэвлэн нийтэлсэн, эвлэлдэн нэгдсэн, жагсаал цуглаанд оролцсон иргэдийг залхаан цээрлүүлэх, айлган сүрдүүлэх үйл ажиллагааг төр, хууль сахиулах байгууллагуудын оролцоотойгоор, зохион байгуулалттайгаар гүйцэтгэдэг болсон гэж боддог.
Дөнгөж саяхны дуулиан болоод байгаа Ноорог студиэр тогтохгүй олон хүн янз бүрийн зөрчлийн болон эрүүгийн хэрэгт татагдан шалгагдсан. Зарим нь ч ял авсан байх. Ерөөс эрх баригчдад таалагдахгүй үг хэлсэн хэн бүхнийг янз бүрийн хэрэгт шалгадаг боллоо гэх ойлголт нийгэмд түгээмэл болж байна. Энэ бол үзэл бодлоо илэрхийлэхээс, үнэнийг хэлэхээс айдаг болж байна гэсэн үг.
Сүүлийн үед УИХ-ын гишүүд хүртэл бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргахад оролцсон, Засгийн газрын бодлого, үрэлгэн төсвийг шүүмжилснийхээ төлөө олон нийтийн сүлжээнд доромжлуулж, гүтгүүлж байна. Үүнийг нөгөө л худал мэдээлэл бэлтгэж түгээдэг бүлэглэл хийж байна.
Зарим УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хувийн компаниудад хуулийн байгууллагуудын шалгалтууд бөөнөөрөө орж байна гэсэн мэдээлэл ч бий. Энэ бол ардчилсан төрийн байгууллага ажиллах боломжгүй болгож байгаа хэлбэр мөн. Айдастай эрх чөлөө гэж байдаггүй юм.
-Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Евразийн эдийн засгийн холбоо бол бүс нутгийн эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэх зорилготой байгууллага. Бид энэ холбооны гишүүн орнуудтай бүгдтэй нь худалдаа хийхэд газарзүйн хувьд ч, дэд бүтцийн хувьд ч тийм ч давуу талтай биш. Монгол Улс бол Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид илүү ойр улс.
Нөгөө талаас өнөөдөр энэ холбооны гишүүн орнуудын хоорондох худалдааг харвал 97 хувь нь Оростой хийсэн худалдаа, түүний дотроо гуравны нэгээс илүү нь эрдэс бүтээгдэхүүний арилжаа байна. Товчхондоо бараг тэр чигээрээ Оростой хийсэн худалдаа л байна гэсэн үг.
Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцийн энэ холбоонд элсэх нь эдийн засгийн агуулгаараа ач холбогдолгүй. Өнөөдөр яригдаж байгаа асуудлын хүрээнд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах гэж яригдаад буй нь анхаарал татаж байгаа. Чөлөөт худалдааны олон талын хэлэлцээрийг түр байгуулсан жишээ би хувьдаа үзэж байгаагүй.
Аливаа улс орнууд өөр өөрсдийн харьцангуй давуу талтай бараа бүтээгдэхүүнийг экспортлохын тулд чөлөөт худалдааны гэрээ байгуулдаг. Чөлөөт худалдааны гэрээ бол нэг талдаа экспортын зах зээл нээж байдаг бол нөгөө талдаа тодорхой салбаруудыг өрсөлдөх боломжгүй болгодог. Тийм ч учраас бидний өнөөгийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээс гадна ирээдүйд аль салбар маань хөгжих боломжтой, харьцангуй давуу талттай вэ гэдгээ судалж байж, ёстой долоо хэмжиж шийдэх асуудал.
Монголын Засгийн газар яарч байна, “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг болох вий. Ерөөс үндэсний язгуур эрх ашиг гэдэг бол юун түрүүнд хөгжлийн боломжоо тэлж байх явдал юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
М.МӨНХЦЭЦЭГ
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.118] 2025-03-27 13:27:30
Днк
Зочин [66.181.177.136] 2025-03-27 12:24:04
Өрөөсгал байна Гишүүдийн зарим кампанийг шалгахаар ардёилсан тогтолцоо байхгүй болчих уу
Зочин [202.126.89.42] 2025-03-27 11:54:53
татвар дээр их зөв ярьж байна