Э.Цэндбаатар аваргын бүс хамгаалах тулаанаа Мексикийн тамирчинтай хийнэ
МУГТ, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаанаа Улаанбаатар хот хийх гэж байна. Тулаан хоёрдугаар сарын 15-нд “Аса Арена”-д болно.
Э.Цэндбаатарын аваргын бүс хамгаалах тулаанд АНУ-ын тамирчин мэргэжлийн боксод нийт 12 удаа тулалдаан хийж, бүгдэд нь ялалт байгуулж байсан 28 настай Жошуа Орта, Мексикийн тамирчин мэргэжлийн боксод 19 тулаан хийж, бүгдэд нь ялсан 25 настай Жосе Моралес Диаз болон мөн Мексикийн тамирчин, мэргэжлийн боксод 21 тулаан хийснээс 1 удаа ялагдаж, 1 удаа тэнцсэн үзүүлэлттэй 29 настай Родолфиа Салазар нараас тулалдах санал иржээ. Эдгээр тамирчдаас манай тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Родолфиа Салазартай тулалдахаар сонгосон байна.
Монгол Улсад анх удаа болох гэж буй WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаанд 7 улсаас мэргэжлийн боксын чансаа өндөр тамирчид хүрэлцэн ирж, Монголын жин тус бүрийн шилдэг тамирчдын эсрэг тулалдах юм. Эдгээр тамирчидтай Монгол улсаас өөрсдийн жиндээ амжилттай яваа тамирчид тулалдахаар болсон байна.
Тодруулбал 60кг жинд Энх-Амгалангийн Баярсайхан БНХАУ-ын тамирчин Чан Шен-тэй, 58 кг жинд Хархүүгийн Энх-Амар БНСУ-ын тамирчин Хон Жонхүн-тэй, 91 кг жинд Хали Бекнур Киргизстаны тамирчин Токтосун Уулу Бекболсун-тай, 63 кг жинд Бямбацогтын Төгөлдөр Казакстаны тамирчин Баурзан Бекмурзаевтай, 75 кг жинд Отгоонбаатарын Бямба-Эрдэнэ АНУ-ын тамирчинтай, 66 кг жинд Баттөмөрийн Мишээлт Филиппиний тамирчин Эскобиа Майкл гэх тамирчинтай тулалдах юм.
Мөн сонирхуулахад Э.Цэндбаатарын урилгаар МУГТ Нямбаярын Төгсцогт тулалдахаар болжээ. Энэ талаар тэрээр “Н.Төгсцогт ахын карьер дуусах болоогүй. Тэр бол эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа тамирчин. Одоо түүнийг рингдээ эргэн ирэхэд нь ард түмэн нь хамт байгаасай гэж хүсэж байна. Төгсцогт ах миний өмнө тулалдана” хэмээв.
Сэтгэгдэл