Л.Оюун-Эрдэнэ: Цаашдаа улс төрийн хэт популист шийдвэр гаргахгүй, асуудлыг сайн судалж, тооцоо судалгаатай хандах ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Баялгийн сангийн хууль батлагдаад найман сар болж байна. Үндэсний баялгийн сан дотроо гурван данстай байна. Нэг нь Ирээдүйн өв сан өөрөө менежмент хийж, орлогоо арвижуулах боломж энэ хуулиар нээгдсэн.
Иргэдийн хуримтлал буюу Хуримтлалын сан. Иргэдийн хуримтлал төрийн эзэмшлийн стратегийн ордын 34 хувиас бүрдэнэ гээд заасан. Оюутолгой дээр 34 хувь, ногдол ашгаа хүлээж байгаа.
Энэ гэрээний хувьд буюу “Орано”-гийн хувьд агуулгын нэг өөрчлөлт орж байгаа. “Орано”-гийн хувьд ямар нэгэн байдлаар санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр 10 хувиа авна. 24 хувийг нь АМНАТ болон татварын орлогыг дүйцүүлээд 34 хувьтай нь хамт тооцоод, Хуримтлалын сан руу өгнө.
Манайд хэрэгжих уул уурхайн томооохон төслүүд дээр заавал 34 хувь байх уу, үгүй юү гэдэг маргаан гардаг. “Оюутолгой” төслийн гол маргаан энэ байдаг.
“Орано”-гийн гэрээ хийгдээд амжилттай болбол “Оюутолгой” төслийн 34 хувь дээр АМНАТ тооцож сайжруулах боломжтой. Ирээдүйд “Оюутолгой”, “Бадрах энержи”-гийн төсөл биш олон уул уурхайн төслийг хөдөлгөж таарна. Тийм учраас жишиг болох хоёр дахь загвар гарч ирж байна гэсэн үг. 34 хувьтайгаар нэг явсан.
“Орано”-гийн гэрээ болон манай улсын түүхэнд гурав дахь хөрштэй хийж байгаа хоёр дахь хэлэлцээр. Өмнөх гэрээн дээр гарсан сургамжид үндэслээд 34 хувийнх нь 10 хувийг нь авч үлдээд 24 хувийг нь АМНАТ болон татварын орлогыг нь Хуримтлалын санд байна гэдэг агуулга явж байгаа учраас Үндэсний баялгийн сангийн тухай хууль орж ирж байна.
Ирээдүйн өв сангийн хувьд 2030 он хүртэл хуулиар түгжээтэй байгаа. 2030 оноос цаашдаа АМНАТ-ийн 65 хувийн хэдэн хувь нь орон нутагтаа хэдэн хувь нь Хуримтлалын сан, хэдэн хувь нь Хөгжлийн сандаа төвлөрөх вэ гэдгээ 2030 оноос цааш төслүүдээ олгон болговол ярилцах боломжтой.
1072 хувьцаа яагаад үүссэн бэ гэвэл улс төрийн амлалтаас үүссэн. Нэг нам нь 1.5 сая төгрөг, нөгөө нам нь 1 сая төгрөг амалсан учраас мөнгө өгөх хэрэгтэй болсон. Нийт иргэддээ хувьцааг хуваагаад тоо нь 1072 гарсан.
Нэг удаагийн улс төрийн шийдвэр урт хугацаандаа асуудал дагуулдаг юмаа гэдгийн жишээ энэ. Цаашдаа улс төрийн хэт популист шийдвэр гаргахгүй, асуудлыг сайн судалж, тооцоо судалгаатай хандах ёстой. Ил тод ярилцаж явах ёстой.
Эл төслөөр санал хураах ёстой байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул дараагийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Сэтгэгдэл