О.Батнайрамдал: Стратегийн орд төрийн нийтийн өмч юм бол өгөөжийн дийлэнх нь ард түмэнд очих ёстой

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, 460 сая тонн нүүрстэй Ухаа худагийн ордыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн, “Энержи ресурс” компанид үнэгүй өгсөн талаар УИХ-ын дарга асан З.Энхболд шүгэл үлээсэн. Та энэ асуудлаар нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн байсан. Хоёулаа энэ талаар ярилцъя?
-Энэ маш чухал сэдэв. Үүнийг зөв тайлбарлахгүй бол зөвхөн “Энержи ресурс”, “Ачит-Ихт” гэсэн хоёрхон компанитай ордоо булаацалдаад байгаа хэрүүл юм шиг харагдаад байна. Яг үнэндээ үүний ард маш том агуулга яваад байгаа юм. Хамгийн гол нь эхлээд ойлгох асуудал нь, Монгол Улс асар их байгалийн баялагтай, түүнээсээ орлогынхоо дийлэнхийг бүрдүүлж байна. Дараагийн 30 жилд энэ хэдэн ордоосоо, уул уурхайн баялгаасаа орлогоо олж амьдрах нь ойлгомжтой. Гучин жил явж ирсэн энэ бүх том “зодоон”, үе үеийн Засгийн газрын, улс төрийн тогтворгүй байсан шалтгаан гэвэл бүгд дахиад уул уурхайн баялгийн хоорондын маргаан зөрчилдөөн явж ирсэн байхгүй юу. Өнөөдөр бид түүнийг эцэслэхээр явж байна гэсэн үг.
-Тавантолгойн бүлэг орд, тэр дундаа стратегийн ач холбогдолтой орд гэдэгт асуудлын гол байгаа шүү дээ?
-Тийм ээ. Энэ бол Үндсэн хуулинд тодорхойлсон тодорхойлолт шүү. Тэрнээс хэн нэгэн гарч ирээд, энэ стратегийн орд гээд хэлээд байгаа юм биш. Үндсэн хуулийн 6.2 дээр стратегийн орд гээд тусгачихсан байдаг. Тэр дотроо хамгийн үнэ цэнэтэй, сор болсон орд нь Тавантолгойн бүлэг орд юм. Энэ орд 8 тэрбум тонн батлагдсан нүүрсний нөөцтэй. Төрийн санхүүжилтээр хайгуул хийгдсэн том орд.
Энэ нь дараагийн 30 жилд Монгол Улсын орлогын эх үүсвэр байсаар ч байх болно. Үүнийг бид зөв голдрил руу нь оруулж байж цаадах далд эдийн засаг нь байхгүй болно. Улс төрөө ч тогтвортой байлгах гол нөхцөл бүрдэх юм.
-Одоо Тавантолгойн бүлэг ордод хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байгаа билээ?
-“Эрдэнэс Таван толгой” гээд төрийн өмчит компани бий. Нийт ордын 85.6 хувийг эзэмшиж байна. “Энержи ресурс”, жижиг “Тавантолгой”, “Хангад эксплорэйшн” гэсэн дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж бид бүгд мэдэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК томорсоор байгаад өнөөдөр Монголын гол орлогыг бүрдүүлдэг болсон байна.
“Энержи ресурс” 100 хувь хувийн өмчит, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарсан, Монголын уул уурхайн салбарын хамгийн том орлогыг бүрдүүлэгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсан шилдэг компани болтлоо хөгжиж чадсан. Өнөөдөр хоёр зүйл ажиглагдаж байгаа юм.
Нэгдүгээрт, улс төрийн маргаан яваад байна. Хоёрдугаарт, эдийн засаг сүүлийн таван жил нэлээд өссөн. Өнөөдөр Монгол Улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэгд орж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2019-2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр аваад үзвэл бараг 50 гаруй хувийн буюу маш өндөр өссөн үзүүлэлттэй гэсэн үг.
-Эдийн засаг өсөөд байна гэж мэдээлж байгаа боловч яг бодит амьдрал дээр иргэдэд өгөөж нь очихгүй байна л даа?
-Яг 3.5 сая иргэндээ тэр өсөлт хүрсэн үү гэвэл үнэнийг хэлэхэд маш чамлалттай байна. Өнөөдөр инфляци ард түмний нуруун дээр очоод, хуваарилалт ерөөсөө явахгүй байна.
Эдийн засаг өсөөд, төслүүд тэлээд байхад жишээлбэл, яагаад бидний хүнсэн дээр, хүүхдийн боловсрол дээр, эрүүл мэнд дээр тэр өсөлт нь ирэхгүй байна вэ гээд ард түмэн бухимдаад байгаа шүү дээ.
Энэ нь явж явж баялгийн шударга бус хуваарилалттай холбоотой. Уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагт яг ийм асуудал тулгардаг. Бид 2019 онд Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа маш ойлгомжтой заагаад өгчихсөн. Уул уурхай буюу байгалийн баялгаас орлого олдог орон гурван зүйлийг хэрэгжүүлэх ёстой.
Нэгдүгээрт, газрын хэвлийн баялаг. Зэс байна уу, нүүрс байна уу бүгдээрээ төрийн нийтийн өмч буюу иргэдийн өмч гээд заачихсан. Тэр битгий хэл ирээдүйд төрөх хүүхдэд хамааралтай. Тэр нь хувийн компани байна уу, төрийн компани байна уу хамаагүй төрийн нийтийн өмч.
-Хоёрдугаарт нь?
-“Газрын баялгаас орж ирж байгаа орлогыг бид Үндэсний баялгийн сандаа төвлөрүүлнэ” гэж заасан. Үндэсний баялгийн сан гэдэг консепцоор механизмыг нь бид Үндсэн хуулиндаа суулгаад өгчихсөн. Гуравдугаарт, стратегийн орд ашиглахдаа нийт өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох гээд заачихсан.
Тэгэхээр нэг ёсондоо стратегийн бүлэг орд гэхээр Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ хамаарна. Оюу толгой ч хамаарна. Өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэдэг хэрэгжихгүй болохоор ард түмний бухимдал нэгдүгээрт арилдаггүй, улс төр тогтворгүй байдаг асуудал яваад байгаа юм.
-Үүнийг яаж өөрчилж, голдрилд нь оруулах вэ?
-Бид энэ системийг шударга хуваарилалтын механизм руу заавал оруулах ёстой. Энийг хийж байгаа, энэхүү том улс төрийн оролдлого өнөөдөр жишээлбэл, энэ олон хүний уур бухимдлыг төрүүлээд яваад байна гэсэн үг. Тэрнээс энэ нь дан ганц “Энержи ресурс”, “Ачит-Ихт” рүү дайраад байгаа асуудал биш.
Энэ хоёр жишээ байхгүй юу. Яагаад вэ гэхээр энэ хоёр стратегийн ач холбогдол бүхий орд учраас олон нийт, ард иргэд надад ямар өгөөж хүртээх вэ гэдэг чухал. Том зургаар нь авч үзвэл, “Тэг цэгийн эхлэл” хийх хэрэгтэй.
-“Тэг цэгийн эхлэл” гэж юу вэ. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Стратегийн орд гээд төр авах нь ч мэдэгдэхгүй, авахгүй нь ч мэдэгдэхгүй, иргэнд ямар ашиг тустай нь ч мэдэгдэхгүй гучин жилийн турш явж ирсэн. Үндсэн хуулинд нэмэлт ороод байдаг. Яг үнэндээ бодит амьдрал дээр ондоо юм хэрэгжээд яваад байсан. Энийг бүгдийг нь ойлгомжтой болгоод, шинэ 126 гишүүнтэй парламент “Тэг цэгийн эхлэл”-ийг эхлүүлэх ёстой гэж бодож байна.
Стратегийн ач холбогдол бүхий орд гэж байгаа бол яг Үндсэн хуулийнхаа хэрэгжилтийн хүрээнд Баялгийн сандаа яг юу нь очих вэ, хувийн хэвшил нь яг юугаа хийх вэ гэдгийг маш ойлгомжтой болгох ёстой. Олон нийтэд ч байгалийн баялгийн шударга хуваарилалт Баялгийн сан, Хуримтлалын сангаар дамжаад, хэдэн төгрөг болж очиж байна вэ гэдгийг маш ойлгомжтой болгоод, дахин reset хийх буюу эргэлтийн цэг дээрээ ирчихсэн байна гэж байгаа юм.
Хэрвээ бид үүнийг хийж чадвал хөрөнгө оруулалтын илүү тогтвортой орчин бүрдэнэ. Яг шударга хуваарилалт, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх цаг нь одоо мөн. Үүнийг л бид заавал хийх ёстой байгаа юм. Улс төрийн ямар ч акц, элдэв янзын зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Гэхдээ энэ бүхний ард гараад, зөв шударга хуваарилалттай механизмыг хийхгүй бол бидний улс төрийн тогтворгүй байдал, олон нийтийн бухимдал, баян хоосны ялгаа улам томроод, эдийн засаг өсөх тусам улам хэцүүднэ гэсэн үг.
-Та түрүүн уул уурхай дээр хэт суурилсан эдийн засагтайг хэллээ. Монгол Улсын хувьд одоо гол эрсдэл юунд бий вэ?
-Эдийн засаг тэлээд байхад баян, хоосны ялгаа тэр чинээгээрээ улам томроод байдаг аюултай. Яагаад вэ гэхээр, газрын баялгийг эзэмшиж байгаа цөөхөн хэдэн хүн эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг авч, хэт баяжаад, нөгөө хүмүүсийн орлого өсөхгүй, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа учраас бид шударга хуваарилалт заавал хийх ёстой.
Баялгийн сангийн хууль сая л дөнгөж хэрэгжиж эхэлж байна. Урьд өмнө нь яагаад энэ асуудлаа шийдэхгүй байсан бэ гэхээр нөгөө стратегийн орд чинь АМНАТ, татвараараа төсөв гэсэн том сав руу ороод, тэрнээс янз бүрийн хуваарилалтууд хийгддэг. Тэр нь олон нийтэд харагддаггүй.
Төсвөөр дамжаад юу ч болж очиж байгаа юм бэ, мэдэхгүй. Жишээ нь, багшийн цалин болж очиж байна уу, эсвэл зүгээр нэг ширээ болж очиж байна уу бүү мэд. Энэ механизмыг олон улсад хийдэг гол зүйл бол Үндэсний баялгийн сан. Стратегийн орд бол Энержи ресурс, Эрдэнэс Тавантолгой, жижиг Тавантолгой нь ч хамаагүй бүгд ногдол ашгийнхаа 34 хувийг Баялгийн сандаа төвлөрүүлэх хэрэгтэй.
Ингэж төвлөрүүлснээр энэ чинь орон сууц болно, эрүүл мэнд болон боловсрол болж, хүмүүст шууд очно. Эсвэл “Имонголиа”-гаар харж болно. Баялгийн сангаас яг хэдэн төгрөг ямар компанийн ашиг орлогоос орж ирж байна вэ гэдгийг харж болох юм байна гэдгийг яг үнэндээ олон нийт хүсээд байгаа. Энийг л хийх гэж яваа улс төрийн оролдлого юм.
-Засгийн газар хуралдааны тэмдэглэлээр “Энержи ресурс”-т стратегийн чухал ордоо өгсөн нь Үндсэн хуулиа зөрчсөн хэлбэр мөн үү?
-Тухайн үед улс төр юу болоод, яагаад тийм шийдвэр гарсныг мэдэхгүй байна. Тэр үед улс төрд байсан хүмүүс хэлэх байх. Нэг ёсондоо стратегийн ордыг эзэмших дээр чиглэл өгсөн Засгийн газрын тэмдэглэл гарчихсан. Энэ тэмдэглэлээр стратегийн ач холбогдол бүхий ордыг УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр шууд шийднэ гэдэг асуудалтай л гэж миний хувьд үзэж байгаа юм.
Түүн дээр хууль зүйн дүгнэлт гарах ёстой. Тэр нь УИХ-аас юм уу, эсвэл хөндлөнгийн хууль зүйн мэргэжлийн дүгнэлт. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үү, эсвэл хуулийн дагуу хийсэн зүйл үү гэдгийг тодорхойлох ёстой.
-Та энэ маш ноцтой асуудал учраас хяналтын сонсгол хийх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Миний хувьд энэ ер нь хууль эрх зүйн хувьд зөв үү, буруу юу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт гаргуулах ёстой, тэр битгий хэл сонсгол хийх ёстой гэж бодож байгаа юм. Зөвхөн “Энержи ресурс” гэлтгүй, бүх стратегийн орд дээрээ. Яагаад сонсгол хийх вэ гэхээр бид Үндсэн хуулиараа олон нийтээ стратегийн ордыг ашиглах талаар, байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар мэтгэх эрхээр нь хангах ёстой гэж заасан. Тэр эрхийг хангах хамгийн сонгодог арга бол сонсгол.
Стратегийн орд нь нэгэнтээ л төрийн нийтийн өмч юм бол өгөөжийн дийлэнх нь ард түмэнд очих ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн, сонсгол хийх ёстой гэж үзэж байгаа юм. Яаж Үндсэн хуулийн 6.2 амилах вэ гэдэг дээр бүгдээрээ ерөнхий сонсгол хийж, нэг ойлголт авъя гэж байгаа юм. Үүнийг би зарчмын хувьд зөв гэж бодож байна.
-Та бидний амьдарч байгаа хот агаарын бохирдол ихтэй. Шахмал түлш хортой нь батлагдсан ч иргэд түлсээр байна. Нүүрсний сонсголоос ер нь үр дүн гарсан уу?
-Ерөнхий сонсголоор бид ерөнхий л мэдээлэл авч байна. Одоо хяналтын түр сонсгол хийгээд, хэдэн төгрөг юунд зарцуулагдаад, ямар үр дүн гарав гэж буцах эзэнтэй, буух хаягтайгаар ярих хэрэгтэй. Эзэн биегүй, баахан мөнгө зарсан, агаарын бохирдол ийм байдалд хүрсэн гэсэн мэдээллүүд гарлаа. Яг эзэн биетэй мэдээлэл юун дээр гарах вэ гэхээр хяналтын түр сонсгол дээр л гарч ирэх байх.
Нүүрсний сонсгол шиг хяналтын түр сонсгол хийснээр илүү бодитой, илүү үр дүнтэй болох болов уу. Урьд нь шахмал түлш оруулж ирснээр агаарын бохирдол буурсан уу гэвэл буурсан, бид бүгдээрээ амьд гэрч нь. Яг тэрийгээ үргэлжлүүлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, энэ компани яг урьд нь хийж байсан ажлаа үргэлжлүүлж байна уу, агаарын бохирдол бууруулах алхмуудаа авч байна уу, дээр нь хөндлөнгийн хяналтын байгууллагууд байна уу гэдгийг хянах ёстой. Хөндлөнгийн хяналтаараа буцаж тайлан тавьдаг ийм механизм руу орохгүй хаягдах тусмаа л алдаа дутагдал гараад байна шүү дээ. Энийг залруулах ёстой.
Д.ЭРДЭНЭТУЯА
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
Иргэн [66.181.189.38] 2025-02-23 16:16:06
Оюутолгой 34 хувиа өгөөд эхэлсэн шүү Харин алт эрдэнэсээ ялгаж гаргахгүй байна. Их нөөц байгаадаа. Төсвийн мөнгөөр илрүүлсэн ордын 50 хувийг иргэдийн дансанд шууд хийлгэх.хэрэгтэй. Үүнийг эсэргүүцвэл улныханы хувьсгал гарах магадлал өндөр
Зочин [202.126.88.205] 2025-02-23 14:12:34
Yag Venezuela bolloo shuu popuudaa gej
Зочин [66.181.161.53] 2025-02-23 12:28:16
тар хулгайчуудаа чаддаг юм бол оюу толгойгоо буцааж авъя цагаан суврагаа авъя гар нийлсэн хулгайч урвагч манан 126 тар