АХБ-ны 11 дэх Ерөнхийлөгчөөр Масато Канда албан ёсоор томилогдож, ажлаа хүлээн авав

Масато Канда өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 11 дэх Ерөнхийлөгчөөр албан ёсоор томилогдож, ажлаа хүлээн авав.
Канда "Бүс нутгийн хувьд нэн чухал энэ цаг мөчид АХБ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг.
Банкныхаа 69 гишүүн орны итгэл найдвар, нийт ажилтнуудынхаа дэмжлэгтэйгээр би тогтвортой, хүртээмжтэй, бат бэх өсөлтийг бүс нутагтаа цогцлоох АХБ-ны эрхэм зорилгыг урагшлуулахын төлөө тууштай ажиллах болно.
Бүс нутгийн хөгжилд тулгамдаж буй сорилтуудыг бид хамтдаа даван туулж, АХБ бүс нутгийн орнуудын хөгжлийн гол түнш хэвээр байх болно” хэмээн хэлжээ.
Канда нь Масацугу Асакавагаас ажлаа хүлээн авч байгаа бөгөөд түүний үзүүлсэн үлгэр жишээ удирдлага, эхлүүлсэн шинэчлэлийг үргэлжлүүлэх юм. Тэрбээр Олон улсын санхүү, хөгжлийн бодлогын чиглэлээр 40 орчим жилийн туршлага хуримтлуулахдаа ноён Канда зах зээлийн тогтворгүй үеүдэд ч холч ухаантай манлайлал үзүүлж, шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлдгээрээ олонд танигдсан билээ.
Мөн Япон Улсын Сангийн яамны Олон улсын асуудал эрхэлсэн дэд сайдаар ажиллах хугацаандаа санхүүгийн шинэлэг шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлж, зах зээлийг тогтворжуулах бодлогын арга хэмжээг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм.
АХБ-ны Захирлуудын зөвлөлийн дарга Фабио Панетта “Масато Канда АХБ-нд арвин баялаг туршлага, шинэлэг хэтийн төлөвийг авчирч байна. Санхүүгийн нарийн түвэгтэй асуудлуудыг зөв удирдан чиглүүлж, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлсэн түүний амжилтын замнал нь биднийг давуу талдаа тулгуурлан шинэ тутам нээгдэж буй боломжуудыг шүүрэн авахад хөтлөх болно. Түүний удирдлага дор АХБ хөгжиж буй гишүүн орнууддаа оновчтой, үр дүнтэй шийдлүүдийг хүргэнэ гэдэгт би итгэлтэй байна" гэж хэлжээ.
Канда "Би хамт олныхоо хуримтлуулсан мэдлэг, туршлага дээр тулгуурлан, ялангуяа хамгийн их тусламж хэрэгтэй хүмүүст өөрчлөлтийг хүргэхийн төлөө түншүүдтэйгээ нягт хамтран ажиллахад бэлэн байна” гэж нэмж хэлсэн байна.
Мөн "Бид бодит үр дүнд хүргэх прагматик арга хэмжээ авахад төвлөрч, бидний дэмжлэг Ази, Номхон далайн бүс нутагт амьдарч буй хүмүүсийн амьдралыг урт хугацаанд сайн сайхан байлгахад анхаарна" хэмээн тодруулжээ.
Кандагийн томилгоо нь АХБ-ны одоо үргэлжилж буй өөрчлөлт шинэчлэлийг онцолж, хөгжиж буй гишүүн орнуудынхаа хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцүүлэн ажиллах хүчин чармайлтыг харуулж байгаа юм.
Стратегийн өсөлтийн шинэ үе шатыг эхлүүлж байгаа энэ үед түүний манлайлал АХБ-ыг өмнөх үеийн үүх түүх, мэдлэг туршлага дээр нь тулгуурлан, ирээдүйн сорилт бэрхшээлийг шийдвэрлэж, боломжуудыг тосон авахад чиглүүлэх болно.
АХБ-ны Захирлуудын зөвлөл ноён Кандаг санал нэгтэйгээр сонгосон нь түүхэн чухал өөрчлөлтийн үед АХБ-ыг удирдан чиглүүлэх түүний чадварт зөвлөлийн гишүүд итгэл дүүрэн байгааг харуулж байна.
Эдийн засгийн нарийн түвэгтэй бодлогыг удирдаж, олон талт орчинд ажиллах хур туршлагатай ноён Канда АХБ-ыг хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэж банкныхан итгэж байгаа ажээ.
Эх сурвалж: ADB
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл