ЗАСГИЙН ГАЗАР: 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай байхаар төсөлд тусгасан.

Төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бол урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0,8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0,7 их наяд төгрөг нийт 2,3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулахаар болжээ. Үүнд хойшлуулж болох зардлууд буюу тавилга, багаж, техник хэрэгсэл, томилолт, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал зэрэг багтсан байна. Мөн хэрэгжиж эхлээгүй болон зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоох, хойшлуулахаар тусгажээ.

Хөрөнгө оруулалтын хувьд шилжих төслүүдийг хөндөөгүй бол 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтийг хойшлуулах, бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлж үе шаттай хэрэгжүүлэх, зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг бууруулж, хойшлуулах, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувь бууруулахаар тусгасан байна.

Хавдрын эмнэлгийн их засвар болон “Хавдрын эмнэлэг 2” барилгын дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр төсвийн төсөлд нэмж тусгажээ.

Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Үүнд гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны НӨАТ 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50.3 тэрбум, бусад орлого 12.0 тэрбум төгрөгөөр тус тус багтжээ.

Улаанбаатарт нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах асуудлыг судалж эхэлжээ

Нийслэл Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав.

Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 27 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ хурдаараа 2030 он гэхэд 2,5 саяыг давах төлөвтэй байна.

Улаанбаатарын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл ерхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 10 хувийг замын хеделгеенд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцууд, унсэн сан, замын тоос шороо, ил задгай хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн жилүүдэд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч зорьсон үр дүнд хүрч чадаагүй байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын CO2 хүлэмжийн хий ялгаруулалтын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс 30,7 хувь өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.

Тиймээс нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг тархмал эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу цэвэр эрчим хүчээр солих замаар хүлэмжийн хийг бууруулах олон улсад туршигдсан, дэвшилтэт технологи бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь богино хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нэг арга зам хэмээн судалж байна.

Дэлхийн ихэнх хотууд шингэрүүлсэн нефтийн хий /LPG/-г дулааны эрчим хүчний эх үүсвэрээр сонгож цэвэр, аюулгүй, хүртээмжтэй, хор нөлөөгүй, илүү үр ашигтай болохыг нотолсон. Улаанбаатар хотын гэр хороололд уг төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх боломжтой" гэжээ.

Засгийн газрын хуралдаанаас дээрх танилцуулгатай холбогдуулан нийслэл Улаанбаатар хотод бие даасан тархмал эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс өөр дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний эх үүсвэрээр хангах асуудлыг судалж, танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.