Х.Нямбаатар: S'Outlet дэлгүүрийн буурин дээр 1.5км үерийн далан барих ажил эхэллээ. Наймдугаар сарын 20-нд улсын комисст өгнө
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, S'Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн хамгаалалтын далан барих ажил өнөөдөр эхэлж буйг хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр "Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод гамшиг ослын дуудлага мэдээлэл тасралтгүй өсөж байна. Арван жилийн хугацаанд газар хөдлөлттэй холбоотой 200 дуудлага иржээ. Үүнээс гадна гал, үер усны аюулын дуудлага иргэдээс байнга ирдэг.
Төрийн байгууллага, албан тушаалтны хайхрамжгүй, санаатай үйлдлээс шалтгаалж сүүлийн 20 орчим жилийн хугацаанд голын сав дагуу эрх мэдлээ хэтрүүлж хууль бусаар газар олгодог байсны тод жишээ Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан S'Outlet худалдааны төв.
Сэлбэ голын урсцыг 3.5м хүрэхгүй болтол нь боомилж барилга барьснаас өнгөрсөн жил үер болж олон иргэн, ААН хохирсон.
ААН-үүдтэй хэлэлцээр хийж, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлсэн газар дээр 1.5км урт үерийн далангийн байгууламж барих зураг төсөл хийгдсэний дараа тендер зарлаж "Билгүүн Монгол Констракшн" ХХК шалгараад өнөөдөр үерийн даланг өргөсгөх, бетоноор бэхжүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, ойр орчмын тохижилтыг хийхээр ажилдаа орлоо. Нээлттэй тендер зарлаж байгаа учраас хугацаа орж байна. Шууд гэрээ хийвэл ногоон автобус шиг юм болно. Хийхээр хийлээ гэнэ, хийхгүй болохоор хойшоо суулаа гэх юм, хуулийн дагуу л эхэлж байна.
Үерийн даланг наймдугаар сарын 20-нд улсын комисст хүлээлгэж өгнө. Дунд гол руу эргэсэн хэсгээс эхлээд даланг бэхжүүлэх, өргөсгөх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ гүйцэтгэнэ.
Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдээс үерийн далангаа хурдан барихгүй байна гэсэн гомдол ирсэн. Үерийн даланг бэхжүүлэх, хүчитгэх ажил хоёр сарын дотор хийгдэж дуусна гэдгийг хэлье.
Дэлхийн Банк болон бусад томоохон байгууллагуудад Туул, Дунд, Сэлбэ, Улиастай, Толгойт, Нарангийн голын усыг тосож авдаг хөв цөөрөм байгуулах саналыг хүргүүлсэн байгаа. Ойрын жилүүдэд хийгдэх байх гэж бодож байна. УИХ-ын намрын чуулганаар зээлийн хэлэлцээр яригдана" гэв. Авто зам дагуух ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөсгөх ажлууд хийгдэж байгааг тэрбээр хэллээ.
Сэтгэгдэл
Zochin99 [173.73.40.222] 2024-06-21 07:15:19
Uer ali hediin ehelchiheed bgaa yum bish uu?