Шенгений визийн хураамж энэ сард нэмэгдэнэ
Шенгений визийн төлбөр зургаадугаар сарын 11-ний өдрөөс нэмэгдэнэ гэдгийг Европын комисс мэдэгдсэн. Насанд хүрэгчдийн визийн үндсэн төлбөр 80-90 евро, хүүхдийнх 40-45 евро байсан бол удахгүй 12 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийг Европын комисс гишүүн орнуудын инфляцтай холбон тайлбарлажээ. Гэхдээ визийн төлбөр нэмэгдсэн ч гэлээ бусад улс орны визний хураамжтай харьцуулахад харьцангуй хямд хэвээр байна. Тухайлбал, Их Британид 134 евро, АНУ-д 185 евро, Австрали 117 еврогийн хураамж авдаг.
Шенгений орнуудад Ирланд, Кипрээс бусад Европын холбооны гишүүн орнууд багтана. Румын, Болгар нь Европын холбооны гишүүн орон мөн ч Шенгений дүрмийг хэсэгчлэн хэрэгжүүлдэг учир бүрэн бүрэлдэхүүн хэсэг нь биш юм. Харин Норвеги, Исланд, Лихтенштейн, Швейцарь улсууд нь Европын холбооны гишүүн биш боловч Шенгений бүсэд багтдаг.
Европын комисс гурван жил тутамд визийн хураамжийг дахин үнэлж, үнийг нэмэгдүүлэх боломжтой. Үүнд инфляцийн түвшин болон гишүүн орнуудын төрийн албан хаагчдын дундаж цалин нөлөөлдөг. Энэ удаагийн өөрчлөлтийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд гишүүн орнууд олонхийн саналаар дэмжиж, хоёрдугаар сарын 2-нд үнийн саналыг гаргажээ.
Нэмж дурдахад, Шенгений визийн сунгалтын хураамж 30 евро хэвээр байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл