MEDEE.MN онцлов
О.Баасанхүү: ББСБ-аар мөнгө угаасан 8 тохиолдлыг УИХ-ын гишүүдтэй холбоотой гэж үзэж байна
Өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргасан зээлүүдийг АТГ, УЕПГ шалгаж байгаа. Шалгалтын явцад УЕПГ-аас 3 хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгуулллага, ломбард зэргээр дамжуулан мөнгө угаасан тохиолдлуудыг илрүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад ”Энэ талаар надад УЕП, АТГаас наймдугаар сарын 1,2-ны өдөр албан бичгээр ирсэн. Уг албан бичигт, санхүүжилтэд хамрагдсан иргэн, аж ахуй нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, Хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтантай хамаарал бүхий 11 аж ахуй нэгж байгаа хэмээн тогтоосон. Эдгээр дотор мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор байгууллагуудын дансанд гүйлгээ хийснийг шалгахад өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө оруулсан найман үйлдэл тогтоогдсон гэж байна. Хадгаламж зээлийн хоршоо, ББСБ-ын нэрээр 34 аж ахуй нэгж зээл авсан. Тэр дотор өндөр албан тушаалтан 11 гэхээр мөнгө угаасан 8 тохиолдлыг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой гэж үзэж байна ”гэлээ.
АН-ын зөвлөл Улаанбаатар-Дархан, Налайхын замын ажлын явцтай танилцахыг хүслээ
Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орсны улмаас хот хооронд болон хотын гудамж дахь зам талбай эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, зарим чиглэлийн авто замыг хаах хүртэл арга хэмжээ авч, ажиллаж байгаа билээ.
Иймээс авто замын салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний биелэлтийн явцтай танилцах тухай УИХ гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс албан хүсэлт хүргүүлжээ.
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах загвар, зураг төсөл шалгаруулахаар болжээ
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Ирүүлсэн бүтээлүүдийг 2019 оны 08 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.
“Өгий” нуурын амрагчдын байшин шатаж 12 хүн гэмтэн, нэг хүүхэд нас баржээ
Гал түймрийн аюулаас болж иргэн амь насаа алдсан, их хэмжээний хохирол амсах нь буурахгүй байна Тухайлбал Архангай аймгийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин шатсаны улмаас 12 хүн гэмтэж, нэг хүүхэд нас баржээ. Тодруулбал, наймдугаар сарын 4-ний өдрийн 21:50 цагт тухайн байшин шатсан тухай мэдээллийг иргэн "З" тухайн өдрийн 22:10 цагт Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өгчээ. Уг байшинд Булган аймгаас Налайх дүүрэг рүү явах замдаа нийт 15 хүн амарч байсан бөгөөд гал гарсан шалтгааныг урьдчилсан байдлаар тогтооход түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс гал гарсан гэж мэдээлсэн байна.
Цэргийн штабын дарга буудуулсан байдалтай олджээ
Орхон аймгийн Цэргийн штабын дарга Б нь аймгийн захиргааны байранд буудуулсан байдалтай олджээ. Энэ талаарх дуудлага өчигдөр 14.31 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд одоогоор хэргийг шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг ЦЕГ-аас хэллээ.
Налайхын эвдэрч, сүйдсэн замыг засварлаж, хөдөлгөөнийг буцаан нээжээ
Өчигдөр Нийслэлд орсон усархаг борооны улмаас Налайхын замын хэсэг тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон юм. Тиймээс Налайхын товчооноос Баянзүрхийн товчоо хүртэлх замыг түр хугацаагаар хаагаад байсан бол борооны улмаас эвдэрч, сүйдсэн замыг шөнө засварлаж дуусаад буцаан нээжээ. Дашрамд дурдахад наймдугаар сард нийт нутгаар хүчтэй, усархаг бороо орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
“Халхын гол 80 жил” дурсгалын зоос худалдаанд гарлаа
Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зооснууд олон сэдэвтэй бөгөөд түүний нэг нь түүхэн үйл явдлын ойнуудад зориулагддаг бөгөөд энэ жил Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулж, “Халхын гол 80 жил” дурсгалын зоосыг үйлдвэрлүүллээ.
Мөн уг зоостой хамт “Хот мандал хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн “Хот мандал” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаад байна. Дашрамд сонирхуулахад Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод 365 бусад бурхан байх энэхүү дүрслэлийг “Цогт цагийн хүрдэн” хэмээн нэрийддэг байна.
УЦУОСМ: Сибирийн түймрийг унтраахаар үүл буудаагүй
Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар усархаг бороо орж, зарим нутгуудын гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлээд байна. Ийн өдөр өнжилгүй орж байгаа борооны шалтгааныг Сибирийн түймрийг унтраахаар үүл буудсан гэсэн мэдээлэл олны нийтийн сүлжээгээр таамаг төдий нийтлэгдэж эхэлсэн.
Тэгвэл энэ талаар УЦУОСМ Хүрээлэнгээс тодруулахад ”Зургаа, долдугаар сард орсон бороо энэ сард ч мөн үргэлжилж байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа шиг “ОХУ Сибирийн түймрийг унтраахаар үүл буудсан нь манайд нөлөөлж, усархаг бороо орж байна” гэдэг ташаа мэдээлэл. Хэрэв үүл буудаж хур оруулах тохиолдолд тухайн газраас 50 км-ээс цааш борооны үүл замхардаг. Иймд боломжгүй гэсэн үг” гэлээ.
Сэтгэгдэл