“Дотны хамтрагчийн үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн алдагдал 247 сая доллар”
Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүр арваннэгдүгээр сарын 25-наас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) арванхоёрдугаар сарын 10-ны (Хүний эрхийн өдөр) хооронд зохион байгуулдаг. Энэхүү аян нь хамгийн түгээмэл хүний эрхийн ноцтой зөрчил болох охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд анхаарлаа хандуулдаг.
Тус аяныг 1991 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн манлайллын хүрээлэнгийн нээлтийн үеэр хүний эрхийн төлөө ажилладаг нийгмийн идэвхтэнууд анх зарлан эхлүүлж байсан бөгөөд өдгөө хувь хүмүүс, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд болон бусад холбогдох байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн. Аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэгхүчирхийллийг эсэргүүцэн дэлхий даяар дуу хоолойгоо өргөх нөлөөллийн аян болж өргөжин тэлсээр байна.
Монгол орны хувьд 1997 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ анх энэхүү аяныг зохион байгуулж эхэлснээс хойш хүрээгээ улам тэлж, нөлөөллийн үйл ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, Засгийн газар, Элчин сайдын яамд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн Монгол улсад ЖСХ-ийг таслан зогсоох, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болсон билээ.
Монгол дахь ЖСХ-ийн нөхцөл байдал, тоо мэдээ
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хамгийн өргөн тархсан, хүний эрхийн ноцтой зөрчил хэвээр байсаар байна. ЖСХ-ийн тархалтын 2017 оны үндэсний судалгаагаар хамтрагчтай байсан 15-49 насны эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралдаа хүчирхийллийн аль нэг хэлбэртөртөж байсанбол 31.2 хувь нь дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртөж байжээ.
Түүнчлэн 15 наснаасаа хойш эмэгтэйчүүдийн 14 хувь нь бусдын зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бол 10.7 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр, 2024 оны эхний 9 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 4.5 хувь, (22 байсан бол 23 болсон) хүнд гэмт хэрэг 20.2 хувь (109 байсан бол 131 болсон), зөрчлийн тоо 24.3%-иар (7517 байсан бол 9343 болсон) тус тус өссөн үзүүлэлттэй байна.
2024 оны 1-9 сарын хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 37 нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байруудаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3041 үйлчүүлэгч авсан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувь (2,730 байсан) өссөн байна. Эдгээрийн 736 насанд хүрсэн эмэгтэйчүүд, 145 насанд хүрсэн эрэгтэйчүүд, 1231 охид болон 929 хөвгүүд эзэлж байна.
Технологи ашиглан үйлдэгдэж буй ЖСХ (ТАҮЖСХ) нь дижитал цахим орчинд охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлсэн дэлхий дахинд шинээр гарч ирж буй сорилт болж байна. Технологийн хурдацтай дэвшил бидэнд тоолж баршгүй боломжуудыг олгож байгаа хэдий ч эрсдэлийг мөн дагуулсаар байна. Дэлхий дахинаа охид, эмэгтэйчүүдийн 38% цахим орчны хүчирхийлэлд өртөж, 85 хувь нь үүнийг гэрчилсэн байна.
Үйлдэгдэж буй хэлбэрүүдийг авч үзвэл бусдын талаар хуурамч мэдээлэл түгээж, хилсээр гүтгэх (67 хувь), цахимаар дээрэлхэх (66 хувь), бусдыг үзэн ядсан үг хэллэг бүхий бичвэр нийтлэх (65 хувь), бусдын хувийн мэдээллийг хулгайлан янз бүрийн зорилготойгоор хууран мэхлэх (63 хувь), өөрт ашигтай мэдээлэл олж авах зорилгоор хэн нэгний компьютерын системд зөвшөөрөлгүй халдах,
дагаж мөшгих (63 хувь), зохион байгуулалттайгаар хор хөнөөлтэй агуулгыг нэгэн зэрэг хуваалцах (58 хувь), видео болон зураг дүрс ашиглан дарамтлах, заналхийлэх (57 хувь), өш хонзонгийн сэдлээр бусдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй олон нийтэд мэдээлэх (55 хувь), хүчирхийллийн заналхийлэл (52 хувь), бусдын зөвшөөрөлгүй бэлгийн сэдэлтэй контент агуулга (43 хувь) тус бүр эзэлж байна.
ТАҮЖСХ-ийн тоо мэдээ хязгаарлагдмал байгаа ч Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас харахад 15-49 насны Монгол охид, эмэгтэйчүүдийн 98 хувь нь ухаалаг утас эзэмшиж, интернет ашиглаж байгаа нь энэ бүлгийнхэн цахим орчны дарамт, шахалт, бусад ТАҮЖСХ-ийн хэлбэрт өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг харж болохоор байна.
ЖСХ-ийн хохирогч, даван туулагчдын дунд тусламж эрэлхийлэх хувь бага байсаар байгаа нь урт хугацаандаа гарах сөрөг үр дагаварыг нэмэгдүүлж, мэдээлэхгүй байхад хүргэж байна. Бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 26.5 хувь нь энэ тухайгаа хэнд ч мэдэгдээгүй байдаг. Энэ талаар хэн нэгэнд хэлсэн эмэгтэйчүүдийн 36 хувь нь найздаа, 32.9 хувь эцэг эхдээ, 31.4 хувь нь бусад хамаатан садандаа хэлсэн бол 8.3 хувь нь бусдын зүгээс үлйдсэн хүчирхийллийг цагдаад мэдээлсэн байна.
ЖСХ охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт ихээхэн нөлөөлж, сөрөг үр дагавар авчирч байна. Дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн алдагдал 247 сая ам.доллар буюу 601.2 тэрбум төгрөг байсан нь 2017 оны ДНБ-ны 2.2 хувьтай тэнцэж байв. Энэ нь олон улс үндэстний бага боловсролын тогтолцоонд хуваарилдаг мөнгөн дүнтэй дүйцэж байна.
Хууль тогтоомж, институцийн шинэчлэлээр ЖСХ-ийн асуудлыг шийдвэрлэхэд гарсан Монгол Улсын ахиц дэвшил, тулгамдсан асуудлууд. Монгол Улс ЖСХ-тэй тэмцэх хууль тогтоомж, институцийн тогтолцоог бий болгох, хүний эрх, жендэрийн тэгш байдлын талаарх дэлхий нийтийн гэрээ конвенцид нэгдэж, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиудыг баталсан билээ.
Гэсэн хэдий ч одоогийн хууль тогтоомж нь гэр бүлийн хүчирхийллийг голчлон авч үздэг бөгөөд ТАҮЖСХ гэх мэт бусад хэлбэрийн хувьд хязгаарлагдмал заалттай байгаа.
Одоогоор ямар ч хууль эрх зүйн орчинд эмэгтэйчүүд, охидыг цахим дарамт, ТАҮЖСХ-ээс хамгаалах заалт байхгүй. ЖСХ-ийн хариу арга хэмжээ авах механизмууд хэдийнээ бий болсон байгаа хэдий ч урьдчилан сэргийлэх хөтөлбөр, суурь шалтгааныг арилгахад чиглэсэн төлөвлөгөө, санхүүжилт хязгаарлагдмал хэвээр байна.
ЖСХ-ийн хариу арга хэмжээний хүрээнд захиргааны тоо мэдээлэл цуглуулах ажил хийгдэж байгаа хэдий ч Монгол улсад гарч байгаа хандлагыг хянах зорилгоор хүн амд суурилсан, хууль тогтоомжоор тогтоосон, тогтмол хүн амд суурилсан бэлгийн хүчирхийллийн тархалтын судалгаа дутмаг байна.
ЖСХ-тэй тэмцэхэд шаардлагатай захиргааны тоо мэдээллийг цуглуулж байгаа ч Монгол Улсын ерөнхий чиг хандлагыг хянах зорилго бүхий системчилсэн, хуулиар тогтоосон, хүн ам зүйд суурилсан ЖСХ-ийн тархалтын судалгаа дутмаг байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.11] 2024-11-25 07:47:04
Багадаа сэтгэлийн шарх авсан хүмүүс насанд хүрээд хүчирхийлэгч болдог.
Зочин [103.212.118.19] 2024-11-24 21:22:03
Сайтар хүмүүжүүлэх нь зөв дадалийг хүн болгон төлөвшүүлэх үүрэгтэй болгож өсгөнө.
Зочин [103.212.118.19] 2024-11-24 21:20:34
Жендерт суурилсан хүчирхийлэгч хүмүүс нийгэмд хор уршиг учруулж байна. Эрэгтэй хүн болгоныг бага наснаас нь зөв чанд хариуцлага тооцох ёстой.