Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг
Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалангаас тодрууллаа.
-Асрах үйлчилгээний эрх зүйн орчин өнөөдөр ямар байна вэ?
-Асрах үйлчилгээ гэхээр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай л бодоод байдаг. Гэтэл өнөөдөр 397 мянган өндөр настан байна. Дөнгөж төрсөн эхийн асаргаа, эмнэлэгт хэвтэж эмчилгээ, үйлчилгээ авч байгаа иргэдийн асуудал ч хамаатай. Монгол Улсад өнөөдрийн байдлаар улсын дөрөв, хувийн найман ахмадын асрах газар, хүүхдийн асрамжийн 29 төв үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ хүртээмж маш тааруу.
Хүүхдийн асрах төвүүдийн ихэнх нь гадны байгууллагын тусламж, иргэдийн хандиваар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд төрөөс зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Асрах үйлчилгээний талаар Монгол Улсын хуульд заалт бий юу гэвэл байгаа. Долоон хуульд нэг, нэг заалт л байдаг.
Үндсэн хуульд, Нийгмийн даатгалын тухай хуульд гэх мэт долоон хуульд ганц ганцхан л заалт байх шижээтэй. Тэдгээр заалтуудаар асрах үйлчилгээний эрх зүйн орчныг тодорхойлох боломжгүй. Тийм учраас УИХ-ын даргын 100 дугаар захирамжаар Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлын хэсгийг байгуулсан. Манай ажлын хэсэг зөвхөн санал, дүгнэлт гаргах биш холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй гэж ойлгож байгаа.
-Ажлын хэсгийн ажлын явцын талаар тодруулбал?
-Бид Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийг боловсруулан 2025 оны хаврын ээлжит чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бид хуралдаж ажлын удирдамжаа баталсны дараа судалгааны ажлаа эхлүүлээд байна.
Хуулийн төсөл боловсруулахын тулд маш сайн судлах ёстой. Эрхзүйн орчин, нийгмийн орчныг судлахаас гадна бусад улс орнуудын хуулиудыг судлах шаардлага байна. Мэдээж төгс хууль гэж байхгүй ч төгсөд хамгийн ойртсон орны хуулиуд, сайн туршлагыг судлах хэрэгтэй.
Бид Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор болон албаны хүмүүстэй уулзсан. Тус сангаас Монгол Улсад болон бүс нутагт хийж байгаа асрах үйлчилгээний талаарх судалгаагаа өгөхөө мэдэгдсэн.
Мөн бид Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл лавлагаа авахаар хандсан. Манай ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Батбаяр, Х.Болормаа, Д.Рэгдэл, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Д.Энхтуяа нарын асрах үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй хүмүүс багтсан.
Мөн УИХ-ын даргын хоёр зөвлөх, УИХ-ын Тамгын газраас томилогдсон зөвлөхүүд ажиллаж байгаа. Түүнчлэн бид Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Асрах үйлчилгээтэй холбоотой Азийн, тэр дундаа Монголын соёл онцлогтой. Хуулийн төсөл боловсруулахдаа энэхүү соёлыг ч авч үзэх учиртай.
-Асрах үйлчилгээ үзүүлж буй хүмүүс ажил хийх боломжгүй, авч буй тэтгэмж нь хаанаа ч хүрэлцдэггүй тухай байнга ярьдаг?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, ахмад настнаа асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоход хуулийн төслийн нэг зорилго чиглэнэ гэж бид үзэж байгаа. Тэдгээр хүмүүст давхар ажил хийх ямар ч боломж байдаггүй. Энэ асуудал хуулийн төсөлд нэг бүлэг болж орж ирэх ёстой.
Асрах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс бараг 24 цагийн турш завгүй байдаг. Гэтэл энэ нь хөдөлмөрийн нэг хэлбэр мөн. Тэдгээр хүмүүс халамжийн 302 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод түвшнээс бараг хоёр дахин бага мөнгө авдаг.
Хэдийгээр халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэхийн тулд халамжийн мөнгө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байх ёстой гэдэг зарчим байдаг ч хүн асарч буй хүний хийж буй ажил цаг наргүй байдаг. Тиймээс энэ асуудлыг хуулийн төсөл боловсруулахдаа далайцтай авч үзэх ёстой юм.
Ажлын хэсгийн ахлагч, эрх зүйч хүний хувьд энэ асуудлаар бизнес эрхлэгчид, төрийн байгууллагынхан, судлаачидтай уулзаж байна. Өнөөдөр Монгол Улсад 880 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч хэд нь иргэдийнхээ төлөө буюу хүн төвтэй байна вэ гэдгийг авч үзэх ёстой. Ер нь олон хууль татвар төвтэй, иргэдийн нуруунд ачаалал үүрүүлж буй нь нууц биш.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг?
-Бид иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Халамжийн үйлчилгээнд зориулан улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийг баталсан. Гэтэл иргэд энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад олгодог гэж ойлгоод байдаг.
Үнэндээ халамжийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн дээрх мөнгөний 1.6 их наяд нь хүүхдийн мөнгө буюу сар бүр хүүхдүүдэд олгодог 100 мянган төгрөг. Энэ бол халамж биш хөгжлийн хөрөнгө оруулалт.
Би энэ асуудлыг Улсын Их Хурлын чуулганы индэр дээр ч, Байнгын хорооны хуралдааны үеэр ч хэлж байсан. Хүүхэд бүрт олгож буй хөгжлийн мөнгө, одонтой ээжүүдэд олгож буй мөнгийг халамжийн мөнгөнөөс салгах нь зүйтэй гэдгийг илэрхийлсээр ирсэн. Ингэж байж жинхэнэ халамж авч байгаа хүмүүсийн тоо бодитойгоор гарна.
Үнэнийг хэлэхэд 397 мянган өндөр настан, 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол бүгд хөдөлмөрлөхийг хүсдэг. Бид Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө боловсруулж, батлуулснаар асрах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс маань ажилтай болно.
Асаргаа авч байгаа хүнээ дэмжсэнээр хөдөлмөрийн чадвар нь сайжирна. Биеийн хөдөлмөр эрхэлж чадахгүй ч зайнаас оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Хуулийн төслийг ийм өргөн цар хүрээтэйгээр харж байна.
Сэтгэгдэл
Angus Levie [167.160.79.34] 2024-11-23 20:08:58
Hi friend, i want to ask u if u need loan , i can give u up to 100k without any questions, fees start from 2%. u can take for long and short term, if u need please contact me My Whatsapp: +353877761357 My phone: +17852122012 My email: [email protected]
зочин [103.57.94.50] 2024-11-22 21:21:32
Цаашдаа ахмадуудын тоо улам бүр ихсэнэ. Иймд ахмад настнуудын асаргаа сувилгааны газруудыг олноор бий болгоосой.
Зочин [103.168.34.169] 2024-11-20 20:04:25
Тусгай зөвшөөрөл энэ тэрийгээ авахад дэмжээд өгмөөр бна арай дэндүү хүнд суртал