Б.Отгонболд: Арвын цэгийг онох мэдрэмж л хамгийн сайхан даа

Aдмин / Спорт

Өнгөрөгч оны төгсгөлөөр “Бөртэ чоно 2023” наадмын шилдгийн шилдэг тамирчин төдийгүй шилжин явах цомын эзнээр шалгарсан Монголын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлах ахлагч Б.Отгонболдтой уулзаж ярилцлаа.

Монголын байт сурын спортод олон анхдагчийн түүхийг ийнхүү бүтээж яваа тамирчин залуу маань Азийн наадмын байт харвааны төрөлд Монголын тамирчдаас анхлан алтан медаль хүртсэн. Түүнчлэн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван ч удаа түрүүлж, 2015 оны дэлхийн цэргийн Их наадмаас холимог багийн төрлийн алт, 2018 оны Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл, Азийн наадмын сорилго тэмцээний хүрэл медальтан тамирчин билээ.

Байт сурынхнаас шилдгийн шилдэг тамирчин, мөн шилжин явах цомын эзэн болсон нь бас нэгэн анхдагч амжилт юм уу даа. Таны хувьд 2023 он амжилт ялалтаар өрнүүн байлаа...

-Амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрлөө. Бүр төсөөлөө ч үгүй байж байгаад “Бөртэ чоно 2023” наадмын шилдгийн шилдэг тамирчин төдийгүй шилжин явах цомын эзэн болсон. Энэхүү нэр хүндтэй наадамд нэр дэвших нь өөрөө нэр төрийн хэрэг байсан болохоор нэг хэсэгтээ л итгэж өгөхгүй байсан шүү. Монголын хамаг л шилдэг тамирчид хуран чуулсан тэрхүү наадамд гаргасан амжилтыг минь өндрөөр үнэлж, сайшааж магтсанд нь маш их талархаж, урам зориг авсан. Энэ жил бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулах, тун хариуцлагатай үе.

Тэгэлгүй яах вэ, олимпын жил шүү дээ. Та Ханжоугийн Азийн наадамд түрүүлсэн төдийгүй “Парис 2024” олимпын эрхээ авсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал байсан.

-Тамирчин хүний эрхэм дээд зорилго бол тив, дэлхийн тэмцээн уралдаанд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа мандуулж, Монгол гэдэг нэрийг цуурайтуулахад л оршдог. Нэг зорилгоо биелүүлсэндээ баяртай байгаа. Одоо миний хувьд олимп л эн тэргүүний зорилго болоод байна даа.

Азийн спортын наадмын үеэр олимпын медальт Такахару Фүрүкава, Тан Чи Чун нарыг дараалан ялсан Монгол залуу дэлхий нийтийн анхаарлын төвд орсон талаар спорт сонирхогчид бахархан шуугьсан. Ер нь даваа ахиж, бариа ойртох тусам танд юу бодогдож байсан бэ?

-Бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэл маш сайн байсан болохоор ер санаа зоволгүй, гүйцэтгэл өндөртэй харвасан. Хоёр дахь өрсөлдөгч маань миний хамгийн хүндэтгэж явдаг Японы тамирчин Фүрүкава байсан. Тэр Лондон, Токиогийн олимп болон дэлхийн аваргын медальтай мундаг тамирчин. Түүнтэй таарч 5:1-ээр хожигдож яваад 5:5-аар тэнцэж, нэмэлт сум харвахад Фүрүкава ес, би 10 онооны байг онож ялсан. Дараа нь Токиогийн олимпоос багаараа мөнгөн медаль хүртэж, хувиараа IV байрт шалгарсан Дэлхийн аварга, Дэлхийн цомын медальтай Тайваны тамирчин, мөн Дэлхийн цомуудын медальтай, Жакартагийн Азийн наадмын хүрэл медальт Индонезийн тамирчныг ялж, аварга болсон.

Ер нь байт сурыг хэдийнээс сонирхон хичээллэж эхлэв ээ?

-Анх 2009 оны 2 дугаар сараас байт сураар хичээллэж эхэлсэн. “Алдар” спорт хорооны багш дасгалжуулагч нар Баянзүрх дүүргийн сургуулиудаар явж байгаад манай 53 дугаар сургуульд ирж, байт сурын спортоор хичээллэхийг санал болгосноор хичээллээд үзье гэж бодсон. Анхандаа бүтэн жил резин татаж зогсох, гүйх, биеийн хүчний бэлтгэл хийх зэрэг нь жаахан уйтгартай байсан. Тэгсээр 2010 оноос харваж, анхны тэмцээндээ орж, урам зориг авч, эргэлт буцалтгүйгээр дурласан даа. Анх 200 гаруй хүүхэд шалгаруулж авснаас одоо хоёр нь л тамирчин болж үлджээ. Би ер нь зорилго тавьсан бол тууштай явдаг, зарчимч зантай хүн. Таалагдсан учраас эцсийг нь хүртэл явна гэж шийдсэн. Уг нь багаасаа инженер болно гэж боддог байсан. Тэгээд ч 2013 оноос ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геодезийн ангид элсэн суралцаж байсан. Харин 2015 оноос улсын шигшээ багт дуудагдаж, амжилтууд маань бага багаар ахисан учир спортоо сонгох уу, мэргэжлээ сонгох уу гэсэн салаа замын уулзварт ирж, эцэст нь спортоо сонгосон. Яваандаа мэргэжлээ ч сольж, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш-дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Ингээд байт сураа бүр амьдралын зорилго, утга учир, мөн чанар болгоод явж байна даа.

сонин mn

Тамирчны амжилтад олон хүчин зүйл нөлөөлдөг байх. Тэр дундаас гэр бүлийн дэмжлэг чухал биз? Танайхан хэр спортлог гэр бүл вэ?

-Манайханд спортын хүн байхгүй ээ. Харин ээжийн минь аав үндэсний сурын спортын мастер, аавын минь аав хоёр дайнд оролцсон мэргэн буудагч байсан. Тэгэхээр удмын юм байж магадгүй ээ. Би аав ээж, хоёр ахтайгаа хамт амьдардаг. Ээж минь хоол унд, бэлтгэл сургуулилтын минь ард “асаалттай танк” шиг байдаг хүн. Өглөө эртлэн босоод цай, хоолыг маань бэлдэж, орой ядраад ирэх бүрийд халамжлан угтдаг юм. Аав маань намайг 2010 онд анх тэмцээнд орох үеэс дагаж явсаар байтын спортод хайртай болсон төдийгүй бүр Улсын шүүгч болчихсон. Хөрөнгө мөнгө, санхүүгийн асуудал гарахад хоёр ах минь тулах багана, түших хана болдог. Тэднийхээ бэлэглэсэн гурван нумаар олон ч амжилтыг авчирсан даа. Сая “Бөртэ чоно 2023”-ын шилдэг тамирчин болчхоод хамгийн түрүүнд ээж рүүгээ залгасан. “Ээж...” гээд л хоолой зангираад ярьж чадаагүй. Гэртээ очоод бүгд баярын нулимстай, оргилуун дарсаа буудуулж баяраа тэмдэглэсэн дээ. Хайран дунд л өсөж торниж, хөгжиж байна даа. Амжилт гаргаж л тэднийхээ ачийг хариулахыг хүсдэг.

Та Азийн аваргын тавцанд зогсохдоо ч, “Бөртэ чоно 2023”-ын үеэр ярилцлага өгөхдөө ч уйлж харагдсан. Ийм уяхан хүн үү, ер нь? Танай спорт харин ч сэтгэл зүйн төвлөрөл, хат шаарддаг шиг санагддаг.

-Яг харвах үедээ сэтгэлийн хөдөлгөөн гаргаж болдоггүй. Харвасны дараа бүх юм дуусчихсан болохоор өөрийгөө чөлөөлж байгаа нь тэр. Азийн олимпоос алтан медаль авчхаад Төрийн дуулал эгшиглэж байхад сэтгэлийн хөдөлгөөнгүй байж болохгүй биз дээ? Миний өрсөлдөгчид сайн байсан, би ч өндөр гүйцэтгэлтэй харвасан болохоор эрхгүй л нулимс мэлмэрсэн. Ер нь би аавыгаа дуурайсан уяхан хүн л дээ. Харин ээжээсээ аливаад талархах сэтгэлийг өвлөж авсан болов уу.

Талархах сэтгэл гэснээс таны амжилтын суурийг тавьж өгсөн хүмүүстээ энэ ташрамд сэтгэлийн үгээ уламжилж болно шүү...

-Тэгэлгүй яах вэ, анхны багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Ганзориг, Ө.Цэрэнмядаг нар маань миний хоёр дахь аав ээж л гэсэн үг. Суурийг минь маш сайн тавьж өгсөн болохоор өдий зэрэгтэй амжилттай явна даа. Мөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Нарантуяа, Ю.Ганзориг нар болон “Алдар” спорт хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний олимпын хороо, Байт харвааны холбоо, гэр бүл, төрөл төрөгсөд, байтын харвааг дэмждэг ард түмэндээ талархлаа илэрхийлье. Миний амжилт та бүхэнтэй салшгүй холбоотой.

сонин mn

Байт сурын спортын онцлог юу вэ?

-Маш их таашаал мэдрүүлдэг сайхан спорт шүү дээ. Байны гол 10-ын цэгийг онох л хамгийн сайхан, маш том сэтгэлийн таашаал өгдөг. Хувь хүнээс маш тайван, тууштай, мятрашгүй байдлыг шаарддаг. Энэ спортоор хичээллэсэн 15 жилийн хугацаанд шантрах үе олон гарсан ч надад нэг тийм шазруун зан байдаг болохоор даваад гардаг. Байт харваа тулааны спорт шиг өрсөлдөгч тамирчинтайгаа хүрэлцэхгүй, зөвхөн нумтайгаа л ажилладаг учир миний өрсөлдөгч бол би өөрөө. Сэтгэл зүй төдийгүй мэдрэмжид тулгуурладаг спорт учраас өөрийгөө аль болох тайван байлгахыг хичээдэг. Жаахан догдолчих юм бол гар салганаад, техникийн алдаа гаргахад хүрдэг. Харвах үед догдлох нь тодорхой. Догдлолоо дарахын тулд амьсгал дээрээ л төвлөрч ажилладаг. Нэг гүнзгий амьсгаа аваад, аажуухан гаргаж тайвширдаг. Бас олимпын эрх авахын төлөө багаараа хичээх хэрэгтэй болдог учир баг хамт олонтойгоо нэг цул болохыг хичээж бэлтгэл, сургуулилтаа базаадаг.

Та нарын барьж буй нум багагүй жинтэй юм. Тэгэхээр хүч чадал, хурц хараа, дээр нь сэтгэл зүйн төвлөрөл чухал юм шиг ээ.

-Бидний нум 3 кг орчим жинтэй, татаад тавих үед 22 кг-аас дээш болчихдог. Өдөрт би дунджаар 300 сум харвалаа гэж бодоход хамгийн багадаа 6 тонн гаруй ачааллыг биедээ авч байдаг. Гадаа талбайн тэмцээн уралдаан, бэлтгэл, сургуулилтын үед талдаа 70 метр, хоёр талдаа 140 гаруй метр алхдаг. Хамгийн багадаа л 5 км алхана гэсэн үг. Тиймээс тамирчин тэсвэрийн булчингуудаа хөгжүүлэх, тэвчээртэй, тайван, тогтвортой сэтгэл зүйтэй байх ёстой. Ер нь далан метрийн зайнаас мандарины хэмжээтэй арван онооны цэгийг ононо гэдэг өчнөөн жилийн хөдөлмөр, уйгагүй бэлтгэл, сургуулилтын үр дүн шүү дээ.

Та урам зоригоо чухам хэрхэн сэргээж, эрч хүчээ сэлбэдэг вэ?

-Би шантарсан, баяр хөөртэй үеийнхээ мэдрэмжийг байнга тэмдэглэдэг. Бас өөртөө урам зориг өгөхийн тулд дэвтэртээ эшлэл үгнүүд бичих дуртай. Таагүй үедээ тэмдэглэлийн дэвтрээ уншихад буцаад сэргэдэг. Тэр бүхнээс “Бусдын чадаагүйг чи чад”, “Хэрэв одоо буугаад өгчихвөл чи ахиад анх эхэлсэн газраа очно. Чи энэ өндөрлөгт хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэж байсан учир бууж өгөх эрх үгүй” гэсэн үгсийг өөртөө олонтоо хэлж, зоригждог. Бас “Тэнгэр чамайг харсан бол зовлон өгч сорьдог. Дараа нь жаргалыг ухааралтай цуг жил жилээр өгдөг” гэсэн үгийг байнга санаж явдаг.

Танд спортын их амжилтыг хүсье ээ. Зорилгоо биелүүлээд олимпын аварга болоод ирэхэд нь дахин баяртайгаар уулзъя.

-За, баярлалаа. Ерөөл бат оршиг ээ.

АМЖИЛТ ГЭДЭГ БАГШ, ШАВИЙН ХАМТЫН БЭЛТГЭЛИЙН ҮР ДҮН

сонин mn

Бид түүний анхны багш “Алдар” спорт хорооны Байт харвааны дасгалжуулагч ахмад Б.Ганзоригтой уулзаж сэтгэгдлээс нь хуваалцлаа.

-Би 1998 онд “Алдар” спорт хороонд тамирчнаар ирсэн. Харин 2009 оноос дасгалжуулагчаар томилогдож, дүүргийн ойролцоох сургуулиудаар явж, анх 200 гаруй хүүхэд элсүүлж, хичээллэж эхэлснээс одоо Б.Отгонболд, Ө.Нэхийт хоёр маань үлджээ. Манай Б.Отгонболд тамирчин хүний хамгийн чухал чадвар болох тэсвэр тэвчээртэй, тууштай байх чанарыг шингээсэн хүн. Аав ээж нь ч хүүгийнхээ амжилтын төлөө бүхнийг зориулж чаддаг хүмүүс. Энэ их чухал дэмжлэг шүү. 1971 онд дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирсан байт сурын дэлхийн аварга Д.Дэмбэрэлээс хойш тавь шахам жилийн дараах шавийн минь амжилт, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шилдгийн шилдэг тамирчин болгосонд багшийн хувьд маш их огшиж, урамшиж хүлээж авсан. Амжилт гэдэг багш шавийн байнгын хамтын бэлтгэл, ойлголцлоос шалтгаалдаг учир бидний хувьд маш том үүрэг хариуцлага оногдлоо гэж ойлгож байна.

Д.ГҮНЖИЛМАА

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

иргэн [66.181.188.177] 2024-01-10 21:31:15

Ёстой л цаанаа нэг байт харвааны тамирчин ийм л байдаг даа гэж бодогдохоор санагдсан олимпод хүлээлт үүсгэж итгэл найдвар хүлээлгэж байгаа нэг төрөл бас тамирчинтай болж байгаад баяртай байна. Монгол цэц харвааны хосгүй түүхтэй атал яагаад тамирчид нь амжилт гаргадагүйн бол гэж гайхаж байтал энэ залуу алмайруулсан шүү амжилт.

Зочин [202.126.88.232] 2024-01-10 18:49:46

Temtseeniig ni uzej baihad ih mundag,.. naidvadtai sanagdaj baisan shuu. Japanuud judogiin avara tamirchdaa uzehed iim medremjtei baidag bolvuu gej bodogdmoor.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.