Шинэ хичээлийн жилд 75 мянга гаруй хүүхэд ЕБС-д элсэн орж байна
Хичээлийн шинэ жилийн ерөнхий боловсролын сургуулийн эхний цагийн хичээл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт видео хичээлээр эхэлнэ. 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 75 100 хүүхэд нэгдүгээр ангид элсэн, нийтдээ 781 мянган сурагч ЕБС-д суралцана. Манай улс энэ онд шинээр баталсан Боловсролын багц хууль, эрх зүйн орчинд анхны хичээлийн жилийг эхлүүлж байгаагаараа онцлог юм.
Тодруулбал, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн, техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиар тус салбарт 5 цогц реформыг эхлүүлж байгаа. Ингэснээр энэ салбарт өрсөлдөх, хөгжих боломж бүрдүүлж, чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих юм.
Шинэчилсэн хуулиар СӨБ, ЕБС-ийн хичээлийн жил 4 улиралтай байх бүтэц баталж, хичээл эхлэх, дуусах хугацааг хуульчилснаас гадна жилийн хугацаанд хичээллэх хоногийн тоог олон улсын стандартад нийцүүлэн 170-185 хоног байхаар шийдээд байгаа.
Түүнчлэн, ЕБС-д томоохон флатформуудыг улсын хэмээнд нэвтрүүлж, хүүхэд, оюутан залуусын сурч хөгжих эрх, хамгаалалд илүү анхаарч, дотуур байр, номын сангийн үйлчилгээний талаар зорилтдоо тусгаад байгааг БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир онцолж байна. Энэ хичээлийн жилд СӨБ-д 302 мянган хүүхэд урьдчилсан байдлаар бүртгүүлээд байгаа, удахгүй нийслэлийн цэцэрлэгийн 2 дахь ээлжийн бүртгэл эхэлнэ. Үүнд одоогоор шинээр 71 мянга гаруй хүүхэд бүртгүүлэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Мэргэжлийн боловсролын сургуульд 22 мянган оюутан шинээр элсэж, нийт 40 мянга орчим суралцагч суралцах бол их дээд сургуульд 147 мянган оюутан сурна. Үүний 25 мянга нь шинээр элсэх юм. Эдгээр урьдчилсан тоог 10 дугаар сарын 15 гэхэд эцсийн байдлаар баталгаажуулах юм.
Улаанбаатар хотод 2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 667 цэцэрлэгт 129 946 хүүхэд суралцах төлөвтэй. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд 384 676 сурагч суралцахаас 35 866 нь нэгдүгээр ангид элсэх юм. Төр, хувийн хэвшлийн сургуульд сурагчийн 288 автобус үйлчилгээнд явахаас 50 нь улсын сургуулийнх аж.
Сэтгэгдэл