ИРЭХ САРЫН 1-НЭЭС УЛСЫН БҮХ ЕБС-ИЙН 5-6 ДУГААР АНГИД "PEARSON ENGLISH" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Есдүгээр сарын 1-нээс үндэсний хэмжээнд төрийн өмчит бүх ЕБС-ийн 5-6 дугаар ангид "Pearson English" англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ хэмээн Pearson байгууллагын албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газраас мэдээллээ.
Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг, сургалтын агуулга нь олон улсын жишгийн дагуу боловсруулагдсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад онцгой анхаарсан, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлогтой байна.
Танхимын сургалтад зориулсан багш болон сурагчдад зориулсан сурах бичиг, дасгал ажил, даалгаврын ном болон англи хэлний унших, сонсох, бичих, ярих ур чадварыг сайжруулах бүрэн хэрэглэгдэхүүнтэй.
Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна, харин сурагчид багшийг даган хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой аж.
Английн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид англи хэлний шилдэг платформыг нэвтрүүлнэ хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байв.
Уг хөтөлбөрийг 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын бүх сургуулийн 5-6 дугаар анги, 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын бүх сургуулийн 3-4 дүгээр анги, 2025-2026 онд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхийг мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл