Э.Энхтөр: Уран бүтээлд оролцсон олон хүний ”сэтгэлийн дуудлага” байсан

Aдмин / Энтертайнмент

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнуудад хурдтай тархаж буй шинэ коронавируст халдвараас хамтдаа сэргийлэхийг уриалсан монголчуудын дуу хоолой болж нэгэн шинэ дуу мэндэллээ. “FREEZONE” хамтлагийн ахлагч, МУСТА Э.Энхтөр “Амьдрах аль эсвэл эс амьдрах” хэмээх энэхүү дууны үг, аяыг зохиожээ. Удахгүй гарах уг дууны клипт салбар салбарын 40 гаруй хүн оролцож дээрх уриалгыг үзэгчдэд хүргэх аж.

image

-Дууны санаа хэрхэн төрсөн түүхээс яриагаа эхлэх үү?

-Дууны санаа төрсөн түүх тун энгийн. 2020 оны эхээр урд хөршид нүүрлэсэн энэ гамшигт тахал манай эх оронд орж ирээд байна. Бидний цөөн монголчууд яах вэ? Нэгэнт аюул бидэнтэй нүүр тулбал бэлэн байна уу? Шаардлагатай үед аюулыг хамтдаа даван туулах хангалттай сэтгэлийн хат, ухаан, зориг, тэвчээр, эв нэгдэл бидэнд байна уу? Уран бүтээлийн гол санаа эдгээр асуултаас төрсөн.

- Тэгвэл та дуугаараа хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ?

-Ямар ч хүнд зовлон бэрхшээл, “байгалийн давагдашгүй хүчин” зүйл тулгарсан ч итгэлээ алдаж болохгүй. Итгэл хамгийн сүүлд мөхдөг гэдэг. Дууны шүлгийн хувьд, байгалийн хүнд ширүүн үзэгдлийг өнөөдөр тулгараад байгаа гамшигтай адилтган зүйрлэх хэлбэрээр бичсэн. Амьдрал баян учир бүх зүйл үргэлжилж байгаа. Чиний, миний хүсэл мөрөөдлийг юу ч зогсоож чадахгүй. Тийм ч учраас бид “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж сургадаг ард түмэн. Яг одоогоор “эв нэгдэл” хамгийн чухал болоод байна. Энэ бүхэн хүмүүст хүрвэл уран бүтээлийн маань зорилго биелнэ. Энэ дуу миний хувьд мөн уран бүтээлд оролцсон олон хүний ”сэтгэлийн дуудлага” байсан.

-Дууны клипний тухай яриач, их олон хүний бүрэлдэхүүн, тэр дундаа олны танил хүмүүс олон харагдаж байна?

-Клипний санаа ч мөн адил энгийн. Тэргүүн фронтод аюултай нүүр тулан ажиллаж байгаа тэр л эгэл хүмүүс мөн ард олондоо хүндлэгдсэн олны танил хүмүүсийг оруулахыг хичээсэн. Энэ ташрамд хэлэхэд, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг жинхэнэ “Баатар”-ууд энэ уран бүтээлд дуу хоолойгоо хүргэсэн. Би энэ хүмүүсээр бахархаж байна.

-Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-“Байгалийн давагдашгүй хүчин зүйл”-тэй бодитоор нүүр тулж байна гэж харж байна. Монголчууд болон дэлхийн хүмүүсийн анх удаа үзэж байгаа бодит аюул манай үүдийг тогшоод босго даваад ороод ирлээ. Асар хурдацтай тархаж байгааг бид харж байна. Олон нийтийн зарим нэг цуурхал бодит эх сурвалжаас зөрж байгаа нь асуудлыг хүндрүүлэх вий гэсэн эмзэглэл төрүүлдэг. Бодит эх сурвалжаас мэдээллээ авах нь чухал болоод байна.

-Хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Юуны түрүүнд бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Энэ бол “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг зарчим юм. Мөн юу ч болсон тайван байдлаа алдаж хэрхэвч болохгүй. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх нь энэ аюулт өвчнөөс ч илүү уршигтай гэдгийг ухаант монголчууд мэдэж байгаа. Хүлээцтэй, тэвчээртэй байгаарай. Асар их тэвчээрийн цаанаас аз жаргал дөнгөж цухуйна.

Эцэст нь хүн бүхэн дор бүртээ эрүүл мэнддээ анхаарч мэргэжилтнүүдийн өгсөн заавар зөвлөгөөг сайтар дагахыг уриалж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ шүү.


Амьдрах аль эсвэл эс амьдрах

Үг, Ая Э.Энхтөр

Амьдрах аль эсвэл эс амьдрах

Амьдралын УХААН ашид мөхөхгүй ээ

Хэлж ирдэггүй хийсч ирдэг

Хүмүүний тавилан хэрсүү суулгасаар

Агуу их оргилд тэмүүлэх хүслийг минь

Асар хүчтэй хүрхрээ ч үл зогсооно

Асаж дүрэлзэх мөрөөдлийн галыг чинь

Аадрын ширүүн бороо ч эс унтраана

Амьдрах аль эсвэл эс амьдрах

Аймшиггүй ЗОРИГ амар мохохгүй ээ

Хүсэл хясал хослон ирдэг

Хорвоогийн жамаар сэтгэлд хат суусаар

Агуу их оргилд тэмүүлэх хүслийг минь

Асар хүчтэй хүрхрээ ч үл зогсооно

Асаж дүрэлзэх мөрөөдлийн галыг чинь

Аадрын ширүүн бороо ч эс унтраана

Асар их тэвчээрийн цаанаас

АЗ ЖАРГАЛ дөнгөж цухуйна

Эв эеэ эрхэмлэн дээдлэн

Итгэл хайрыг дуулнаа

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Агуу их оргилд тэмүүлэх хүслийг минь

Асар хүчтэй хүрхрээ ч үл зогсооно

Асаж дүрэлзэх мөрөөдлийн галыг чинь

Аадрын ширүүн бороо ч эс унтраана

Агуу их оргилд тэмүүлэх хүслийг минь

Асар хүчтэй хүрхрээ ч үл зогсооно

Асаж дүрэлзэх мөрөөдлийн галыг чинь

Аадрын ширүүн бороо ч эс унтраана