Дэлхийн нүүдэлчдийн наадамд Монгол Улсын 66 тамирчин өрсөлдөж байна
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Наадамд 85 орны 2500 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 (тулам булаалдах, зоос шүүрэх, морьт барилдаан, уламжлалт сурын харваа, ашыртмалы аба гюреши бөх, морьт сурын харваа, кураш бөх, казак кураш бөх, алыш бөх, модон барилдаан, шагайн харваа, оюун ухааны спорт, есөн хоргол наадгай, ширээний тоглоом наадгай, уламжлалт тоглоом, кореш бөх) төрөлд өрсөлдөх юм.
Наадмын нээлтийн ёслол өчигдөр болсон бөгөөд Монгол Улсын багийн тугчаар бүстэй барилдааны дэлхийн аварга, улсын заан Д.Анар ажиллав.
Анхдугаар наадам Киргизстан (2014 он) улсад болж байсан бол дараа нь АНЭУ (2016), Киргизстан (2018), Турк (2022) улсад зохион байгуулжээ.
Монгол Улсын баг энэ наадмаас 2014 онд долоон медаль, 2016 онд тав, 2018 онд 24, 2022 онд 10 медаль хүртэж байв.
Өнөөдөр Монголын багийн медалийн салхийг хагалж, морьт харвааны төрөлд өрсөлдсөн Нэргүйн Алтанхуяг мөнгөн медаль, морьт барилдааны төрөлд М.Наурызбек хүрэл хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
mnb.mn
Сэтгэгдэл