НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

Aдмин / Нүүр

Өчигдөр нийтлэгдсэн НҮБ-ын “Food Waste Index Report” тайланд өгүүлснээр 2022 оны өдөр бүр дэлхий даяар айл өрхүүд, бизнесийн байгууллагууд нийт нэг тэрбум порц хоол хаяж байжээ. Гэтэл тухайн жил дэлхий даяар 800 сая орчим хүн өлсгөлөнгийн байдалд амьдарч байсан байна. Өөрөөр хэлбэл 2022 онд үйлдвэрлэгдсэн нийт хоол хүнсний тавны нэг орчмыг хог дээр хаясан нь $1 их наяд гаруйн үнэлгээтэй байжээ.

“Хүнсний хаягдал бол дэлхийн эмгэнэл юм. Дэлхий даяар хоол хүнс дэмий үрэгдэж байхад олон сая хүн өлсөж байна” гэж НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсены мэдэгдэлд өгүүлсэн байна. Ийм үрэлгэн амьдрах нь ёс суртахууны хувьд төдийгүй байгаль орчинд хортойг тайланд анхааруулжээ.

Тухайлбал хаягдсан хоол хүнсийг үйлдвэрлэхэд асар том талбайтай газрыг тариаланд ашигладаг бөгөөд энэ нь агаарын тээврийн салбараас тав дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг байна. Бодит хаягдал хоол хүнсний хэмжээ тайланд дурдсанаас хамаагүй илүү байх магадлалтайг судлаачид анхааруулжээ.

2022 онд хаягдсан нийт хоол хүнсний 28 хувийг ресторан, зочид буудал зэрэг бизнесийн байгууллагууд, 12 хувийг хүнсний жижиглэн худалдаачид үйлдвэрлэсэн байна. Харин 60 хувийг буюу 631 сая тонныг айл өрхүүд үйлдвэрлэжээ. Үүнийг хүмүүс хэрэгцээнээсээ илүү хүнс худалдаж авдаг, ходоодны хэмжээнээсээ илүү их хоол захиалдагтай холбон тайлбарлаж байна.

Бас нэг хүчин зүйл нь хүнсний бүтээгдэхүүний ашиглалтын хугацаатай холбоотой гэнэ. Тухайлбал хүмүүс буруу тооцоолсноос хүнсэнд хэрэглэх бүрэн боломжтой бүтээгдэхүүнийг ихээр хог дээр хаядаг байна.

Мөн тээвэрлэлтийн явцад хаягдах, хадгалалтын горим алдагдсанаас муудах тохиолдлууд нөлөөлдөг гэнэ. Илүүдэл хоол хүнс хаях үзэгдэл зөвхөн баян чинээлэг улсуудад хамаатай биш, дэлхий нийтийн асуудал болсныг тайланд өгүүлжээ.

Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд ашиглах зорилгоор байгалийн эко системийг хувиргаж эвддэг. Гэтэл ингэж хувиргасан нийт тариалангийн талбайн 30 орчим хувиас зөвхөн хог хаягдал үйлдвэрлэж байгаа ажээ.

“Хэрвээ хүнсний хог хаягдлыг нэг улс гэж үзвэл АНУ, Хятадын дараа дэлхийн гурав дахь том хүлэмжийн хий үйлдвэрлэгч болохоор байна” гэж судалгаанд хамтран ажилласан WRAP ашгийн бус байгууллагын мэргэжилтэн Ричард Свонелл ярьж байна.

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.