Ч.Ганхуяг: "Mongolia house" төр, хувийн хэвшил хамтран ажилласны үр дүнд ДЭЗФ-ын шилдэг хаусаар шалгарсан

Aдмин / Эдийн засаг

“Монголын эдийн засгийн форум” ТББ-ын Нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Алтангүний нар өчигдөр ДЭЗФ-д Монгол Улс оролцож, амжилттай гэрээ хэлцлүүд хийгээд ирсэн талаар мэдээлэв.

Ч.Ганхуяг “Монголын эдийн засгийн форум ТББ, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн хамтран “Mongolia House”-ыг дөрвөн өдрийн турш ажиллуулсан. Энэ үеэр ногоон эрчим хүчний шилжилт, уул уурхай, аялал жуулчлалын тавцан дахь Монгол Улсын байр суурь, хиймэл оюун ухаан сэдвийн дор хөрөнгө оруулагчид, бусад улс орны засгийн газрын гишүүд, салбарын экспертүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Энэ үеэр нэгд, ногоон эрчим хүчний шилжилт хийхэд зориулж Европын сэргээн босголт, хөгжлийн банктай нэг тэрбум ам.долларын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ бол улс биш, аж ахуйн нэгжүүдэд зориулсан ногоон зээлийн шугам юм.

Хоёрт, хиймэл оюун ухаан Давосын форумын гол сэдэв байсан. Дэлхийн эдийн засгийн форумтай Стратегийн оюун ухааны платформ хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан хоёр дахь улс нь Монгол Улс болсон. Энэ бол ДЭЗФ-ын хөгжүүлсэн шилдгийн шилдэг эрдэмтэн, судлаач, бизнес зөвлөхүүдийн бүрдүүлсэн дата төв юм.

Гуравдугаарт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Envision Energy”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Мөн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх стратеги төлөвлөгөөнийхөө талаар хэлэлцүүлэгт танилцуулсан. Ижил төстэй улс орны аялал жуулчлалын бодлого, энэ чиглэлээр олон улс оронд зөвлөх үйлчилгээ явуулдаг мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Шууд нислэгүүдийг нэмэх тухай эхний яриа хэлцлүүд хийгдлээ.

Үүний зэрэгцээ өнөөдөр дэлхийн зэсийн хэрэгцээг хангахын тулд Оюутолгой шиг 20 орд газар дахин нээх шаардлагатай байгаа тухай уул уурхай магнатууд энэ үеэр танилцуулсан. Харин манай улс уул уурхайн бодлогоо илүү ногоон чиглэлээр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Орчин үед уул уурхайд хөдөлж буй бүх тоног төхөөрөмж байгаль орчинд ээлтэй, эрчим хүч нь ногоон эх үүсвэртэй байх шаардлага бий болж байна. Бид ч мөн энэ чиглэлд хөдөлсөн гэдгээ танилцууллаа.

Бид 130 гаруй улс орны төр засаг, бизнесийн хамгийн том төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын шийдвэр гаргах түвшний хүмүүст шууд сурталчилгаагаа хийсэн.

Төр, хувийн хэвшил хамтарч ажилласны үр дүнд “Mongolia House” 55 дахь удаагийн ДЭЗФ-ын хамгийн шилдэг хаус болсон. Үүнийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Mongolia House”-ын талаар дурдсан олон нийтлэл, сурвалжилга батална. Financial times, Politico, Reuters, Wall Street зэрэг агентлагууд мөнгөөр хэмжигдэх аргагүй Монголын тухай сурвалжилга, нийтлэлүүд гаргасан.

Бид улс орныхоо зөөлөн хүчний бодлогыг маш сайн сурталчилсан. Гео эдийн засаг хүчтэй яригдаж байгаа энэ үед манай улс байр сууриа бэхжүүлж, Монгол гэдэг тугаа хатгасан.

Форумын үеэр ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг “Mongolian step” үндэсний урлагийн хамтлагтай хамтарч ажилласан. Баруун Европт амьдардаг морин хуурч, хөөмийч, бие биелээч нартай хамтран соёл урлаг, ёс заншлаа сурталчиллаа” хэмээв.

Дашрамд дурдахад, Швейцарь Улсын Давос хотноо болсон 55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форумд 50 орчим улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайдууд, шууд шийдвэр гарах түвшний 3000 орчим төлөөлөгч оролцсон нь тус форумын ач холбогдол, цар хүрээ өргөжсөнийг илтгэжээ.

Монгол Улс ДЭЗФ-д 1990-ээд оноос төр засгийн түвшинд идэвхтэй оролцож буй бөгөөд энэ жил анх удаа Давос хотын гол гудамж Променадод “Mongolia House”-аа байршуулан, улс орноо сайтар сурталчилжээ. Энэ нь жил бүр тус форумд оролцдог 130 гаруй улс орнуудад тэр бүр олдоод байдаг боломж биш юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Ная [66.181.191.241] 2025-01-30 18:07:46

Идэвхтэй сайн ажиллажээ. ...баяр хүргэе!

Цыгаанууд шиг баячуудын дунд хөөрөөд л байх юм. [66.181.160.105] 2025-01-30 11:49:12

Шавецаар гэдэг улс хол, дэндүү хол юмдаа.Тэнд цугласан хүмүүс Орос, Хятадаас хол, тэдэнтэй өрсөлдсөн, бүүр тэрсэлдсэн улсууд байх юмдаа. Монголчууд юугаа горьдож холын хол Давост шоу хийдэг байнаа? Монголд ашигтай гэж бодож байна уу? ЯГШДЭЭ! Европынхон Монголд хөрөнгө оруулж ХАРАГДААЧ. Гоё концерт тоглочихсон гээд л онгироод байх хэрэггүй. Европын бизнес Монголд гацсан ш дээ. Геополитикийн нөхцөл Монголын хувьд ОНЦГҮЙ байна, ойрын 20-30 жил дорой байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.