Угаасан ноолуурыг 100 хувь самнасны дараа экспортлоно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр тэрбээр "Манай улс ноолуураа боловсруулахгүйгээр экспортолдог байсан бол 100 хувь угааж экспортолдог болсон.
Энэ удаа угаасан ноолуурыг 100 хувь самнасны дараа экспортод гаргаж байх шийдвэр гаргалаа. Ингэснээр нэмүү өртөг бий болгох боломж бүрдэж байна. Угааж, самнасан ноолуураа экспортолдог болсноор 260 гаруй сая ам.долларын нэмүү өртөг дотоодод үлдэнэ" гэв.
Монгол Улс өнгөрсөн 2024 онд 707.2 тонн самнасан ноолуурыг 69.8 сая ам.доллароор экспортолсон нь 2023 оноос биет хэмжээ болон үнийн дүнгийн хувьд 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.
Засгийн газар өнгөрсөн оны VII сараас угаасан ноолуур экспортод гаргахыг хориглож, зөвхөн самнасан ноолуур экспортолж эхэлсэн. Улсын хэмжээнд 11.9 мянган тонн самнасан ноолуур бэлтгэх суурилагдсан хүчин чадалтай 50 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр үйлдвэрүүд түүхий эдээ дотооддоо самнах түвшинд боловсруулах бүрэн хүчин чадалтай ч цаашид ээрэх, сүлжих, нэхэх үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг салбарын яам онцолсон юм.
Д.ЭРДЭНЭ
Сэтгэгдэл