Монгол үндэстэн геноцидийн тавцанд: Монгол ба БНХАУ-ын үндэстний бодлого дахь Монгол үндэстэн

Aдмин / Эдийн засаг

Үндэстний, угсаатны, арьстны, эсвэл шашны бүлгийг бүхэлд нь болон хэсэгчлэн устгах зорилготой үйлдлийг НҮБ геноцид гэж тодорхойлдог (UN). Геноцид нь олон хэлбэртэй байж болох бөгөөд аливаа бүлгийн гишүүдэд оюун санааны ноцтой хохирол (mental harm) учруулах, амьдралын нөхцлийг (conditions of life) нь бусниулах, нөхөн үржилд нь саад болох (prevent births within the group), үр хүүхдийг нь өөр бусад рүү албадан шилжүүлэх (forcibly transferring children of the group to another group) зэрэг үйлдлийг ч геноцид гэж үздэг (UN).

Чухам тийм ч учир аливаа бүлгийн хэл, соёлыг устгах зорилготой үйлдлийг хэлний, соёлын геноцид гэж үздэг (жишээ нь Skuthabb-Kangas 2000; Bachman 2019, Tiemessen 2023).Мөн аливаа үндэстний болон бусад бүлгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй, бүртгэхгүй, ингэснээрээ албан ёсоор үгүйд тооцох, албаны, төрийн нүдэнд үзэгдэхгүй болгох практикийг цаасан буюу бүртгэлийн геноцид (paper genocide) гэх (Deerinwater 2019; Roche and Leibold 2020). Эдүгээ Монгол үндэстэн чухам ийм хэлний, соёлын, бүртгэлийн геноцидэд өртөөд байгаа учир Монгол үндэстэн геноцидийн тавцанд гэж нэрлэсэн бөгөөд геноцидийг үйлдэгч нь Монгол болон БНХАУ, тухайлбал, тэдний үндэстний бодлого учир Монгол ба БНХАУ-ын үндэстний бодлого дахь Монгол үндэстэн гэж тодотгосон болно.

БНХАУ-д Монгол үндэстэн хүлээн зөвшөөрөгдсөн, өөртөө засах эрхтэй, өөртөө засах оронтой учир эдүгээ БНХАУ-д бараг 6 сая шахам хүн Монгол үндэстэн хэмээн бүртгэгддэг бөгөөд дийлэнх нь Монгол үндэстний өөртөө засах орон болох ӨМӨЗО-д оршин суудаг бөгөөд өөрийн хэлээрээ сурч боловсорч, өөрийн соёлоор өөрийн үндэстний дотор амьдрах эрхтэй, нөхцөлтэй.

Гэвч сүүлийн үед экологийн нүүдэл нэрээр Монгол хүн амыг Хятад хүн ам давамгайлах хот, суурин газар шилжүүлэн тархаан суулгахаас эхлээд 2020 оноос монгол хэлийг сургалтын хэлнээс халж, Хятад хэлийг сургалтын хэл болгосон хийгээд улмаар “умард хил”, “умард хилийн соёл”зэрэг нэр томьёогоор Монгол нэрийг Өвөр Монголын газар нутаг, Монголын соёлоос баллуурдан арилгах, Хятад хэл, Хятад соёлыг албадан тулгах замаар Хятад үндэстэн болгох гэсэн БНХАУ-ын эдүгээгийн бодлого, үйл ажиллагаа нь хэрэг дээрээ тус улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн цөөн тоотой 55 үндэстний өөртөө засах эрхийг устгах, тэднийг Хятад үндэстэнд уусгах зорилготой “хоёрдугаар үеийн үндэстний бодлого”(di’erdai minzu zhengce)хэмээн томьёологдсон хэл, соёлын геноцидийн бодлого болж хувираад байгаа болно.

Нөгөө талд, Монгол улс Монгол үндэстний эсрэг бүртгэлийн геноцид явуулсаар даруй 90 гаран жил болж байна. Монгол үндэстний үндэстэн-улс (nation-state)гэж үзэж болох Монгол улс гайхалтай нь Монгол үндэстнийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй төдийгүй идэвхтэй үгүйсгэдэг.

Монгол Улсад албан ёсоор Монгол гэдэг үндэстэн байхгүй, нэг ч хүнийг албан ёсоор Монгол яс үндэс, үндэс угсаа, ястан, үндэстэн, тэдгээрийн албан ёсны орчуулга минзү(民族), национальность, nationality, ethnicity гэж хүлээн зөвшөөрдөггүй, бүртгэдэггүй. Жишээлбэл, Монгол Улсын хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор Улаанбаатар хотод Халх 1, 321, 660, Дөрвөд 28, 712, Барга 602 гэх мэтээр нийт 31 “үндэс угсааг” бүртгэсэн байна.

Дан ганц хүн амын тооллого биш. Шинээр төрсөн хүүхдийн бүртгэл, иргэний аливаа бүртгэл мэдээлэл, төрийн албан хаагчийн анкет зэрэг Монгол улсын бүх бүртгэл мэдээлэл дээр нэг ч Монгол үндэстэн, нэг ч Монгол хүн байхгүй.Төрөхөөс үхэх хүртэл бүртгэлийн бүрэн геноцид. Мөн Монгол улс БНХАУ-ын Монгол үндэстнийг ч хүлээн зөвшөөрдөггүй.

Монгол Улс албан ёсоор нэг ч хүнийг Монгол үндэстэн, Монгол хүн гэж хүлээн зөвшөөрдөггүй, бүртгэдэггүй, тиймээс албан ёсоор Монгол улсад нэг ч Монгол үндэстэн, нэг ч Монгол хүн үзэгдэхгүй, нэг ч Монгол хүн байхгүй, мөн Монгол улсын хувьд дэлхий дээр нэг ч монгол үндэстэн, нэг ч Монгол хүн байхгүй. Монгол улсын Монгол үндэстний эсрэг бүртгэлийн геноцид дэлхий даяар түгээмэл. Яагаад?

Хятадын хоёрдугаар үеийн үндэстний бодлого

2011 онд Цинхуа Их Сургуулийн Хятад судлалын төвийг үндэслэгч Ху Ангаан (Hu Angang) болон тус сургуулийн судлаач Ху Лианхэ (Hu Lianhe) нар БНХАУ-ын байгуулагдсан цагаасаа хэрэгжүүлж ирсэн үндэстний бодлогыг бүрмөсөн халж, “хоёрдугаар үеийн үндэстний бодлогоо явуулахыг уриалсан нь хэрэг дээрээ Бээжингийн Их Сургуулийн профессор Ма Рооны (Ma Rong) арваад жилийн турш номлож ирсэнүзэл баримтлалыг төрийн бодлого болгохыг уриалсан хэрэг байв (Leibold 2012, Leibold 2018; Roche and Leibold2020).

Ма Роон БНХАУ-ын албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн цөөн тоот хэмээх 55 үндэстнийулс төрийн статусыг эвдэх, түүний тулдӨМӨЗО зэрэг таван өөртөө засах орон (zizhiqū), 30 автономит дүүрэг (zizhizhōu), 120 автономит сумыг (zizhixian) татан буулгах хэрэгтэй гэж үздэг (Ma 2014a). Мөн тэрээр БНХАУ-ын 56 үндэстнийг (minzu)үндэстэн гэж нэрлэхийг больжугсаатны бүлэг (zuqun)гэх, тэднийг үндэстэн гэж хүлээн зөвшөөрөх, нэрлэх, үндэстнээр нь бүртгэхийг болих, улмаар тэднийг нэгдмэл Хятад үндэстэн(Zhonghua minzu) болгон уусгахыг номлосоор ирсэн (Ma 2014a).

Үндэстнүүдийн тусгай эрхийг устгах, тэдний газар нутгийг Хятадын мужуудтай нягт уялдуулах, хүн амын урсгал, шилжилт хөдөлгөөнийг чөлөөлөх,үндэстнүүдийнхэл, соёлыг нийт нэг Хятад үндэстний соёл болгон нийлүүлэх, ингэснээр нэгдмэл Хятад үндэстэн бий болгох нь хоёрдугаар үеийн үндэстний бодлогын зорилт болно (Leibold 2012, Roche and Leibold 2020).

Харин эдүгээ Өвөр Монгол, Төвд, Шинжаань, Хөх Нуур, Гирин, Ляонин зэрэг газарт Монгол, Төвд, Уйгур, Солонгосхэлийгхалж, Хятад хэлийг сургалтын хэл болгох, тэр ч бүү хэл“умард хил” (beijiang), “умардхилийн соёл” (beijiang wenhua)(Allen, Impiombato and Attrill 2024; T.S. 2024) зэрэг шинэ нэр томьёо, ойлголтыг нэвтрүүлэн Өвөр Монгол, болон (Өвөр) Монголын түүх, соёлыг хамруулж буй ньхэрэг дээрээ БНХАУ “хоёрдугаар үеийн үндэстний бодлогыг”хэрэгжүүлжМонгол үндэстний нэр, хэл, соёл, түүхийг баллуурдах замаар Монгол үндэстнийг уусгах, устгах, ӨМӨЗО-ыг автономит орных нь хувьд үгүй хий бодлого явуулж байгаа хэрэгюм гэж өрнөдийн олон судлаачид үзэж, шүүмжилж байгаа (Atwood 2020; Baioud 2020; Sorace 2020).

Ма Рооныхоор Монгол, Төвд, Уйгур зэргийгтусдаа үндэстэн гэхийн оронд “Хятад үндэстний овог аймгууд”гэж үзэх нь зүйтэй юм (Ma 2014a: 20).ХаринБНХАУ Зөвлөлтийн үндэстний онол,бодлого, туршлагыгхуулбарлаж тэднийг үндэстэн хэмээн нэрлэж, үндэстний өөрөө засах орон болгож, автономи эрх олгож, өөрсдийнх нь сэхээтнүүдийг бэлтгэснээр тэд “‘үндэстний’ элитүүд” болж“урд өмнө нь огт байгаагүй орчин үеийн үндэстний ухамсартай болсон” аж (Ma 2014b: 166). Улмаар үндэстний ухамсартай болсон тэд “тусгаар тогтнолын санаархлыг өдөөх” болсноор “мянга мянган жилийн түүхтэй нэгдсэн Хятад үндэстний эв нэгдлийг сулруулсан”төдийгүй “Хятадын зарим хэсэгт үндэстний салан тусгаарлах хандлагыг” бий болгосон аж (Ma 2014b: 166).

Зөвлөлтийн үндэстний онол, бодлогыг хэрэглэсэн ЗХУ, Югослав, Чехословак зэрэг улсууд чухам уг бодлогын улмаас болж задран унасан гэж Ма Роонномлодог. Тиймээс ЗХУ, Югослав, Чехословакийн хувь заяаг давтахгүйн тулд БНХАУ Зөвлөлтийн маягийн үндэстний бодлогоо халж, Монгол, Төвд, Уйгур зэрэг үндэстнүүдийг үндэстэн байхыг нь болиулж угсаатны буюу “дэд соёл” (sub-culture) буюу “соёлын дэд бүлэг” (sub-cultural group)болгох, улмаар тэднийг уусган нэг нэгдмэл Хятад үндэстэн болгох ёстой гэж ухуулсаар ирсэн бөгөөд “Хоёрдугаар үеийн үндэстний бодлого” нь уг номлолын үр дүн юм (Ma 2014: 14, 16; Leibold 2015).

Монголын үндэстний бодлого

Зөвлөлтийн үндэстний бодлогыг ЗХУ-тай бараг нэгэн зэрэг шахам хэрэгжүүлсэн анхны улс бол БНМАУ бөгөөд уг бодлого нь харин Монгол үндэстнийг бүрэн үгүйсгэсэн бөгөөд энэ талаараа БНХАУ-ын “хоёрдугаар үеийн үндэстний бодлоготой” ижил. Тагна-Тувагийн тусгаар тогтнолын асуудалтай холбоотойгоор үндэстний хэмээх асуудал 1926 оноос эхлэн хурц тавигдаж, 1930-аад оноос БНМАУЗөвлөлтийн үндэстний бодлогыг Өлзийтийн Бадрахын онолын удирдлага, Касимов зэрэг Зөвлөлтийн зөвлөхүүдийн тусламжтайгаар хэрэгжүүлж эхэлсэнбөгөөд Зүүнтний засаглалын жилүүд уг бодлогын оргил үе.Зүүнтнүүд зайлуулагдахад уг бодлогыг тусгайлан явуулж байсан Үндэс угсааны зөвлөл хэмээх байгууллагыг татан буулгасан чуг бодлого, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалт, арга барил, үйл ажиллагаанууд үргэлжилсээр ирсэн.

Харин сүүлийн үед Монгол улсад уг бодлого, ялангуяа түүний зохион байгуулалт, арга барил, үйл ажиллагааны хэлбэрүүд идэвхжиж байгаа болно. Монгол улс анх удаа Үндсэн хуулиараа “өөр хэл бүхий үндэстний цөөнх”-ийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй тэднийг “эх хэлээрээ суралцах, харилцах,соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” (МУҮХ 8.2) хэмээн үндсэн хуульчилсан.

Үндэстний бодлогын хүрээндБНМАУ 1930 ондтусгайлан Үндэс угсааны зөвлөл хэмээх байгууллагыг байгуулан үндэстний бодлого явуулж иргэдээ “яс үндэс”, яс угсаа, үндэс угсаа гэдэг категориорангилан бүртгэж, иргэний пасспорт дээр нь яс үндсийг нь зааж ирсэн нь эдүгээ болтол хэвээр үргэлжилж яс үндэс, эсвэл үндэс угсаа гэдэг зүйлээр дээр дурдсан ёсоор тооллого, бүртгэл, мэдээлэл, баримт бичигт хэрэглэсээр байгаа.Монгол улсын үндсэн хуульд “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө” зэргээр “ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасны үндэс, угсаа нь nationality, ethnicityгэдэг ойлголттой дүйцэж буй нь илэрхий.

Харин БНХАУ-д Монгол гэдэг үндэстнийг (minzu, nationality) хүлээн зөвшөөрдөг болМонгол улс албан ёсоор Монгол гэдэг “яс үндэс”, “үндэс угсаа”эсвэл тэдгээрийн Хятад, Орос, Англи албан ёсны орчуулгаар минзү(民族), национальность, эсвэл ethnicity-ийгхүлээн зөвшөөрдөггүй, бүртгэдэггүй. Өөрөөр хэлбэл Монгол улсад Монгол гэдэг яс үндэс ч, үндэс угсаа ч,ястан ч, үндэстэн ч,минзүч, национальность ч, nationality ч, ethnicity ч байхгүй.

Яс үндэс, эсвэл үндэс угсаа гэдэг асуултын нэг үндсэн зорилго нь Монгол гэдэг яс үндэс, үндэс угсаа, ястан үндэстэн,минзү, национальность, nationality, ethnicity-ийг үгүйсгэхэд зориулагдсан байдаг. Уг асуулгыг асууж эхэлсэн эхний үед яс угсаа гэдэг асуулт нь Монгол, Орос, Хятад, Буриад, Төвд, бусад угсаатан гэсэн хариултын сонголттой байснаа удалгүй хариултын сонголтгүй болгосон ч 1937 оны “хариуцлагатай ажилтны бүртгэлд” Ерөнхий сайд Амаряс угсаа гэсэн асуултад Монгол гэж хариулсан байдаг. Гэвч удалгүй Монгол хариултын хувьд устгагдсан юм.

Эдүгээ зөвхөн Монгол Улсын иргэд л яс үндэс, үндэс угсаа гэдэг асуултад хариулах ёстой.Тэгэхдээ Монгол Улсын иргэд “ямар ястан үндэстэн болохыг өөрийнх нь хариулснаар нөхөх” ёстой (ҮСГ 1999: 29; мөн ҮСХ 2009: 33).Гэвч хэрэг дээрээ сонголттой. Монгол улсын иргэн Халх, Казак, Дөрвөд, Буриад, Баяд, Дарьганга, Урианхай, Захчин, Дархад, Торгууд, Өөлд, Хотон, Мянгад, Барга, Үзэмчин, Харчин, Цахар, Хотгойд, Элжигэн, Цаатан, Хамниган, Хошууд, Сартуул, Тува, Хорчин, Узбек (Чантуу), Халимаг, Түмэд, Сөнөд, Орос, Хятад болон “Монголын харьяат бусад ястан үндэстэн” буюу “бусад гадаад (Монголын харьяат)” гэх мэт яс үндэс, үндэс угсаа, минзү,национальность, nationality,ethnicity-ийгээс сонгох ёстой (ҮСГ 1999: 84; мөн ҮСХ 2009: 130).

Нэгэнт “Монголын харьяат бусад ястан үндэстэн” буюу “бусад гадаад (Монголын харьяат)” гэдэгт Англи, Франц, Герман, Япон хэн ч байсан Монгол улсын харьяат л бол Англи, Франц, Герман, Япон хэмээн бүргүүлж болох учир дэлхийн бүх яс үндэс, үндэс угсаа, ястан, үндэстэн, минзү, национальность, nationality,ethnicity бүртгүүлж болно гэсэн үг. Жагсаалтад байхгүй,бүргүүлье гэсэн ч үл бүртгэх, оронднь жагсаалтын “Монголын харьяат бусад ястан үндэстэн” буюу “бусад гадаад (Монголын харьяат)” гэдгээс бусад нэрсийн аль нэгийг сонгохыг санал болгодог цорын ганц нэр Монгол.

Монгол Улс зөвхөн Монгол яс үндэс, үндэс угсаа, ястан үндэстэн, минзү, национальность, nationality,ethnicity-ийг үл бүртгэх. Нэгэнт Монгол гэдэг сонголт байхгүйн дээр Барга, Буриад, Үзэмчин, Харчин, Цахар, Хошууд, Сартуул, Хорчин, Түмэд, Сөнөд гэх мэтээр бүртгэдэг учир ӨМӨЗО-ны Монгол үндэстэн (минзү) Монгол улсын харьяат болоход Монгол яс үндэс, үндэс угсаа, ястан үндэстэн, минзү, национальность, nationality,ethnicity-гээ орхижБарга, Үзэмчин, Харчин, Цахар, Хошууд, Сартуул, Хорчин, Түмэд, Сөнөд гэх мэтийн аль нэгийг сонгох. Тиймээс Монгол улсзөвхөн Монгол яс үндэс, үндэс угсаа, ястан үндэстэн,минзү, национальность,nationality,ethnicity-ийгалбан ёсоор үгүйсгэдэг.

Үгүйсгэхдээ Монгол улс иргэддээ Монгол яс үндэс, үндэс угсаа, ястан үндэстэн, минзү, национальность, nationality,ethnicityл биш гэдгийг ньбүр идэвхтэйгээр албан ёсоор сануулж, баталгаажуулж үгүйсгэдэг. Учир нь Монгол улсын иргэд “ямар ястан үндэстэн болохыг өөрийнх нь хариулснаар нөхөх” ёстой учир бүртгэгч яс, үндэс, эсвэл үндэс угсааг асуух. Монгол гэж хариулбал тийм сонголт байхгүй. Халхаас Сөнөд хүртэлхийн аль нэгийг сонгох ёстой гэнэ. Тиймээс уг асуулт нь хэрэг дээрээ Монгол улсын иргэн өөрийгөө Монгол яс үндэс, үндэс угсаа, ястан үндэстэн, минзү, национальность, nationality,ethnicityгэж буруугаар ойлгох, төөрөлдөхөөс сэргийлэх, засаж, залруулж Халхаас Сөнөдийн аль нэг нь болохыг албан ёсоор оноож, тохоож, баталгаажуулж өгөх, төдийгүй Монгол гэдэг яс үндэс, үндэс угсаа, ястан үндэстэн, минзү, национальность, nationality,ethnicityбайдаггүй гэдгийг ухамсарлуулах, итгүүлэх дасгал, сургууль болно.

“Монголын ястан, үндэстний жагсаалтыг” Монгол улсын ШУА-ийн Түүхийн Хүрээлэналбан ёсоор бэлтгэж өгдөг учир тэдгээр нь шинжлэх ухааны тогтоосон ангилал, ястан, үндэстнүүд болно (ҮСГ 1999: 84). Тиймээс Монголын шинжлэх ухаанМонгол гэдэг яс үндэс ч, үндэс угсаа ч, ястан ч, үндэстэн ч, минзүч, национальность ч, nationality ч,ethnicityч байдаггүй гэдгийг “шинжлэх ухаанчаар”тогтоосонхэрэг. Харин Монголын шинжлэх ухаанХалхаас Сөнөд хүртэлх ньяс үндэс, үндэс угсаа, ястан, үндэстэн, минзү(民族), национальность, nationality, ethnicity гэдгийг тогтоосон төдийгүй, тэдгээр нь Хятад, Оросболон “бусад гадаад” буюу Англи, Франц, Герман, Япон зэрэгтэй нэг адил яс үндэс, үндэс угсаа, ястан, үндэстэн, минзү, национальность, nationality, ethnicity гэж тогтоосон хэрэг.

Мөн ӨМӨЗО-ны Монгол үндэстэн (минзү) Монгол улсын харьяат болоход Монголгэж бүртгэхгүй. ШУА-ийн бэлтгэж өгсөн жагсаалтад Барга, Буриад, Үзэмчин, Харчин, Цахар, Хошууд, Сартуул, Хорчин, Түмэд, Сөнөдгэж байх тул тэдгээрийн аль нэгээр бүртгэнэ. Тиймээс Монголын шинжлэх ухаан ч, Монгол улс ч БНХАУ-д байдаг Монгол үндэстэн, минзү-г хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэдэг гэсэн үг.

Монгол үндэстний оронд Барга, Сөнөд зэрэгбайх ёстой гэж үздэг гэсэнтэй адил хэрэг. Тиймээс Монголын шинжлэх ухаан ч, Монгол улсын төрийн бодлого ч Баргаас Сөнөд хүртэлхийг бүгдийг нь Монгол үндэстэн, минзү гэж үздэг Хятадын шинжлэх ухааныг ч, БНХАУ-ын үндэстний бодлогыг ч буруу гэж үздэг гэсэн үг. Тиймээс Монголын шинжлэх ухаан ч, Монгол улсын төрийн бодлого ч Монгол үндэстний тухайд Ма Роон нарын “хоёрдугаар үеийн үндэстний бодлоготой” нэг ижил байр суурьтай болж байгаа юм.

Үнэндээ Монголын шинжлэх ухаан, Монголын төрийн бодлогын үүднээс бол жишээ нь Дөрвөд Монголын өөртөө засахшань(xian, Монголын хошуутай дүйх нэгж), Харчин зүүн гарын Монгол үндэстний өөртөө засах шань, Өмнөд Горлосын Монгол өөртөө засах шань зэрэг нь зүй нь Дөрвөдийн өөртөө засах шань, Харчин зүүн гарын өөртөө засах шань,Өмнөд Горлосын өөртөө засах шань байх ёстой болж байгаа юм. Эдгээрийг Монгол, эсвэл Монгол үндэстний гэхёсгүй гэсэн үг. Энэ логикийг Өвөр Монголын Өөртөө Засах Орон гэдэг нэрд ч мөн хэрэглэж болох. Тиймээс ӨМӨЗО-ыг умард хил, (Өвөр) Монголын соёлыг умард хилийн соёл гэх зэргээр нэрлээд байгаа нь зүйтэй болох мэт. Гагцхүү БНХАУ-ын шинжлэх ухаан, БНХАУ одоо болтол Монголыг нэг үндэстэн, минзү гэж хүлээн зөвшөөрсөн учир л ӨМӨЗО нь Монгол үндэстний өөртөө засах орон болж байгаа хэрэг мэт.

Нөгөө талддэлхийн улс орнууд ихэвчлэн Англи, Франц, Герман, Япон гэх мэтээр өөрийн үндэстний нэрээр нэрлэгддэг, тиймээс ч үндэстэн-улс (nation-state) гэдэг гэвэл Монголын шинжлэх ухааны болон Монгол улсын бодлогын үүднээс бол Монгол улсын нэрд ч Монгол гэднэг нэр байх ёсгүй, Монгол улс ч үндэстэн-улс биш гэсэн үг болж байгаа юм. Тиймээс Монгол улс гэдэг нэр нь Зөвлөлт Холбоот Улс гэсэн зохиомол, эсвэл Югослав гэсэн газар зүйн нэрээс үүссэн нэртэй адил болох мэт. Нэгэнт Халхаас Сөнөд хүртэлх нь Орос, Хятад, Англи, Франц, Герман, Японтой нэгэн адиляс үндэс, үндэс угсаа, ястан, үндэстэн, минзү, национальность, nationality,ethnicityучир Монгол улснь ЗХУ шиг олон үндэстний улс болох нь ойлгомжтой болох мэт. Хэрвээ үндэстэн-улс байсан бол Халх улс, Сөнөд улс, эсвэл Цаатан улс гэж байх ёстой гэсэн мэт.

Ийнхүү шинжлэх ухаан нь ч, төр, засаг, захиргаа нь ч монголчуудын Монгол хүн, яс үндэс, үндэс угсаа, ястан, үндэстэн болох боломжийг хасаж, хясаж оронд нь нь Халхаас Сөнөд зэрэг хүн, ястан, үндэстэн гэж зааж, засаж, засаглаж өгөх. Монголын түүх, угсаатны зүй, хэл шинжлэл зэрэг ухаанууд нь тэдгээрийгястан, үндэстэн,угсаатан, угсаатны бүлэг гэж үзэж угсаа гарвал, түүх, хэл аялга, соёл, зан заншлаар нь тусгайлан ангилан, ялгаварлан судлах,сургах.

Музей, театр, соёл урлагийн байгууллага, арга хэмжээнүүд нь тэдгээрийн ахуй, соёлын онцлог, ялгааг онцлон, тодруулан, магтан дуулж суртчилан дэлгэрүүлэх. Тэдгээрийн соёл, үндэс угсааны онцлогийг хөхүүлэх, хөгжүүлэх, суртчилах нь Монгол улсын Соёлын яамны нэг үндсэн үйл ажиллагаа төдийгүй, үнэндээ Соёлын яамных ньсоёл, аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн.Энэ бүхний үр дүнд Монголчууд (буюу Монгол улсын иргэд) Халхаас Сөнөд хүртэлхолон ястан, үндэстэн, угсаатанд хуваагдаж, Халх, Сөнөд зэрэг хүн болон харилцан талцан бүлэрхэж, ялгаварлан гадуурхаж өрсөлдөн тэмцэлдэх.

Зүүнтнүүд Дөрвөд (одоогийн Увс аймаг), Ховд, Хөвсгөл улмаар Баян-Өлгий зэрэг аймгуудыг үндэстний өөрөө засан тохинох газар нутаг болгон байгуулсан нь эдүгээ болтол тийм байдлаар ч оршдог.Өөрийн ястан, үндэстэнтэй, өөрийн засаг захиргаатай, өөрийн улстөрийн байгууллагатай, улс төрийн төлөөлөлтэй.

Улмаар Монгол улсын сонгуулийн систем, тойрог, сонгууль зохион байгуулах практик нь эдгээр аймгуудын үндэстний өөрөө засан тохинох логик, зохион байгуулалт, арга практикийг нийт аймаг, орон нутгийн нутгийн өөрөө удирдах ёсны жишиг болгон дэлгэрүүлсэн.

Тиймээс эдүгээ Монгол улс хэрэг дээрээ өөрөө засан тохинох, төрөл бүрийн түүний дотор улстөрийн байгууллагатай, гишүүнчлэлтэй, төлөөлөлтэй олон нутаг болон хуваагдсан гэхэд хилсдэхгүй.Тийм ч учир нутгархах гэгч (“нутгийн үндэсний үзэл”гэж нэрлэж болох) үзэл, онол дэлгэрч, нутаг нутгийн шат шатны олон байгууллага, зохион байгуулалттай төдийгүйирсэн суурьшсаныг цагаач гэх ньтэдгээр нутгууд нь илэрхий туурга тусгаар улс орон, хүн ам, “ястан үндэстэнтэй”, иргэншилтэй мэт болсныг харуулах.

Улмаар тэдгээр олон нутаг, нутгархах үзэл, үзэлтнүүд, нутагтнууд нь Монгол улсын төрийн төв эрх мэдлийг авах, түүгээр дамжууланөөрийн нутагтаа аль болох илүү их төсөв хуваарилах, хөрөнгө оруулалт хийх, өөрийн орон нутгаа хөгжүүлэх, өөрийн нутат нэгтнүүд, өөрийн ард түмнийхээ төлөө зүтгэх нь нэгэнт жишиг болон тогтсон.Эдүгээ Хэнтий нутагтнууд энэ практикийн үлгэр жишээ болж байгаа. Увс хүн, Хэнтий хүн зэрэг нэр томьёо, ойлголт төдийгүй, нутаг орны сүлд дуулалтай ч болцгоосон.

Үндэсний их баяр наадам, үндэсний бөхийн барилдаан зэрэг нь хэрэг дээрээ олон нутгийн тэмцээн, олон нутгийн бөхчүүд, олон нутгийн ард түмнүүдийн тэмцэл, өрсөлдөөн болдог. Тиймээс Монгол улс харилцан ялгаварласан, гадуурхсан, хажигласан, өрсөлдсөн, тэмцэлдсэн, дайсагнасан олон ястан, үндэстний улс, олон нутгийн холбоо ч юм шиг. Энэ утгаараа Монгол улс үндэстэн-улс бус.Харин ЗХУ, Югослав, Чехословак, БНХАУ зэргийг олон үндэстний холбооны улс, эсвэл эзэнт гүрэн (empire) гэж үзвэл Монгол улс бараг тэдний ижил мэт.

Шинжлэх ухааны үнэн, төрийн бодлогын шинжлэх ухааны удирдлага

Ма Роон нарын шүүмжлээд байгаа Зөвлөлтийн үндэстний онол, бодлогоБНХАУ-д Монгол үндэстнийг хүлээн зөвшөөрсөн байхад, Монгол улсад үгүйсгэсэн байх. Нэг ижил онол, нэг ижил бодлого,нэг ард түмний тухайдхоёр өөр, харилцан бие биеэ үгүйсгэсэн үр дүнд хүргэсэн байх. Ингэхдээ бүр Монгол хэмээх ард түмний тусгаар улс болох, тиймээс Монголын үндэстэн-улс байх учиртай Монгол улсад Монгол үндэстнийг бүрмөсөн үгүйсгэсэн байдалд хүргэсэн байх.

Мэдээж Монгол улсад Монгол гэж үндэстэн байхгүй, Монгол улс Монгол гэж үндэстнийг хүлээн зөвшөөрдөггүй төдийгүй бүр идэвхтэй үгүйсгэдэг нь бүрэн дүүрэн утгаараа бүртгэлийн геноцид. Монгол улсын бүртгэлийн геноцид нь БНХАУ-ын явуулжэхлээд буй Монгол, Төвд, Уйгур, Солонгос зэрэг үндэстнийг хэлний хувьд, соёлын хувьд, үндэстний буюу улстөрийн хувьд нь үгүй болгох, устгах “хоёрдугаар үеийн үндэстний бодлоготой”геноцидийнхувьд тохирчбайх. Тиймээс, хачирхалтай нь, Монгол улсын төрийн бодлого Монгол үндэстнийг үгүйсгэх, устгах асуудал дээр БНХАУ-ын нэг ижил бодлоготой болоод байгаа хэрэг.

Үнэндээ Монгол улсын үндэстний бодлого БНХАУ-ын үндэстний шинэ бодлогод үлгэр жишээ, судлах туршлага болохоор. Учир нь яс угсааны асуултад Монгол гэж хариулсан Амарын хариулт Монгол үндэстнийг үгүйсгэх бодлогыгэсэргүүцэн би Монгол хүн, би Монгол үндэстэн гэж зарлан тунхагласан хэрэг байсан бол эдүгээ эгэл жирийн Монголчууд төдийгүй, Монголын эрх баригчид ч, эрдэмтэн мэргэд ч Халх, Дөрвөд, Баяд, Хотгойд, Захчин зэргээ уралдан тунхаглах, магтан дуулах, нандигнан хамгаалах.

Учир нь тэд төрөхдөө ч, сурахдаа ч, наадахдаа ч, ажиллахдаа ч, амьдрахдаа ч, амраглахдаа ч, үхэхдээ ч Халх, Дөрвөд, Баяд, Хотгойд, Захчин. Тиймээс БНХАУ хэлний, соёлын, үндэстний геноцидийн бодлогоо тууштай хэрэгжүүлбэл хоёроос гурван үе өнгөрөхөд Монгол, Төвд, Уйгур, Солонгос үндэстэн түүхэнд л үлдэх мэт.

Гэвч ЗХУ-ын ч, БНХАУ-ын ч, Монгол улсын ч үндэстний бодлого нь зөвхөн улстөрийн шийдвэр, улстөрийн бодлого төдий байгаагүй бөгөөд хэрвээ тийм байсан бол хэзээ ч амжилттай хэрэгжих боломжгүй байсан болов уу. Амжилтын үндэс нь тэд бүгдээрээ шинжлэх ухаан дээр суурилсан, шинжлэх ухааны үнэн дээр суурилсан шинжлэх ухаанч бодлого, буюу төрийн бодлогыг шинжлэх ухаанчаар явуулсан, үндэстний хэргийг шинжлэх ухаанчаар удирдсан буюу төрийн бодлогын шинжлэх ухааны удирдлагын үр дүн байсан юм.

Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн ястан, үндэстний жагсаалтыг бэлтгэж өгнө гэдэг нь барих, тавих зүйлийг тоолоод жагсаачихаж буй хэрэг бус харин яс үндэс, үндэс угсаа, ястан, үндэстэн гэж юу болох, хэн эсвэл юу яс үндэс, үндэс угсаа, ястан, үндэстэн болохыг тогтоож байгаа хэрэг. Барих, тавих биегүй зүйлийг байхуй, оршихуйд авчирч, шүншиглэж, амилуулж, биежүүлж, орших зүйл болгож байгаа хэрэг юм. Тиймээс шинжлэх ухаан төрийн төдийгүй түмний нүд, ертөнцийг харах цонхыг нь бэлтгэж өгсөн гэсэн үг.

Үнэндээ ЗХУ-ын үндэстний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд ч, БНХАУ-ын үндэстний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд ч, Монгол улсын үндэстний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд ч эдгээр улс орнуудын шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэд, ялангуяа, Шинжлэх Ухааны Академиуд нь бүгд түлхүүр үүрэгтэй оролцсон юм.

Ма Роон Зөвлөлтийн үндэстний онол, бодлого нь “Хятад үндэстний овог аймгуудыг” бие даасан үндэстэн болгож, 56 үндэстэн, 5 өөртөө засах орон, 30 автономит дүүрэг, 120 автономит сум болгон “мянга мянган жилийн түүхтэй нэгдсэн Хятад үндэстний эв нэгдлийг сулруулсан”, мөн “Хаант Оросын дор байсан төрөл бүрийн овог аймгуудыг” бие даасан үндэстэн болгож, Орос улсыг 15 холбооны бүгд найрамдах улс, 20 автономит бүгд найрамдах улс, 8 автономит муж, 10 автономит тойрог болгон задалсан гэж шүүмжлэх.

Гэтэл ЗХУ-д 1926 онд тоологдож байсан 200 шахам үндэстнийг ЗХУ-ын ШУA-ийн шинжлэх ухаандаруй 2 дахин багасгасан бол, БНХАУ-д 1954 онд тоологдож байсан 400 гаран үндэстнийг БНХАУ-ын ШУА-ийн шинжлэх ухаан даруй 56 болгон бараг 8 дахин багасгасан юм (Hirsch 2005; Mullaney 2011). Ганц байсан зүйлийг задлаж олшруулсан бус харин 400 гаран байсан зүйлийг 56 болгон нийлүүлж цөөлсөн юм. Тийм ч учир Жерард Роче, Жеймс Лейболд нар БНХАУ-ыг бүртгэлийн геноцидийн ихээхэнтүүхтэй, туршлагатай гэж үзэж байгаа юм (Roche and Leibold 2020).

Мөн ЗХУ-д ч, БНХАУ-д ч бүртгэлийн геноцидийг шинжлэх ухаан нь хийсэн юм. Мөн Ма Рооны БНХАУ-ын 55 цөөн тоот үндэстнийг үндэстэн гэхийг больж угсаатны бүлэг гэж нэрлэх ёстой гэж байгаа нь хэрэг дээрээ нэг үгийн өөрчлөлтөөр бүхэл бүтэн 55 үндэстнийг үгүй хийх шинжлэх ухааны нэрээр зүтгүүлж буй бүртгэлийн асар том геноцид.

Монгол Улсын бүртгэлийн геноцид ч мөн Монголын шинжлэх ухааны геноцид. Албан даалгавар тохоогдсонЖ. Цэвээн Дархад, Хөвсгөл нуурын Урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дарьганга, Алтайн Урианхай нар бүгд нэг Монгол үндэстэн, зөвхөн Хасаг, Хамниган хоёр л Түрэг, Түнгүс гаралтай боловч аль эрт Монголжсон гэсэн ч үл тоогдож үндэстний бодлого явагдсан юм (Цэвээн 1934).

Үндэстэн, ястан, угсаатны судлал ч өргөжин хөгжиж, Б.Ринчен нарын эрхэлсэн Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас Монголын үндэстэн ястнуудыг Монголчуудын нүдэн дээр биетэй, бодитой болгож өгсөн юм (Ринчен 1979).

Б.Ринчен нар хэдэн арван үндэстэн, ястныг биежүүлж, хэдэн зуун овог олжМонгол улсын газар нутгийг дүүргэн өнгө будгаар ялгаж байхад, Ш.Лувсанвандан хийгээд түүний шавь нарМонгол хэлний нутгийн аялгуу нээх аяныг өрнүүлжбүр 304-ийг ч нээж амжсан байх (Болд 1993: 151).

Монголын шинжлэх ухаан ийнхүү Монгол улсад Монголчуудыг олон арван үндэстэн, ястан, олон зуун овог, Монгол хэлийг олон зуун аялгад ангилан, ялгаж, салгаж Монгол үндэстнийг үгүй хийгээд завгүй байхад БНХАУ-д Мандарин, Ву, Кантон, Хүнан, Хакка, Ган, Өмнөд Мин, Умард Мин зэрэг нь Англи, Голланд, Швед хэл шиг харилцан үл ойлгогдох хэдий ч Хятад хэмээх нэг хэл болж, тэдгээрээр ярьдаг ард түмнүүд Хятад хэмээх нэг үндэстэн (минзү) гэж ангилагдаж, бүртгэгдэж байв (Mair 1991: 3).Аль аль нь бүртгэлийн геноцидийн увдис, аль аль нь шинжлэх ухааны үнэн байв.

Гэхдээ яг эсрэг буюу харилцан бие биенээ үгүйсгэсэн шинжлэх ухаан, шинжлэх ухааны үнэн. Тиймээс БНХАУ-ын шинжлэх ухаан Монгол үндэстэн байна гэж үзсэн төдийгүй, Монгол улсын шинжлэх ухааны Халх, Сөнөд зэрэг ястан үндэстэн гэж үзээд байгаа хүн амыг бүгдийг нь багтаан Монгол үндэстэн гэж үзэж байхад, Монгол улсын шинжлэх ухаан Халх, Сөнөд зэрэг 30 гаран ястан үндэстэн байгаагбаталж,Монгол үндэстнийг эрс үгүйсгэж байх.

Улмаар Монголын шинжлэх ухаан нь ч, Монгол улс ч БНХАУ-ын шинжлэх ухааны байна гэж үзсэн, БНХАУ-ын хүлээн зөвшөөрсөнМонгол үндэстнийг ч үгүйсгэн, няцааж оронд нь Барга, Сөнөд зэргийн олон ястан үндэстэн байх ёстой гэжбатлан зүтгэж байх. Ийнхүү Монгол улсын шинжлэх ухаан ч, Монгол улсын үндэстний бодлого ч Монгол үндэстнийг үл хүлээн зөвшөөрөх, үгүйсгх асуудал дээр Ма Рооны “хоёрдугаар үеийн үндэстний бодлогыг” дэмжин, хамжин, хүч өгч, Монгол үндэстнийг үгүй хийхээрзүтгэж байх. Мэдээж гайхмаар! Яагаад? Учир юунд орших вэ?

Улс төрийн бодлого, шинжлэх ухаан ба үнэн

Учрыг олохын тулд дараах асуултуудад хариулах хэрэгтэй болов уу. Яагаад Монгол БНХАУ-д үндэстэн/минзү/nationality/национальность, Монгол улсад биш вэ? БНХАУ-ын Монгол, Монгол улсын Монгол хоёр өөр хэрэг үү? Өөр бол яагаад, юугаар? Яагаад БНХАУ-д Монгол, Манж, Төвд, Уйгур, Хятад зэрэг үндэстэн, Монгол улсад Халх, Сөнөд, Орос, Хятад зэрэг үндэстэн бэ? Монгол, Манж, Төвд, Уйгур, Хятад зэрэг нэг адил уу? Адил бол яагаад, юугаар? Халх, Сөнөд, Орос, Хятад,Англи, Франц, Герман, Япон зэрэг нэг адил уу? Адил бол яагаад, юугаар?

Яагаад Монгол улсад Халх, Сөнөд, Орос, Хятад зэрэг нь үндэстэн, Монгол биш вэ?Монгол нь Халх, Сөнөд, Орос, Хятадаас өөр хэрэг үү? Өөр бол яагаад, юугаар? Яагаад БНХАУ-д Монгол, Манж, Төвд, Уйгур, Хятад зэрэг үндэстэн, Барга, Сөнөд зэрэг нь биш вэ? Монгол, Манж, Төвд, Уйгур, Хятад зэрэг нь Барга, Сөнөд зэргээс өөр хэрэг үү?Өөр бол яагаад, юугаар? Яагаад БНХАУ-д Монгол гэж үндэстэн байгаад, Монгол улсын Барга, Сөнөд зэрэг үндэстнүүд бүгд нэг Монгол үндэстэн байх вэ? Яагаад Монгол улсад Монгол гэж үндэстэн байхгүй, харин Халх, Сөнөд зэрэг олон үндэстэн байх вэ?

Эдгээр асуулт, тэдгээрийн хариулт БНХАУ юуг эсвэл хэнийг үндэстэн гэж, Монгол улс юуг эсвэл хэнийг үндэстэн гэж үздэг талаар бидэнд юу хэлэх вэ? Яагаад Орос, Хятад, Англи, Франц, Герман, Япон зэрэг үндэстэн, Монгол биш вэ? Монгол эдгээрээс өөр хэрэг үү? Өөр бол яагаад, юугаар өөр? Ер нь яагаад Орос, Хятад, Англи, Франц, Герман, Япон зэрэг үндэстэн бэ? Яс үндэс, үндэс угсаа, ястан, үндэстэн, минзү, nationality, национальность, угсаатан, угсаатны бүлэг болон ethnicity, ба ethnic group гэж юу вэ?

Ягаад Зөвлөлтийн үндэстний онол БНХАУ болон Монгол улсад ийм эсрэг тэсрэг, харилцан үгүйсгэсэн үр дагаварт хүргэх вэ? Монгол улс, БНХАУ, ЗХУ адил уу? Адил бол яагаад, юугаар? Орос, Украйн, Беларусь, Казах зэрэг Хятад, Манж, Монгол, Төвд, Уйгур зэрэг Халх Сөнөд зэрэгтэй адил уу? ЗХУ-ын үндэстний онол, бодлого юу байсан бэ? Яагаад ЗХУ чухам тийм үндэстний онол, бодлого хэрэгжүүлсэн бэ? Яагаад БНХАУ чухам тийм үндэстний онол, бодлого хэрэгжүүлсэн бэ? Яагаад БНМАУ чухам тийм үндэстний онол, бодлого хэрэгжүүлсэн бэ? Мөн ямар учир Монгол улс одоо болтол түүнийг үргэлжлүүлдэг вэ?

Мөн БНХАУ болон Монголын үндэстний бодлого, үндэстний байдал нь эдгээр улсуудын шинжлэх ухааны бүтээсэн үнэн, шинжлэх ухаанч бодлого, шинжлэх ухааны бүтээсэн дэглэм. Гайхалтай нь яг эсрэг буюу харилцан бие биенээ үгүйсгэсэншинжлэх ухааны үнэн, шинжлэх ухаан. Тиймээс дээрх асуултууд нь зайлшгүй аль үнэн нь үнэн, аль шинжлэх ухаан нь шинжлэх ухаан бэ гэдэг асуултад мөн хүргэнэ.

Мөн дээрх асуултуудын хариулт нь аль шинжлэх ухаан нь худал, хуурмаг (pseudoscience) вэ гэдэг хариултад ч хүргэх мэт.Мөн дээрх асуултууд нь Монгол улс үндэстний бодлогоо эргэж харах эсэх, улмаар Монгол үндэстнийг үгүйсгэсэн бүртгэлийн геноцидоо үргэлжлүүлэх, эсэхээ ч эрэгцүүлэхэд хүргэх болов уу.

Эшлэл

Atwood, Christopher. 2020. “Bilingual Education in Inner Mongolia: An Explainer.” Made in China. https://madeinchinajournal.com/2020/08/30/bilingual-education-in-inner-mongolia-an-explainer

Baioud, Gegentuul. 2020. “Will Education Reform Wipe Out Mongolian Language and Culture?” Language on the Move, 30 August. www.languageonthemove.com/will-education-reform-wipeout-mongolian-language-and-culture.

Bethany Allen, Daria Impiombato, and Nathan Attrill, 2024, “‘Northern frontier culture’: How China is erasing ‘Mongolia’ from Mongolian culture.” The Strategist, https://www.aspistrategist.org.au/northern-frontier-culture-how-china-is-erasing-mongolia-from-mongolian-culture/

Болд,Л. 1993, “Монгол улс дахь нутгийн аялгуу судлалын тойм.”Исследования по историй Монгольскых языков, Рассадин, В. И. (ред.), Улан Удэ, 134–158.

Deerinwater, Jen. 2019. “Paper Genocide: The Erasure of Native People in Census Counts.”

Rewire.news, 9 December. https://rewirenewsgroup.com/2019/12/09/paper-genocide-the-erasure-of-native-people-in-census-counts/

Hirsch, Francine, 2005. Empire of Nations: Ethnographic Knowledge and the Making of the Soviet Union. Ithaca and London: Cornell University Press.

Leibold, James. 2018. “Hu the Uniter: Hu Lianhe and the Radical Turn in China’s Xinjiang Policy.” China Brief, 10 October. https://jamestown.org/program/hu-the-uniter-hu-lianhe-and-the-radical-turn-in-chinas-xinjiang-policy/

Leibold, James. 2015. “China’s Ethnic Policy under Xi Jinping.” China Brief, 19 October.

https://jamestown.org/program/chinas-ethnic-policy-under-xi-jinping/

Leibold, James, 2012 “Toward A Second Generation of Ethnic Policies?” China Brief, 7 July. https://jamestown.org/program/toward-a-second-generation-of-ethnic-policies/

Mair, Victor. 1991. “What Is a Chinese ‘Dialect/Topolect’? Reflections on Some Key Sino-

English Linguistic Terms.” Sino-Platonic Papers. 29: 1–31.

Ma Rong, 2014a “A New Perspective in Guiding Ethnic Relations in the 21st Century: “De-Politicization” of Ethnicity in China” in Lizhong Xie (ed) De-politicization of ethnic questions in China, Peking University Series on Sociology and Anthropology, World Scientific Publishing.

Ma Rong, 2014b “Current Crux and Solutions to Current Ethnic Issues in China” in Lizhong Xie (ed.) De-politicization of ethnic questions in China, Peking University Series on Sociology and Anthropology, World Scientific Publishing.

Mullaney, Thomas. 2011. Coming to Terms with the Nation: Ethnic Classification in Modern China. Oakland, CA: University of California Press.

Gerald Roche and James Leibold, 2020, “China’s Second-generation Ethnic Policies Are Already Here: What China’s History of Paper Genocide Can Tell Us about the Future of Its Minority Nationalities.” Made in China. https://madeinchinajournal.com/2020/09/07/chinas-second-generation-ethnic-policies-are-already-here/

Ринчен,Б. (ред.) 1979. Монгол Ард Улсын Угсаатны судлал, хэлний шинжилгээний атлас. Улаанбаатар.

Sorace, Christian. 2020. “Undoing Lenin: On the Recent Changes to China’s Ethnic Policy.” Made in

China Journal 5(2): 36–45.https://madeinchinajournal.com/2020/09/25/undoing-lenin-on-the-recent-changes-to-chinas-ethnic-policy/

Цэвээн,Ж. 1934. Дархад, Хөвсгөл нуурын урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дарьганга, Алтайн урианхай, Казах, Хамниганы гарал үндэс байдлын өгүүлэл. Улаанбаатар.

T.S. 2024. “Constructing a De-Ethnicised Inner Mongolia” Made in China. https://madeinchinajournal.com/2024/12/03/constructing-a-de-ethnicised-inner-mongolia/

ҮСГ. 1999. Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого явуулах журам, тооллогын хуудас нөхөх заавар. Үндэсний статистикийн газрын Хүн амын тооллого, судалгааны товчоо. Улаанбаатар.

ҮСХ. 2009. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын асуулга, нэгтгэлийн маягтыг нөхөх заавар. Монгол улсын Үндэсний Статистикийн Хороо. Улаанбаатар.

МУИС-ийн профессор, Др. Л.МӨНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

Baska [139.5.216.82] 2025-01-29 23:32:20

Бодох л асуудал бна шүү

Зочин [66.181.183.20] 2025-01-29 20:43:36

Онин бүлцэн Монголчууд аа, та нар давхраа хийлгэчихээд өөрсдийгөө битгий царайлаг болсон гэж бодоод байцгаа! Генийн хувьд хамгийн муухай харагддаг нь монголчууд юм.

Редакцид. [66.181.182.37] 2025-01-29 14:01:00

Дэндуу урт нийтлэл байна. Мэдээний сайтад ийм том зүйл нийтлэвэл уншихад хэцүү, онцгүй юм. Анхаараач.

Зочин [66.181.191.64] 2025-01-29 17:36:09

Солиор чи мууд тохируулж бичих ёстой юм уу

МУИС профессор [202.179.2.130] 2025-01-29 12:36:38

Үхсэнийх нь МУИС-ийн профессор надад өгсөнгүй гээд үхэхэ гээд онигоо боооод байсан биз дээ одоо бичихээс ичээч

Зочин [202.126.89.124] 2025-01-29 12:25:44

Эргүүтэх ч БИШШҮҮ бодох л бодол

Зочин [66.181.181.237] 2025-01-29 12:15:48

эргүүтэхээ больдоо????


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.