"Менингококк илэрсэн хүүхэд хордлого их, биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн"

Aдмин / Эрүүл мэнд

Налайх эрүүл мэндийн төвөөс өнөөдөр (2025.01.30) менингококк өвчнийтохиолдолтой холбоотой мэдээлэл хийв.

Налайх дүүргийн Шуурхай штабаас өгч буй мэдээллээр, өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний 08:35 цагт гурван нас долоон сартай эрэгтэй хүүхэд "Нарны элч" өрхийн эрүүл мэндийн төвд маш өндөр халуурч, асран хамгаалагчид нь үзүүлэхээр авч иржээ.

Өрхийн эмч анхан шатны үзлэгээр менингококк өвчний шинж тэмдэг илэрсэн гэж үзэж, Өрхийн эрүүл мэндийн төвийн машинаар Налайх дүүргийн халдвартын тасагт хүргэсэн байна. Дараа нь ХӨСҮТ-ийн тандалтын албанд 10:20 цагт мэдээлж, лабораторид шинжилгээ өгүүлжээ.

Өчигдөр 17:50 цагт шинжилгээний хариу эерэг гарч, менингококк болох нь тогтоогдсон тул Онцгой комиссын шуурхай штабыг яаралтай хуралдуулж, хариу арга хэмжээнүүд авч ажилласан байна.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгалийн мэдээлснээр, хүүхдийг өчигдөр өглөө эмнэлзүйн шинж тэмдгээр нь хүлээн авч, яаралтай эмчилгээнд оруулжээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37 тоот тушаалын дагуу мэдээллийг шууд ХӨСҮТ, ЭМЯ, НЭМҮГ-т өгч ажилласан. Мөн эрүүл мэндийн төвөөс тандалтын багийг шуурхай гаргаж, ойрын болон холын хавьтлуудыг судалсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол нэг.

Тухайн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хүүхэд энэ сарын 28-ны шөнөөс халуурч эхэлсэн. Ээж нь тухайн шөнөдөө халуун бууруулах эмчилгээ хийсэн ч өглөө босоход биеэр нь их хэмжээний тууралт гарч, улмаар өрхийн эмнэлэгтээ очсон. Хүүхэд хордлого их, биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн. Тохиолдол батлагдсан даруй эмч нарын шуурхай баг гарсан.

Халдварын тохиолдол илэрсэн хүүхэд ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тухайн хүүхдийн явж байсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг цуглуулж, тандалт шинжилгээ хийсэн.

Хүүхдийн ам бүл найм. Гэрийнхнээс мөн шинжилгээ авсан. Шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтооно. Одоогоор хязгаарлалт хийх шийдвэр гараагүй. Тандалтын зургаан шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор 25 байгууллагын 41 анги танхимыг ариутгаж, бүрэн халдваргүйжүүлсэн. Дүүргийн хэмжээнд зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааг тав хоног хориглосон" гэв.

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, тандалт судалгаа хийж буй аж. Өнөөдрөөс "Голомт" цогцолбор сургуулийн Бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, цахим хэлбэрт шилжүүлэхээр болжээ.

Иймд иргэддээ хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүх, өндөр халуурсан, биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөв.

Зөвлөмж: Менингококк хүрсэн хүний амь нас цаг минутаар хэмжигддэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна. Үүнд:

– Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин

– Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ

– Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг

– Агаар дуслын замаар халдварлана

– Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог

– Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө

Шинж тэмдэг

– Өндөр халуурах /39-40/

– Толгой хүчтэй өвдөх

– Дотор муухайрах бөөлжих

– Ухаан самуурах, таталт өгөх

– Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох

– Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох

Урьдчилан сэргийлэх

– Амны хаалт тогтмол зүүх

– Олон нийтийн газар зорчихгүй байх

– Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих

– Дархлаа дэмжих

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.241] 2025-01-30 17:43:51

Уг нь гэр бүлийн гишүүд болон цэцэрлэгийн бүх хүүхэд ажилтнууд тэдний бүх хүмүүсийг тусгаарлаж хол хорио тогтоож шинжилгээ авч каранттнд 14 хоног оруулмаар юм. Тэдэнд Хот явахыг бүрэн хориглох хэрэгтэй дээ....манайд хүн амьдрах нөхцөлгүй дээ...ЭМТ нэртэй газарт үйлчлүүлэгч эм бичүүлээхээс өөр юуч байхгүй мэдлэггүй хөөрхийс эмч гээд суудаг болжээ....эмнэлгийн ажилтан бэлтгэх газрууд бүгд дампуурчэээ....энэ сайд ажлаа өгөө....Туваан гэж сайд-тай зүйрлэхэд эд нар ёстой бага эмч нар юм даа

Зочин [1.230.76.219] 2025-01-30 15:23:10

Мэнингийн вакцин хийдэг болоод бараг устсан байсан ёинь хятдууд оруулаад ирээ биз


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.