Улаанбаатар хотын дулааны үйлдвэрлэл, түгээлтэд гэмтэл саатал гарахад өөр эх үүсвэрээс хангахад хязгаарлагдмал байгаа

Aдмин / Нүүр

Амгалан дулааны станцад өчигдөр гэмтэл гарч тэг зогсолт хийсний улмаас нийслэлийн зүүн бүсийн зарим айл өрх хэрэглээний халуун ус, халаалтгүй байсан талаар мэдээлсэн.

Тэгвэл гэмтэл гарсан шалтгааны талаар "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн ахлах инженер Т.Ангарагтай утсаар холбогдож, тодрууллаа.

- Өчигдөр гэмтэл хэдэн цагт юунаас болж гарсан бэ?

- Хоёрдугаар сарын 28-ны өглөө буюу 05:50 цагт давтамж хувьсгуур дээр гэмтэл гарч, станц тэг зогсолт хийсэн. Тэг зогссонтой холбоотойгоор зуухнуудад уур үүсэж, сүлжээний ус гарах 900-гийн коллекторт цохио үүссэн тул коллекторын хаалтын сальникан жийрэг сэтэрч усны гоожилт үүссэн юм.

- Гэмтлүүдийг хэр хугацаанд засаж, хэвийн горимд оруулсан бэ?

  • Давтамж хувьсгуурын гэмтлийг 18:00 цагт
  • Сальникан жийрэг сэтэрсэн гэмтлийг 17:10 цагт устгасан.

Манай станц гурван зуухтай.

  1. №1 зуухыг 18:30 цагт
  2. №3 зуухыг 20:45 цагт
  3. №2 зуухыг хоёрдугаар сарын 29-ны 00:17 цагт галлаад хэвийн ажиллагаанд оруулсан. Станц одоо хэвийн ажиллаж байна.

- Өнгөрсөн жил бас гэмтэл гарч иргэд халаалт, халуун усгүй байна гэх асуудал үүссэн. Тэр гэмтэл саяныхтай адилхан байсан уу?

- Өнгөрсөн жилийн гэмтэл манай нэг зуухан дээр л гарсан юм. Тэр үед станц тэг зогсоогүй.

"ЭНЭ ЖИЛИЙН ХЭТ ХҮЙТРЭЛТИЙН ҮЕД СТАНЦ 10-20 ХУВЬ ХЭТ АЧААЛАГДСАН"

- Танай станцын оргил ачаалал ямар байгаа вэ?

- Манай станцын суурилагдсан хүчин чадал нь 300 Гкал буюу 100 Гкал-ын гурван ширхэг зуухтай.

2023-2024 оны өвлийн оргил ачааллын үеэр нэг зуух ойролцоогоор 105 Гкал буюу суурилагдсан хүчин чадлаас 5-10 хувь илүү ачаалсан. Одоо гадна харьцангуй дулаарч байгаатай холбоотойгоор хоногт 6,000 Гкал дулаан үйлдвэрлэж байна.

Хавар, намар буюу завсрын улиралд станц хэрэглээгээ бүрэн хангадаг. Энэ жилийн хэт хүйтрэлтийн үед станц 10-20 хувь хэт ачаалагдсан.

Ерөнхийдөө Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээ их хэмжээгээр өсөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай станцад 100 Гкал нэг ширхэг зуухны ТЭЗҮ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар төслийн ажил 92%-ийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр галлахаар гүйцэтгэгч болох "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК-иас төлөвлөн ажиллаж байна.

- Станцын төхөөрөмжүүд хэр хуучирсан бэ?

- Манай станц ашиглалтад ороод есөн жил болж байна. Есөн жилийн хугацаанд хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангахын тулд жил бүр тоног төхөөрөмжүүддээ урсгал засвар хийн, шинэчлэн ажиллаж байна.

- Ер нь гэмтэл гарах үед станцыг хэвийн ажиллагааг хангах боломжгүй байдаг уу?

- Хотын станцууд болох ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4 нь цахилгаан дулаан хослон үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрүүдэд нэг турбин, нэг зуух гэмтэл гарсан тохиолдолд ОХУ-аас экспортын цахилгаан эрчим хүч худалдан авч, хэрэглэгч дээр үүссэн хэрэглээг хаах боломжтой.

Өөрөөр хэлбэл цахилгааны хэрэглээг экспортолж аваад нөхөх боломжтой. Харин Улаанбаатар хотын дулааны үйлдвэрлэл болон түгээлтэд гэмтэл, саатал гарсан тохиолдолд өөр эх үүсвэрээс хангахад хязгаарлагдмал байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-02-29 17:01:09

үнэхээр муу хан хийсэн станц юм аа. цохиог тооцсон байх ёстой хамгаалах ёстой.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.