Түмэн тэмээний баяр: “Монгол тэмээ-Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Aдмин / Энтертайнмент

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Түмэн тэмээний баяр-2025” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

“Түмэн тэмээний баяр” арга хэмжээ нь өвлийн улиралд зохион байгуулагддаг хамгийн том эвент гэдгээрээ онцлог. Монгол орны жавар тачигнасан тэсгим хүйтэнд хамгийн тэвчээртэй, улам өнгө зүсээ нэмдэг гайхалтай амьтан бол хорвоод хосгүй хоёр бөхт тэмээ билээ. Иймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон байр суурь эзэлдэг юм.

Тус хэлэлцүүлэгт “Түмэн тэмээний баяр”-ын санаачлагч, Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Х.Түмэндэлгэр- “Тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлж аялал жуулчлалын эргэлтэнд оруулсан Өмнөговийн загвар”,

Монгол тэмээ төслийн судлаач Ph.D Дэд профессор Ч.Жавзандулам-“Монголын ингэний сүү нийлүүлэлт, үйлдвэрлэл, тулгамдаж буй асуудлууд, боломж”, 1.1 сая дагагчтай адал явдалт аяллын контент бүтээгч, сошиал медиа инфлүүнсэр Сальма- “Тэмээн соёл, түүнд түшиглэсэн аялал жуулчлал, тэмээн спортыг олон улсын түвшинд хүргэхэд медиа салбараас үзүүлэх боломж, туршлага” сэдвээр илтгэл тавьсан юм.

Энэ үеэр Монгол тэмээ төслийн судлаач Ph.D Дэд профессор Ч.Жавзандулам “Эрт дээр үеэс ард иргэд ингэний сүүг эмчилгээ, сувиллын зорилгоор хэрэглэж ирсэн. Орчин үед шинжлэх ухааны үндэслэлтэйгээр чихрийн шижин өвчинг анагаадаг, аутизм өвчний шинж тэмдгийг бууруулахад тустай, хүний бие махбодод олон төрлийн витамин, эрдэс, амин хүчил, шим тэжээлийг өгдөг ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн гэж дүгнэсэн” хэмээн ингэний сүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар мэдээлэл өглөө.

Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнээс “Монгол тэмээ-Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлгийн зорилгын талаар тодрууллаа.

Тэрбээр ““Монгол тэмээ-Тогтвортой хөгжлийн боломж хэлэлцүүлгийн гол зорилго нь тэмээ маллаж байгаа иргэд эдийн засгийн боломжийг яаж бий болгох вэ?, мөн одоо олж байгаа ашиг орлогоо цаашид аялал жуулчлал, сүүний үйлдвэрлэл, ноос ноолуур, жуулчдад зориулсан бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээр хэрхэн нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэж байна. Говь нутгийн малчин эмэгтэйчүүд их хөдөлмөрч, тийм учраас хэлэлцүүлэгт аймгийн 15 сумаас тус бүр 5-8 говь нутгийн хөдөлмөрч дайчин эмэгтэйчүүд оролцож байна.

Өмнөговь аймаг 148 мянган тэмээтэй. Үүнээс жилдээ сүүний зориулалттай 15-20 мянган ингэ ботголж байна. Үүнийхээ 10 орчим хувийг саалинд хэрэглэж байна. Хэрвээ 50 хувийг нь саалинд ашиглавал аймгийн нийт ингэнээс гарах сүүний жилийн эргэлт 60 тэрбум төгрөгийн ашиг хүртэнэ гэж эдийн засагчид үзэж байгаа.

Тийм ч учраас бид ингэний сүүгээ экспортод гаргах зорилгоор НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, хувийн хэвшил Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран өдөрт 4 тонн сүү хуурайшуулах хүчин чадалтай ингэний сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон хоёр оролцогчийн сэтгэгдлийг хүргэе.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу бригадын малчин Р.Ганцэцэг:Манайх энэ жилийн тооллогоор 170 тэмээ тоолуулсан. Тэмээний ашиг шим их шүү дээ. Манай гэр бүл 2009 оноос хойш Ингэний айрагны баяр-Өмнөговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Үзэсгэлэн худалдаанд 200 гаруй литр ингэний айраг, сүү борлуулж байна.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын малчин М.Цолмон: Манай нутгийн өвлийн улиралд болдог ганц том баяр бол “Түмэн тэмээний баяр”. Тэмээний баяраар олон найз, нөхөдтэй уулзаж хөөрөлддөг.

Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид клуб


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.