Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 орноос 61 дүгээрт эрэмбэлэгдэв

Aдмин / Нүүр

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр танилцууллаа. Тус тайланд Монгол улс 2015 оноос хойш хамрагдахдаа сүүлээсээ 2, 3 дугаар байрт жагсдаг байжээ. Харин энэ жилийн хувьд 67 улсаас 61 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.

Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг "Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны тайланг Швейцарын Люцерн хотноо төвтэй байгууллагаас өнөөдөр дэлхийн улс орнуудад зэрэг танилцуулж байгаа. Энэхүү тайлан 1989 оноос хойш жил тутам хэвлэгдэн гарч байгаа бөгөөд өрсөлдөх чадварын талаар улс орнуудын өөрчлөлтийг харуулдаг. 2024 судалгаанд нийт 67 улсыг 366 шалгуур үзүүлэлтээр эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашигт байдал, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн бүлгээр эрэмбэлж харуулсан. Энэ оны тайланд Гана, Нигер, Пуэрто Рико гэсэн улс нэмэгдсэн.

Өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсаар Сингапур шалгарсан. Сингапур өмнө нь 2022 онд өрсөлдөх чадвар хамгийн өндөр улсаар шалгарч байсан. Сингапурын дараагаар Хонконг, Швейцар, Ирланд, Дани зэрэг улс эрэмбэлэгдсэн. “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024” судалгааны сүүлийн байрт Нигери, Гана, Аргентин, Венесуэл зэрэг улс эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн жилийн судалгаанд харагдаж байсан хөгжлийн хувьд хоцронгуй, засаглалын хямралтай улс орнууд хойгуур байруудад дахин эрэмбэлэгджээ. Түүнчлэн Монгол улсын хойно Бразил, Перу улс орсон.

Өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсыг 100 оноотой гэж үзвэл бусад улс ерөнхий өрсөлдөх чадвараар хэдэд явж буйг хардаг. Энэ аргаар жагсаахад манай улс 46.3 оноотой байна. Өөрөөр хэлбэл Сингапур 100 оноотой гэж үзвэл манай улс 46.3 оноотой явж байгаа юм. Гэхдээ манай улсын оноо өнгөрсөн жилийнхээс 10.3-аар нэмэгдсэн сайн үзүүлэлт байна. Түүнчлэн Монгол улс бизнес, засаглалын зарим үзүүлэлтээр хойно эрэмбэлэгдэж буй орнуудаас дээгүүрт орсон. Гэвч дэд бүтцийн үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс буурсан.

Эдийн засаг маш хурдтай хөгжиж буй улс орнууд өрсөлдөх чадвараар хойгуур эрэмбэлэгдсэн. Жишээлбэл БНАХУ 14 дүгээр байрт эрэмбэлэгджээ. БНХАУ том гүрэн хэдий ч өрсөлдөх чадвар өндөртэй барууны улсын нэг хүнд оногдох дундаж цалинтай харьцуулахад тав дахин бага байна. Цаашдаа нэмүү өртөг шингээсэн хөдөлмөрөө хамгийн өндрөөр үнэлж чаддаг улс орнууд илүү өрсөлдөх чадвартай байна. Хэдийгээр Баруун Европын улс орнуудын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа боловч бүтээмжээ үнэлж буй байдал, амьжиргааны түвшин, нэг хүнд ногдох орлого гэсэн үзүүлэлтээр бусад улс орнуудаас өндөр байна" гэв.


Сэтгэгдэл

Газрын зураг нийтлэл 2 хоорондоо зохицохгүй байна. [103.57.94.91] 2024-06-18 19:03:14

Ер нь дээрх газрын зураг нь дээр нийтэлсэн зүйлтэй ЯМАР ХОЛБООТОЙ юм бэ? Яг 1811 оны Наполеоны, 1938 оны Японы, 1940 оны Германы эзлэн түрэмгийлэлтэй АДИЛ төстэй зураг байх юм. Өрсөлдөх чадваргүй болж байгаа Монгол Улс нь ийм юм л МӨРӨӨДӨӨД байгаа юм уу?

Монгол хөгжихгүй байх магадлал ихтэй. [103.57.94.91] 2024-06-18 17:21:44

Монгол ирээдүйд байнга л сүүл мушгиж байна. 2-хөн хөрштэй, нэг социалист. Зах зээлийн капиталист орнуудаас хол. Хүн ам цөөтэй, хөдөлмөрийн хүч багатай. Ядаж байхад өвөл их хүйтэн, бүх юм тас хөлддөг, иймж жуулчид зөвхөн 4 сар л Монголд ирэх боломжтой. Дээрээс нь хөрөнгө мөнгөний нөөц багатай, тэгсэн мөртлөа нэг том нутагтай. Ийм байхад эдийн засаг хөгжтөл ч мөдгүйдээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.