Э.Уянга: Алдуул малыг нийтэд мэдээлснээс хойш жилийн дотор эзэн нь тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд шилжүүлнэ

Aдмин / Нүүр

Алдуул мал завших гэмт хэргийн гаралтын талаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга дараах мэдээллийг танилцуулав. Орон нутагт алдуул мал завших гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгааг тэрбээр яриандаа дурдсан юм. Тухайлбал Төв аймгийн хэмжээнд 2023 онд алдуул мал завших гэмт хэрэг 27 үйлдэгдсэнийг гэм буруутайд тооцож, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Энэ талаар "Алдуул мал завших гэдэг нь бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж өөртөө завших, захиран зарцуулахыг хэлнэ.

Жишээ нь шуурга уруудаад ирсэн адуу, бэлчээрээсээ тасарсан хонь, ямааг өөрийн эзэмшлийн малд нийлснийг мэдсээр байж худалдан борлуулсан, бусдад шилжүүлсэн эсвэл хүнсэнд хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн тухай хуульд заасны дагуу алдуул мал завших гэмт хэрэгт тооцогдоно. Иргэний тухай хуульд алдуул мал олсон хүн нь тухайн мал олсон нутгийнхаа Засаг дарга болон хэсгийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэж, малын эзнийг олтол өөрийн эзэмшилд байлган маллах эсвэл нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.

Хэрвээ алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол алдуул малыг үр төлийн хамт буцааж олгоно. Харин эзэн нь тогтоогдоогүй бол олсон хүний эзэмшилд шилжүүлэхээр хуульчилсан байдаг" гэдгийг ярилаа.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших

1.Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иргэний хуулийн 117 дугаар зүйл. Алдуул мал

117.1.Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.

117.2.Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.

117.3.Алдуул мал олсон этгээд энэ хуулийн 116.3, 116.4-т заасны дагуу зардал, шагналаа шаардах эрхтэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.