Сансар ба Монголчууд
Баримтат өгүүллэг
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж |1906-1937| идэрхэн залуу насандаа, яруу уран найргийн онгодоо халгиан шатаж явахдаа сансар огторгуйн тухай “Холхи газраас гялалзан харагдах өнгөт одоо... Манай хүн төрөлхтөн, чамтай танилцахыг хэдийнээс хүсэв ... хэмээн шүлэг найрагтаа мөрөөдөж явсныг бэлхэнээ мэдэх билээ. Газар дээрх амьдралаа яая гэж байж, галзуурах гэж... хэлэх нь ч тэр үед бас байлаа.
Монголын одон орон судлалын анхны эрдэмтэн эмэгтэй Санжмятавын Нинжбадгар|1924-2008| гуай Богдхаан уулын Хүрэлтогоотын аманд байрлах өнөөгийн Одон орон судлалын оргилын |ООСО-ын| анхны захирал нь бөгөөд тэрээр, дэлхийн нэртэй станцуудын ажиглалтаас мэдээлэл цуглуулж байсан гэдэг. С.Нинжбадгар гуай Монголын эртний математик” хэмээх алдарт номыг бүтээсэн одон оронч билээ.
Миний бие Нинжбадгар гуайтай Улаанбаатар хотод Сансар хороололд амьдарч байхад нь очиж уулзахад Алтангадас ба Долоон бурхан оддын нэр, хоорондын зайны тухай сонирхуулж байсныг би санаж байна. Их зохиолч, эрдэмтэн судлаач нар маань харамсалтайгаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч тэдний мөрөөдөл, гайхамшигт бүтээлүүд Монголын шинжлэх ухаан, уран зохиолын мөнх оргил болон үлдсэн юм. 1980 он бол дэлхийн хувьсгалын их багш В.И.Лениний |1870-1924| мэндэлсний 110 жилийн ойгоор түүний музейг ЗХУ-ын төлөөлөгчид наадамд ирэхэд нь нээнэ гэж төр амласан тул нийслэлийн бүх албан байгууллагууд Лениний мэндэлсэн өдрөөр |4 сарын 10| нийтийн коммунист субботникт гарч, миний ажиллаж байсан Гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэр архитехторч Дамбийням гуайн зургаар хийсэн Барилгачдын талбайд 16 шонтой бүхий гудамжны гэрэлтүүлэг шинээр босгож асаах бүх ажлаа энэ өдөртөө дуусгаж соц уралдаанд түрүүлж байлаа. 1981 он бол социалист Монгол орны маань хувьд Ардын Хувьсгалын 60 жилийн ойгоо угтах, гадаадын том зочин хүлээн авах, Лениний музейгээ өмнөх жил нээж амжаагүй тул өдгөө тус музейгээ |наадмын өмнө| нээх гээд л... их ойн, мөн бүтээн байгуулалтын ажил өрнөсөн жил байлаа.
Лений музей бол асар том байгууламж түүнийг босгох ажил бол манай тэр үеийн боломжоос ахадсан зүйл байсан тул зарим нь амжаагүй ч гэсэн яаж ийгээд наадмаар нээсэн л дээ. Нээлт нь ч гадаадын зочид ирж, баяр ёслолын байдалтай сайхан болсон. Дашрамд Ленин нас барсны 100 жил энэ 2024 онд тохиож буй. Наадам бол мэдээж болдгоороо л болно. Харин түүнээс өмнө бас нэг том үйл явдал гэнэт бий болсон юмдаг.
Майн баярын өмнөхөн дөнгөж Мартын наймнаа тэмдэглэж дуусч байхад сансартай танилцахыг хэднийнээс хүссэн их зохиолчийн маань мөрөөдөл биелэх боломж бүрдэж, монгол хүн сансарт нисэх тухай азтай завшаан энэ үед тохиосон юм. Тэр үе бол монгол орны хувьд социализм байгуулах хөгжлийн шатандаа том алхам хийж, хөдөө аж ахуй, аж үйлдвэрт сууриласан эдийн засагтай, гадаад олон улсад нэгэнт танигдсан Монголын тусгаар тогтнол гэдэг хаана ч эргэлзээ төрүүлэхээргүй болсон үе байв. Энэ үед монгол хүн сансарт нисэх явдал бидний тэр амжилт ололтыг улам баталгаажуулах том боломж ёстой байв. Иргэн миний хувьд ажил, амьдралд минь тохиосон тэртээ үеийн дурсамж, сэтгэлд минь шингэж үлдсэн байна. Яагаад гэвэл Монгол хүн сансарт ниснэ гэдэг тэр үед миний ой ухаанд багтамгүй бахархалт үйл явдал байлаа. Энэ тухай өгүүлсү.
ЗХУ 1957 оны намар анх удаа сансарт хиймэл дагуул хөөргөхөд би Сүх жанжны нэрэмжит сүрлэг сайхан сургуулийн бага ангийн сурагч байв. Энэ үйл явдал тэр үеийн хүүхдүүд бид байтугай томчуудын дунд мөн ч сонин хачин, үзэх нь бүү хэл, урд өмнө огт сонсоогүй зүйл бол “хиймэл дагуул-спутник” гэдэг шинэ үг хэрэглээнд орж ирсэн явдал юм. ЗХУ хиймэл дагуул гээчийг дэлхийг тойруулан хөөргөх болж тэр нь манай монгол орны нутаг дээгүүр өнгөрөх юм гэнэ ээ...хэмээн гайхацгааж эхэлсэн үе. Хүний гараар бүтсэн хиймэл “юм” дэлхийг тойруулан нисгэнэ гэдэг бол бидний ой тойнд багтмааргүй, түүнийг нь бүр газар дээрээс энгийн нүдээр олж харна гэдэг үнэхээр гайхамшиг байлаа.
Хиймэл дагуул харж болох анхны тэр орой манайхан хүүхэд хөгшидгүй бүгд л гадаа тэнгэр өөд хараад хүлээж байсан чинь од мэт цагаан гэрэл бүрэнхийд хэсэг гялалзаад л өнгөрсөн,түүнийг олж харсан бид “аах, аах хэмээн гайхаж, тэр, тэр явж байна” хэмээн зааж байх хооронд л хиймэл дагуул өнгөрөөд харагдахаа больсон. Түүнээс хойш хиймэл дагуул харах энэ үйл хэдэн ч удаа үргэлжилсэн билээ би санахгүй байна.
Тэгээд л сониуч зантай Монголчууд хэсэг шуугиж байснаа сүүлдээ бүр тоохоо больчихсон юмдаг. Түүний дараа удаагүй байтал 1960 оны намар билүү дээ нохой сансарт нисэх болсон юмдаг. Бүр нэрийг нь хүртэл хэлсэн Лайка, Стрелка хоёр |дворняга| гээд. Монголоор бол цэвэр үүлдрийн бус гэрийн гэх үү дээ ноход гэж байсан юмдаг. Сансарт хөөрөх ноход 6 кг-аас хүндгүй, өндөр нь 35 см-ээс илүүгүй байх техникийн шаардлагатай байсан юм билээ. Анх цэвэр үүлдрийн ноход сонгосон боловч тэд центропугийн сорилт давж чадаагүй гэнэ. Тэгээд л нөгөөх Лайка, Стрелка хоёр нисч нэг хоногийн дараа сансарт жингүйдэх нөхлийг даваад дажгүй буцаад эх газартаа ирсэн дээ. Тэд сансарт анх хүн нисэх нөхцлийг ийнхүү бүрдүүлсэн юм гэнэ лээ. Лайка, Стрелка хоёр ч тэр үед ёстой нэг мандаж гарсан даа. Тэр хоёр чинь хүн амьдаараа очиж төвдөөгүй диваажинд амьд очоод, амьд буцаад ирсэн байлаа.
Лайка, Стрелка гэдэг нэрийг мэдэхгүй хүнгүй болж, шууданд тэдний дүрстэй марк авах гэж хүмүүс дугаарлан зогсож байсныг би санаж байна. Нэр алдрын оргилд хүрсэн тэр хоёр маань, нохой л юм болохоороо зайлуул, нохой зангаа мэдээж орхисонгүй цуг байж чадахгүй хоорондоо үргэлж уралцдаг болжээ. Гэсэнч тэд өөрсдийнхээ үүргийг шинжлэх ухаанд нэр төртэй биелүүлсэн дээ.
Нэгэн сонин үйл явдлын тухайд: Стелка нохойн хоёр дахь үеийн гөлгийг тэр үеийн ЗХУ-ын тэргүүн Никита Хрущев АНУ-д айлчлахдаа ерөнхийлөгч Жон Кенниди, тэргүүн хатагтай Жаклин нарт бэлэглэхээр амласан гэдэг юм билээ. Мэдээж тэр үе бол сансрын ид үе, АНУ-ын иргэн Алан Шепард, Джон Глен нар сансарт амжилттай нисч ирсэн ч нохой сансарт амжилттай хөөрсөн үйл явдал мартагдаагүй байлаа. Тэр үед хоёр гүрний эзэд, тэргүүн хатагтай нарын хооронд өрнөсөн ойр зуурын яриа сансрын тухай болсон хэрэг. Жаклин Хрущевт хандан танайд “Сансрын нохдын гөлөг байдаг уу” гэж асуусанд Хрущев “Бий” гэж хариулав. Тэгвэл “Та надад нэг гөлөг өгөөрөй” гэснийг тэрээр дуртайяа зөвшөөрчээ. Хрущев буцаж ирээд тусгай үүргийн онгоцоор “сансрын” Пушинка нэртэй гөлөг Жаклинд илгээжээ. Тэр гөлөг Цагаан ордонд ирээд Пушинка нэрээ Чарли-гаар сольж Цагаан ордны эзэн, тэргүүн хатагтай нарын хайртай нохой болсноор улсын тусгай хамгаалтад, төрийн мөнгөөр тусгай хоол идэж, эздийнхээ хамт АНУ-ын нэрийн өмнөөс гадаад оронд аялж, гадаад улсын төрийн дээд зиндааны томчуулын цэвэр үүлдрийн олон танил найзтай болсноор хуучны өөрийн түүх, найз нараа мартсан байх. Ингэж дворняга гаралтай Пушинка нэр алдрынхаа оргилд хүрсэн түүхтэй. Нохойд хүртэл аз нь шовойж, амны хишиг нь амандаа багтахгүй болох гэж байдаг аж. Одоо БНМАУ-ын иргэн Жүгдэрдэмэдийн Гүррагчаагийн сансрын нислэгийн тухай яриандаа оръя. Анх Герман Титов дараа нь Терешкова, Николаев нар монголд ирж нийслэлийнхэн АҮК-ын цагаан хаалганаас төрийн ордон хүртэл жагсан, угтаж нийслэл даяар онцгой үйл явдал болж байлаа. Анхны хүн бол Юрий Гагарин 1961 онд түүний араас Герман Титов, Валентина Терешкова АНУ-д Гагаринаас хойш нэг сарын дараа Алан Шепард, дараа нь Жон Гленн |АНУ| .. гээд л дэлхийн олон улс бүгд л өөрсдийн нисэгчдээ сансарт гаргах хүсэлтэй байлаа. Монголчууд ч мөн адил. Сансарт хүн нисгэх ажил бол олон жилийн туршилт, олон хүний хувь заяа, амь нас, алдаа онооны дэнсэнд бүтсэн гэдгийг хэлэх нь зөв байх. Лайка, Стелка хоёрын өмнө нь өөр ноход гарсан ч амьд буцаж ирээгүй тул нэр нь гараагүй байж ч болох. Ингэж байтал 1981 он гарч монгол хүн сансарт нисэх болсон доо. Дэлхийн хоёр дахь социалист орон БНМАУ сансарт хүн нисгэх бол нэр төрийн хэрэг байв. Иймээс далаад оны сүүлчээс эхлээд л сансарт нисэх хүмүүсийг сонгон шалгаруулах комисс байгуулан нисэх хүнээ хайж эхэлсэн байх.
Энэ комисст БХЯ, ялангуяа тэр тус яамны жанжин штабын оперативын газрын дарга Ш.Жадамбаа генерал гол үүрэгтэй оролцсон гэдэг юм билээ.. Энэ хүн бол өнөөгийн |2016| УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд асан Ж. Энхбаярын аав байх. Ингэж анх сансарт нисэх хүмүүст шалгуулахаар маш олон эрэлхэг залуу нэрээ өгсөн л дөө.
Тэр дундаас сүүлд Ж.Гүррагчаа, М.Ганхуяг, С.Шаравсамбуу, Б.Лхагвасүрэн, С.Сайнцог, Д.Сүрэнхорлоо нарын зэрэг ... залуусын нэр дуулдаж тэд шалгалтад орох бэлтгэл хийж байсан ч энэ нүсэр ажил дуусаагүй тул чухам хэн нь сансарт нисэхийг зарлаагүй байсны эцэст эхний хоёр нь Гүррагчаа- Женибеков, Ганзориг-Ляхов нараас аль нэг хос нь нь сансарт нисэхээр болсон гэж байсан юмдаг. Энэ бүхнийг олон нийтэд Монцамэ,Телевизийнхэн шуурхай мэдээлдэг байв. Нэг инээдтэй ч гэмээр зүйл болсон, тэр нь Ганхуягийн нэрэнд буй “хуяг” гэдэг монгол үг, орос дуудлагаар нэг л эвгүй сонсогдсон юм байх нэрийг нь Ганзориг болгож сольсон байсан. Тэд өнгөрсөн хоёр гурван жилийн турш нислэгт бэлдсэн байх. Үлдсэн хоёр хосын чухам аль нь сансарт нисэх нь тэр агшинд тодорхойгүй байсан ч ниссэнийг нь угтах бэлтгэл ажилд Хотын намын хороо |Б.Алтангэрэл| Хотын гүйцэтгэх захиргаа |С.Мөнхжаргал|, Архитектур төлөвлөлт, зураг төсвийн товчоо |Т.Жадамбаа|, Урчуудын салбар |Доржханд| болон бусад холбогдох байгууллагуудын дунд миний ажиллаж байсан Улаанбаатар хотын Гэрэлтүүлэг,чимэглэлийн үйлдвэр орсон байлаа. Бид хамтарч Гүрррагчаа, Ганзориг нарын хэн ниссэнийх нь нэр, хөргийг тавихаар зураг, реклам чимэглэл, лоозон, плакат, энгэрийн тэмдэг бүх юмыг нь давхар бэлдэх маш хариуцлагатай ажилд шамдаж эхэлсэн юмдаг. Хариуцлага алдах бол наанадаж л намын батлахаа гээсэнтэй адил. Миний ажил бол сансрын нислэгийн реклам, гэрлэн чимэглэл хийж, Хотын урчуудын салбарын хийсэн зураг плакатууд өндөрт байрлуулах. Энэ салбарын дарга зураач Доржханд, Архитектур төлөвлөлтийн газрын зураачид Батсуурь, Рагчаа, Жамбал бид хамт ажиллаж байлаа. Хотын намын хорооны Алтангэрэл даргын хувьд бол бид бүхний ажлыг үзэл суртлын өндөр түвшинд шалгаж, хугацаанд нь бэлэн болгох явдал байсан байх. Бид хотын үйлчилгээнийхэн ба Мөнхжаргал даргатайгаа хамт байсхийгээд л хотын намын хороон дээр дуудагдаж Алтангэрэл даргад хийсэн ажлаа тайлагнан хариуцлага алдсан нь ажил, нам хоёроосоо салах хэмжээний банга хүртээд гардэг байв. Түүний бас нэг, нэн хариуцлагатай даалгавар бол Гүррагчаа, Жанибеков нарыг тосч авахад хамт байлцан хадаг сүү, цэцэг барьж угтах царайлаг залуу эмэгтэйчүүдийг олж бэлдэх ажил байлаа. Урьд өмнө нь гадаадын том дарга нар ирэхэд ийм ажил хийдэг л байсан байх. Түүний |Алтангэрэл даргын| албатууд соёл урлаг, үйлдвэр, албан газруудаар явж олж ирсэн бүсгүйчүүлээ даргадаа шалгуулдаг дарга шалгаж үзээд тэнцэхгүй бол буцаад эрэлд гардаг тухай тэр үеийн хотын намын хорооныхон ярьдаг байв. Яг л өдгөө мисс шалгаруулдаг шиг шалгадаг байх. Гэхдээ дарга нар чухам яаж шалгадаг байсныг би яаж мэдэх билээ. Үүнээс гадна мэдээж төрийн дээд хэмжээнд бол улс төрийн өргөн утга агуулга, өндөр үзэл суртал, шаардлага бүхий албан тушаалтнууд энэ түүхэн үйлд бэлдсэн байх шаардлагатай. Үүний дараа Ганзориг үлдэж, Гүррагчаа ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр нисэх тухай шийдвэр манай хоёр орон хамтарч гаргасан гэж байлаа. Ингэж монголын хөдөө талын эгэл жирийн малчин ардын хүүхэд энэ шалгалтад тэнцэж байлаа.
Яг л дуунд гардаг шиг “Саруул талын малчин айлд, сансрын нисэгч хүүхэд төржээ”. Хэрэв өнөөдөр ийм шалгаруулалт болсон бол хэний хүүхэд явах байсан бол хэмээн бодном. Тэр үед В.Ляховын ээж нь хүнд өвчний улмаас нас барсан юм билээ. Гэхдээ энэ бүхэн сансарт хөөрөх үе хүртэл жирийн бидэнд байтугай манай хоёрт ч бүх юм нууц байсан байх.
Владимир Жанибеков бол 1942 онд Казакстанд Александр Архипович Крысин гэдэг гэр бүлд төрсөн казак гаралтай хүн юм билээ. Олон удаагийн Сансрын нислэгт оролцож тэр үед энэ талаар арвин туршлагатай, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч болсон байсан. Жанибековын өөрийнх нь жинхэнэ овог нь Крысин гэдэг ч эхнэр Лилия Мунировна Жанибековагийнхаа овгоор Жанибеков овогтой болсон гэдэг. Оросууд эхнэрээрээ овоглох нь нэн ховор ч ингэхээс өөр арга тэр үед бараг л байгаагүй болов уу. Яагаад гэвэл ЗХУ-ын иргэн Крысин сансарт нислээ гэхээр крыса |харх| гэдэг үгнээс гаралтай энэ нэр оросуудын чихэнд тийм ч таатай сонсогдохгүй биз. Өмнө нь Быковский, Волков, Комаров, Котов гээд л сансарт нисч байсныг хэлэх үү. Одоо Крыс |ин| гэвэл арай л дэндэх биз. Бүгд үзэл суртлын өндөр түвшинд, онцгой цэвэр, цэмцгэр байхын тулд энэ бүхэн хийгдэж байсан юм шүү дээ. Гэхдээ Жанибековын нэрийн тухай тусгайлан сонирхоогүй байх. Эзэн Чингис хааны хүү Зүч хааны удмаас гаралтай Жанибек гэдэг нэр бол Чингис хааны алтан ургийн Зүч хааны отгон хүү Тугайтөмөрийн удмын Жанибек ханы эцэг Үзбэг |Узбек|, Үзбэгийн өвөг эцэг нь Мөнхтөмөр, Мөнхтөмөрийн өвөө нь Бат хаан, Бат хааны өвөө Чингис хаан...гэх мэтээр үргэлжлэх болно.
Казахын хант улсыг үндэслэгчдийн нэг Жанибекийн хөшөө дурсгал Казакстанд хуучны агуу их торгон замын хойд хэсгийн Тараз | сүүлд Джамбул болсон| хот мөн Алма Аты хотуудад байдаг юм билээ. Жанибег хан өөрийн эцэг Үзбег ханыг залгамжлан 1342-1357 онуудад Алтан ордны хан байв. Гэхдээ энэ овог Казакстан, Узбекстанд түгээмэл тул алтан ургын тухай асуудал гол нь бус гэдгийг хэлэх нь зөв буй зээ.
Тэр үед Чингис хааны талаар манай хоёр орон өөдтөй үг хэлдэггүй байсан ч түүний ургийн Жанибег хааны нэр ийнхүү сансарт гарсан нь “Ирония судьбы” |хувь тавилангийн тохуурхал гэмээр ч юм уу даа| гэх оросуудын хэлц үгийг эрхгүй санагдуулчихуй. Тэр үед манай нам засагт Чингис хааны тухай эерэг үг хориотой, аймшиггүй зоригтойгоор магтан дурсах буюу хөшөө дурсгалыг нь босгосон хэн нэгэн төрийн эсрэг гэмт хэрэгтэн болж нутаг заан цөлөгддөг байсныг монголчууд бүгдээр сайн мэддэг болсон байв.
Унгар улсын Будапешт хотын оюутан монгол залуу германы “Чингис хаан” хамтлагын гаргасан “Чингис хаан” дууг дуулсан хэргээр Унгар дахь элчин сайдын тушаалаар сургуулиасаа хөөгдөж байв. С.Нинжбадгар гуайн хань нөхөр Д.Төмөр-Очир МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тэмдэглэх ажлыг хөөцөлдөн зохион байгуулсан, үндсэрхэх үзэлтэн хэмээн буруутгаж нутаг заагдан хэлмэгдэж амь насаа алдсан.
Чингисийн хөшөөг “Гурван нуурт” хийсэн уран барималч Л Махвал мөн хэлмэгдсэн байдаг. Манай эрдэмтэд Жанибэг хааны угсааг мэдэж байсан ч илүү үг гаргаагүй байх. Нислэгийн тухай болон бэлтгэл ажлын хэсэг нийтэд нууц гэхдээ мэдээллийн хэрэгслүүд өмнө нь Гүррагчаа, Ганзориг нарын эцэг, эх дээр нууцаар очоод ярилцлага аваад телевизийн нэвтрүүлэг бэлдчихсэн байсан юм билээ. Энэ бүхнийг Монголын телевизийнхэн М.Чойжил дарга, зураглаачид Ч.Тогтох, Г.Дэлгэр, Б.Бат-Эрдэнэ болон бусад сэтгүүлчид хийсэн. Монцамэ, Кино үйлдвэр, Телевиз, Радиогийн сэтгүүлчид, фото зурагчид, Москвад очсон байх. Дээд удирдлагаас бол МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Г.Адъяа, Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Ч.Түмэндэлгэр нар хариуцаж байсан тухай кино зураглаач Ч.Тогтох ТВ-д өгсөн ярилцлагадаа дурсаж байлаа. Телевизийн баримтат киноны найруулагчид Ч.Гомбо, Сүхбаатар, Д.Юндэндорж Д.Содном, Ц.Долгор, Д.Жамъян Л.Умбааням, Д.Даваасүрэн... гээд л гадаадад мэргэжил эзэмшсэн олон шинэлэг авъяаслаг залуу киночид ид гарч байсан үе шүү дээ.
Миний бие Юндэндорж, Содном нарын хамт жанжин Сүхийн нэрэмжит нийслэлийн хоёрдугаар дунд сургууль төгссөн тул тэднийг сайн мэддэг, тэд маань ч ид уран бүтээлийн үедээ олон сайхан баримтат кино хийж байсан. Кино найруулагч Гомбо, зураглаач Сүхбатар нарын “Сансрын ахан дүүс” Юндэндоржийн “Ардын Зураач Ядамсүрэн” гуайн 70 насны ой, Төрийн шагналт Дэндэвийн Бадарч даргатай Цэргийн ансамблийн|тэр үеийн нэрээр| тухай гээд сайхан уран бүтээл гарч байсан. За одоо би Монголд тэр үеэр юу болж байсан тухай ярья. Манай төр Монгол хүн сансарт нисэх ажлын бэлтгэл хангаж байлаа. Хоол хүнс болоод бусад асуудлыг ШУА, түүний ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай хариуцан бүх бэлтгэлийн 70 хувийг хангаж Л.Лхагва, Д.Рэгдэл нарын хэсэг эрдэмтэд, эмч нар монгол чацаргана судлан маш сонин нээлт хийсэн гэдэг.
Энэ туршилтынхаа дараа Монгол чацарганы тосыг сүүтэй хольж олон төрлийн хоолны шахмал бэлдмэл гарган, тэр нь олон төрлийн витамин, шим тэжээл сайтай, мөн тослогийг бууруулж хүний биед шингэсэн хортой бүтээгдэхүүнийг сааруулах үйлчилгээ үзүүлдэг болохыг тогтоожээ.
Хорт бүтээгдэхүүнийг сааруулж зайлуулна гэдэг нь угтаа цацраг идэвхжилтээс хамгаалж буй бөгөөд энэ нь сансарт хүний биед яг тохирсон шимт тэжээл болсон тул Гүррагчаа сансарт хэрэглэсэн нь Монгол хүний организмд, монгол чацарганы бэлдмэлтэй хоол тохирч сайн үр дүн үзүүлсэн гэдэг. Яагаад гэвэл хүндийн болон таталцлын хүч үл үйлчлэх агаар мандал дахь орчинд хүний бие организмд гарч болзошгүй өөрчлөлтөөс хамгаалах нөлөө нь сайн байв. Гадаадын хэвлэл мэдээлэлд сансрын нисэгч Гүррагчаа болон чацарганы бэлдмэлийн тухай магтан бичиж байсан ч манай шинжлэх ухааны байгууллагын удирдлагуудын дуу хоолой нь нэг л сулхан байсан тул тэгсгээд өнгөрсөн хэмээн миний ах академич Базарын Дэмбэрэл агсан өөрийнхөө шавь Анагаах ухааны хүрээлэнгийн Лхагва эмчийн тухай дурсаж, харин ард түмэн түүнд “Сансрын Лхагваа” нэр хайрласан юм даа... хэмээн ярьж байсан нь санаанд тодхон үлджээ. Олон жилийн дараа ардчилсан төрийн нүүрэнд Лхагва, Рэгдэл нар төрийн шагнал хүртэн, Д.Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгч болжээ. Лхагва эмч “Би Гүррагчааг сансарт нисэх өдөр автобусаар хамт явж өмсгөлөө өмсөх байранд нь хүргэж байлаа”” гэж ярьсан нь сонинд өгсөн ярилцагад нь бий.
Гүррагчаа, Женибеков нар нисэх шийд гарсны дараа Олон улсын сансрын нисэгчдийн баг Владимир Женибеков, Жүгдэрдэмэдийн Гүррагчаа нар Сансарын Союз 39 хөлгийг жолоодон сансарт нислээ... гээд Монголын радио, телевиз болон МОНЦАМЭ мэдээлж эхлэв. Монголчууд доргиж байна. Сансраас Гүррагчаа ярьж байна, Анх удаа энэ онцгой чухал бөгөөд хариуцлагатай мэдээг Монголын радио хиймэл дагуулын системээр саатгүй нэвтрүүлсэн тухайгаа тус агентлагийн инженер Д. Цэдэвсүрэн, Д.Хасбазар нар хожим дурсан ярьдаг байлаа.
Гүррагчаагийн нэрийг дөнгөж сансарт ниссэнийх нь шөнийн 3 цагт |Монголын цагаар| манай дарга надад мэдэгдсэн ч нислэг ямар хугацаатай үргэлжлэх нь бидний хувьд тодорхойгүй байсаар гуравдугаар сарын 30-ны өдөр бууж ирэхээр болсон юмдаг. Энэ хооронд хэд, хэдэн удаа бид түргэн авч байсан ч бууж ирэхгүй л байлаа. Иймээс Гүррагчаа, Жанибеков нар Сансрын Салют-6 станцтай амжилттай холбогдон 1981 оны гуравдугаар сарын 22-30 ны хооронд 8 хоног сансарт байсан хэрэг л дээ. Тэр үед зарим мэдээллийн хэрэгслээр “Монгол Зөвлөлтийн найрамдал сансар ч салахгүй бат байна” гэж байлаа. Үнэндээ бол тэд сансарын судалгааны Салют станцаас салахад техникийн саатал гарсан гэдэг юм билээ. Гүррагчаа инженер мэргэжилтэй хүн болохоор Жанибековын хажууд хараад сууж байгаагүй сансарт тохиосон бүх ажлыг өөрийн мэдлэгт тушиглэн хийлцэж, заримыг нь бие даан хийж явсан байдаг. Ингэж тэд техникийн саатлыг хамтдаа давж, амжилттай газардсан юм. Гүррагчаа, Жанибеков нар гуравдугаар сарын 30-ны өглөө Москвагийн цагаар 14.44–д Казакстанд буусан гэж байсан.
Сансрын нисэгчдийг бууж ирэх өглөө үүрээр энэ мэдээг би дарга С.Мөнхжаргалаас авч Гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэр дээрээ ирж ажилчдаа дагуулан шаттай машинаараа гарч Энхтайваны гудамж дахь Ленин клубын |хуучин нэрээр| арын зам дээрх хэсэг зүлэгтэй зурваст |өдгөө байхгүй|, мөн нэгдүгээр дөчин мянгатын хамгийн эхний |зүүнээс|орон сууцны 7 дугаар байр дээр өмнө бэлдсэн ЗХУ- БНМАУ-ын сүлд бүхий сансарын нислэгийн ”Интеркосмос” нэртэй гэрлэн эмбелем босгож, Гүррагчаа, Жанибеков нарын зурагт хуудас Энхтайваны гүүр, өргөн чөлөөгөөр болон Төрийн ордны хоёр тал, Төв талбай, Бага тойргийн гэрэлтүүлгийн шонгуудад өглөөний 8 цагаас өмнө байрлуулж дууслаа. Нийслэлчүүдийг өглөө гэрээсээ гарахад нь л Гүррагчаа, Жанибеков нарын ирэх замыг бүрэн чимэглээд угтах тухай дарга нарынхаа даалгаварыг бид ингэж биелүүлсэн юмдаг. Улаанбаатар хотын захиргааны дарга С.Мөнхжаргал бол нийслэл хотын ажлыг шуурхай түс тас шийдэж, хүнд асуудлыг өөр дээрээ бүрэн авч чаддаг, зориг шйдэмгий бүтээлч хүн байлаа. Нийслэлийн асуудал ч өөрөө ийм шуурхай шийдэл шаарддаг байлаа. Тэр үеийн хотын харъяа байгууллагууд Архитектур төлөвлөлт, Урчуудын салбар, Хот тохижуулах газар, Гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэр,Тусгай үйлчилгээний авто бааз... гээд бэлтгэл нүсэр их суурь ажлыг нугалсан иймэрхүү ганц нэг жижиг байгууллагуудын тухай бол нэр усгүй, их үзэл суртлын давалгаан дундаа дагуулж урсаад л өнгөрсөн дөө. Хэн нь ч бидний ажлыг анхаарч үзээгүй, урмын үг ч хэлээгүй, мэдээллийн хэрэгслүүд бол мэдээж сансрын нислэг, томчуул, дарга нар болон өөрсдийгөө л сурталчилсан. Монгол жирийн малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт гарсан дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь космонавт бөгөөд тэрээр сансарт 188 цаг 42 минут болж дэлхийг 124 удаа тойроод бууж ирэхдээ л Монгол улсын баатар, монголын ард түмний хайртай хүү болоод ирсэн дээ. Баатар эрс зөвхөн дайн тулаанд төрдөг гэвэл бас үгүй ажээ. Монгол улс дэлхийн олон улс |188 байсан билүү| ЗХУ, Югослав задраагүй байсан, тэр| дундаас сансарт хүнээ нисгэсэн арав дахь орон болсон гээд л бахархаж байлаа шүү дээ.|өдгөө 200 гарсан байх Токио 2021 олимпод 203 орон оролцож байсан|. Гүрррагчаа сансарт нисээд эсэн мэнд ирлээ гэдэг энэ баярт мэдээг жирийн иргэний хувьд би хамгийн түрүүнд биш ч гэсэн эхний хэсэгт сонссон азтай нэгэн байж билээ. Манай гэрийнхэн болон үйлдвэрийнхээ дунд сансрын тухай хамгийн их мэдлэгтэй нь би байлаа шүү дээ..
Тэр үеийн “Үнэн” сонины фото-кор |сурвалжлагч, гэрэл зурагчин| М.Лхагвасүрэн Ц.Нина нар Гүррагчаа Жанибеков нарыг Байконурт буухад очиж гэрэл зураг авч сүүлд Мишигийн Лхагвасүрэн агсан “Сансарын гараа” номоо гаргасан байдаг. Залуус бол гадаа гудамжинд монгол хүн сансар огторгуйд анх удаа хөөрч байна хэмээн баярлацгаан хашгиралдаж, хөгшчүүд бүгд радио,телевизийнхээ өмнөөс бараг салаагүй.
Яг л өнөөдрийн нүүрсний тухай хэлэлцүүлэг шиг байсан. Монголчууд бид аль байдгаараа баярлан ”Гүррагчаа, сансар” гэдэг хоёр үгээр амьсгалж, өмнө нь нутгийнхнаас нь өөр хэн ч танихгүй байсан түүний аав Жүгдэрдэмид гуайн нэр өргөн олны дунд анх удаа гарч байж билээ. Дараа өдөр нь л мэдээллийн сүлжээнд Жүгдэрдэмид гуай өөрийн нутаг Булган аймгийн үзэсгэлэнт Хөгнөхан уулын өвөр Гурванбулаг сумаас гэрийнхээ хойморт таваг дүүрэн цагаан идээнийхээ дэргэд хүүдээ өгч, сансарт нисгэсэн халтар мана хөөргөө барьж, эхнэр нь одонгоо зүүчихсэн ТВ-д ярилцлага өгч байсан нь тодхон санагдаж байна. Сансар огторгуй, Союз хөлөг, Орбит, Салют станц, Гүррагчаа гэх мэт үгс мэдээллийн бүх хэрэгслэл, хүн бүрийн амны уншлага болж Монгол даяар энэ цаг мөчид зөвхөн сансрыг ширтэн харж тэр шөнө манай дарга нар бүгд нойргүй хоносон байхаа. Их зохиолч Ц.Дамдинсүрэн гуайгаас: Монголчууд хэзээ хамгийн сүүлд ингэж их баярлаж байсан бэ гэхэд тэрээр “Манжийн дарлалаас салахад” гэж хариулсан гэдэг. Монголчууд төрсөн хөвгүүндээ Гүррагчаа нэр өгч, багачууд хүүхдүүд “Сансрын нисгэгч ахаа Сайн яваад ирэв үү” дуу дуулж Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Авхийн Хавлааш, Алтангэрэлийн Бүтэд нар Юндэн, Нансалмаагийн дүрээр А.Хавлааш БНМАУ-ын Ардын жүжигчин, А.Бүтэд гавъяат жүжигчин цол шагнуулж байлаа. Ардын жүжигчин Түмэндэмбэрэл гуай Р.Энхбазарын зохиосон “Сансарын нисэгч Ахаа”, “Монгол ээжийн хоёр хүү” дууг Түмэндэмбэрэл жинхэнэ монгол ээжийн аялгаар дуулж монголын нэрт зохиолч Сономын Удвал гуай “Ээжийн минь өгсөн арван төгрөг” гэж маш хөөрхөн шүлэг бичиж байлаа. Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, нэрт яруу найрагч Т.Очирхүү нарын “Сансарын нисэгч ээжийн хүү” дуу гарсан байна. Манай томчуудаас Л.Түдэв, Б.Явуухулан, Ш.Сүрэнжав, П.Бадарч, З.Дорж, Б.Лхагвасүрэн ...гээд тоолж барамгүй уран бүтээлчид шүлэг найргаа туурьвиж байсан.
Ер нь бол Монголчууд бусад нийгмийн бүх салбартаа ч сансрын уянгаар амьсгалж, Сансар хороолол, Сансар кино театр, Сансар САА байгуулж,улс даяараа, хотол олноороо, айл саахалтаараа бүгд баярлацгааж байлаа. Ингэж Гүррагчаа эв түнжин тааруу Монгол түмнийг үндэсний хэмжээнд нь нэгэнтээ эвлэрүүлэн нэгтгэж чадсан том үйл болсон юм даа. Урд өмнө нэрийдсэн эв нэгдэл бол байсан л даа, харин ийм бодит амьдралаас ундрагатай эв нэгдэлд хүрч байсныг би санахгүй байна. Гүррагчаагийн дараа хэд хэдэн Монгол Улсын баатар гарсан л даа. Гэхдээ Монголчуудыг тийм эв нэгдэлд хүргээгүй. Манай социалист нийгэмд авч болох алдар нэр, гавъяа, шагналууд бүх юм Гүррагчаатай хамт байхаар түүн рүү тэмүүлж байлаа. Хэрэв тэр үед жинхэнэ Монгол бурхан бүтээх тухай дарга нарт даалгасан бол Гүррагчаагийн дүрийг гаргах байсан байхаа. Найрамдал-Дружба хэмээн олон жил нөхөрлөж ирсэн хуучны анд нөхөр ЗХУ бидэнд ийм сайхан боломж олгосон нь “Старый друг лучше двух” гэж тэдний хэлдэг нь хоосон үг биш гэдгээ ингэж бидэнд нотолсон байх. Жанибеков бол хэд хэдэн удаа |5 удаа байх| сансарт ниссэн арвин туршлагатай МУ-ын баатар, генерал-майор цолтой сансрын нисэгч юм. Анхны нислэг нь 1978 онд Союз-27 хөлөг, удаах нь Гүррагчаагийн хамт 1981 онд Союз-39 байх. Олон ч удаа нисч дэлхийн олон улсын дээд шагнал хүртэн түүний хөшөө дурсгалыг нь босгосон байх. Түүнээс хойш нэг л мэдэхэд дөч гаруй жилийн нүүр үзсэн байна. Ж.Гүррагчаа дэслэгч генерал болж төр засгийн өндөр албанд зүтгэн, Майдаржавын Ганзориг Сансар судлалын хүрээлэн байгуулж, эрдэм шинжилгээний ажил эрхлэн энэ салбарт шинэ үеийг нээн Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат ажилтан, хөдөлмөрийн баатар болсон нь түүхэнд үлджээ. Гүррагчаа ярилцлагадаа “Сансарын уудмаас манай дэлхий жижигхэн, цэв цэнхэр, их гоё харагдаж байсан. Бид энэ гоё эх дэлхийгээ хайрлан хамгаалж амьдрах үүрэгтэй гэж байлаа. Киночид сансрын тухай Ододын ахан дүүс, Сансарт хүрэх зам зэрэг олон кино хийж, Сансар хороолол, Сансарын талбай, Сансар кино театр бий болж залуус бид тэр үед сансрын тухай сонирхсоор лут мэдлэгтэй болж Союз хөлөг, Салют-6 хэмээх тойрог замын станцын талаар хоорондоо цэц булаалдан, Союз 39 хөлгийг Сансарт хүргэх пуужин 20 сая морины хүчтэй, Сансрын хөлөг Париж- Лондоны хооронд 8 минут, Африк тивийг зургаан цагт туулдаг. Газарт өдөр, шөнө 24 цагаар солигдож байхад сансарт энэ шилжилт 90 минутад болж байдаг. Тэгэхээр Сансарт ниссэн хүн 90 минутын хэмнэлээр хөгшрөх юм болов уу гээд л маргалдаж байлаа шүү дээ. Заримдаа бүр инээдтэй юм ярина л даа.
-Стыковка гэж юу юм?
-Залгалдахыг хэлж байгаа юм
-Тэгээд тэр Союз хөлөг чинь Салют станцтай стыковка болоод салж чадахгүй байсан гэлүү....
-Аха.
-Яаж салсан юм тэгээд
-Үүнийг чинь төвөөс газраас удирдаж байгаад залгалдуулдаг юм.
-Яаж?
-Яахав дээ, дээш, доош нь гээд команд өгч байгаад л залгадаг.
-Тэгээд салдаггүй юм уу?
- Жаахан байж байгаад салсан ш дээ.
-Хм бас команд өгөөд үү?
-Аха.
-Команд өгөхгүй бол салахгүй нь байна ш дээ. Хэцүү л эд байна.... гээд .залуус бид бөөн инээдэм болцгоодог байлаа. Хүний хараа үл хүрэх газар, ухаан хүрнэ гэдгийг биеэр харсан бид тэрхэн үед сансарт хүн нэг удаа нисээд л баатар болдог хэмээн хүүхэд багачууд цөм сансрын нисэгч болох үйлс өрнүүлж дараагийн нисэгч болно, хэмээн мөрөөддөг байв даа. Түүнээс хойш тэдний мөрөөдөл он жил өнгөрөөж төр засгаас үүнийг биелүүлэх гэсээр өнөөг хүртэл нэг л мэдэхэд дөч гаруй жил болчихсон байна. Засаг төр маань зав багатай ч хэзээ нэгэн цагт сансар судлалтай холбоотой судалгааны оновчтой хөтөлбөр боловсруулан ажиллаж Сансар судлалын анхны төв байгуулан Японы тусламжтайгаар “Мазаалай” хиймэл дагуул хөөргөж энэ 2024 ондоо бид өөрсдийн бүтээсэн анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө. Цаг хугацаа гэдэг зүгээр л урсаад л өнгөрдөг зүйл бус, арга билгийн нөлөө бүхий асар их хүчтэй хязгааргүй уужим орон зайд орших, эцэс төгсгөлгүй ухагдахуун юм. Цалгиан дундаа ямар ч үзэгдэл, амьдралын хэмнэлийг өөрчилж, дэлхий хорвоог дээлийн өнгө мэт элээж, өөрөө мөнхийн хөдөлгөөнд байх атлаа өчүүхэн ч үл элэгдэх ажгуу. Энэ дунд хүн өтөлж дээл ганддаг...гэж хуучны үг оршино.
Цаг хугацаа их зохиолчийн мөрөөдлийг биелүүлж, Гүррагчааг сансарт нисгэж, сансар, ертөнцийн тухайн ойлголт ингэж өөрчлөгдсөн юм даа. Гүррагчаатай хамт сансарт гийсэн “Уяхан замбативийн наран” хорвоо ертөнцийн хүй мандал дунд өнө мөнхөд мандан мандсаар л. Газар дээр явж буй хүмүүн, түмэн бодисын тайлагдашгүй нууцыг илэрүүлсээр буй дэвшлийнхээ явцад сансар огторгуйн нууц нээгдэж байна.
Үүний төлөө Гүррагчаа биднийг Сансар огторгуйд хөтөлсөн юм. Тэр үеэс хойш олон жил өнгөрч 2021 онд тохиосон Монгол хүн Сансарт ниссэний 40 жилийн ойгоор сансрын нисэгч Ж.Гүррагчааг Монгол төрийн дээд шагнал Чингис хааны одон, ОХУ-аас Төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнажээ. Энэхүү завшаанаар зүс танихгүй боловч Монгол түмний хүү, сансрын нисэгч Гүрррагчаа Та болон Таны гэр бүлд аз жаргал,сайн сайхан бүхний хүсэн ерөөе.
Найдансүрэнгийн Бадарч
Сэтгэгдэл
MARSHL.L.D.ERDENEBAT. [66.181.180.237] 2024-03-23 13:46:43
CCCP.CONC.CAP.CAHCARIH.RADIO.....UZEL.TUNEL.
MARSHL.L.D.ERDENEBAT. [66.181.180.237] 2024-03-23 13:45:05
CCCP.CLUSHAET.SOLONZE.COSMUSE.PADIO.
L.D.ERDENEBAT.MARSHL. [66.181.180.237] 2024-03-23 13:43:31
CCCP.CONC.CAR.CANSARIN.PADIO.USA.UNBERSAL.
Зочин [103.212.119.35] 2024-03-22 10:36:12
Таксийдсан гэж онигоо хэр ортой вэ...
Иргэн [66.181.178.192] 2024-03-22 10:13:24
Бичсэн юмаа монгол хэлний багшаар хянуулчихгүй ямар ч их дүрэм найруулгын алдаатай юм.