Улсын хил тайван, хилчдийн нүд цогтой байна

Aдмин / Нүүр

Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр анги болон Алтанбулагийн застав, Тавтын заставт өнжлөө.


Монгол Улсын хойд талаар эмжин Орхон Сэлэнгийн сав газраар дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн байрлах Сэлэнгэ аймаг. Энэ аймаг Монголын цэргийн түүхтэй маш их холбоотой аймаг билээ. Ардын хувьсгалын өлгий болох Алтанбулаг, Тужийн нарс, дуунд мөнхрөн үлдсэн Дөрвөлжин сүм гээд Сэлэнгэ аймагт манай улсын онц чухал цаг үеийн түүхийн улбаа тодхон үлджээ. 1921 онд Ардын хувьсгалын анхны ялалт Сэлэнгэ аймагт болж, Шивээ хиагт, Шаамарын шар тохой, Улаанбургас, Ханын хөндийн тулалдаанууд түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ардын журамт цэрэг байрлаж, зохион байгуулалтаа шийдвэрлэн байсан Ханын хөндий, Номт, Эрээн арал, Алтан зэрэг газрууд түүх соёлын дурсгалт газар болон үлдээд байгаа юм. Тэгэхээр Сэлэнгэ аймаг манай цэрэг армийн ялгуусан түүхтэй салшгүй холбоотой байгаа биз. Ялгуусан гэсний учир нь Монголын арми XX зуунд томоохон тулаануудад ганц ч ялагдаагүй гэж түүхчид дуу нэгтэй баталдагт байгаа юм.

Хилийн цэргийн 0101 дүгээр анги үнэхээр арвин их түүхэн замналтай. 1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар Алтанбулагт байцаан өнгөрүүлэх пост хэмээн байгуулснаар энэ ангийн түүх эхэлнэ. 1949 онд Улаанбаатар-Наушкийн өргөн төмөр зам ашиглалтад орсноор зорчигчдын урсгал их болж, Сүхбаатар хотын байцаан өнгөрүүлэх ангийг илүү өргөтгөн штабтай болгожээ. Ийнхүү цаг хугацааны явцад өргөжин тэлж, үүрэг хариуцлага нэмэгдсээр өдгөөгийг 0101 дүгээр анги орчин үеийн хилийн цэргийн ангиа болон төлөвшөөд байна.

Ангийн хаалгаар ороход бүх зүйл цэмцгэр, эмх цэгцтэй харагдана. Ангийн штабын байр бүр ч цэвэрхэн. Нэгэн жигд дүрэмт хувцастай алба хаагчид ажил төрлөө амжуулан ийш тийш яаруухан алхана. Ер нь аливаа байгууллагын эмх цэгцтэй байдал даргаас нь хамгийн их шалтгаалдаг. Тэгвэл 0101 дугаар ангийг ангийн захирагч хурандаа Н.Баяржаргалгүйгээр төсөөлөхөд бэрхтэй. Нэг давхарт байрлах номын сан хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Төрөл жанраар нь эвтэйхэн өрж тавьсан номуудыг харж байхад голдуухан хилчдийн түүх, дурсамж, амьдралын замналын тухай ном түлхүү юм.

Мэдээж бусад төрлийн номууд байх боловч харьцангуй эрэлт ихтэй байдаг гэнэ. Хугацаат цэргийн алба хаагчид уран зохиолын, хувь хүний хөгжлийн номуудыг түлхүү унших хандлагатай байдаг аж. Зарим ном их л олон цэрэг байлдагчийн гарыг дамжсан бололтой нэлээд хуучирсан байх авч, дориун сайн торддогийн ачаар бас дажгүй цэвэрхэн харагдана. 0101 дүгээр ангийн хамт олон “Алдарын танхим”-аа үнэхээр сайхан тохижуулсан байлаа. Шилэн хоргонд дахь тухайн цаг үед хэрэглэгдэж байсан эд зүйлсийн бяцхан цуглуулга, ангийн жанжин туг гээд донжийг нь олж зөв байрлуулсан үе үеийн ангийн захирагч нарын зураг гээд ер нь өөлөх юмгүй гэхэд болохоор байв. Ангийн төв байрны байр байдал ер нь нам гүм бөгөөд эмх цэгцтэй газар аж. Энд бүх зүйлсийг дэлгэрэнгүй бичиж болохгүй тул ангийн төв байрны тухай ингээд өндөрлөе.

Аймгийн төвд байрлах ангийн төв байрнаас гараад Монгол Улсын хойд хилийн Алтанбулагийн боомтыг зорилоо. Нэлээн хэдэн жилийн өмнө хальт очиж байсныг бодвол багагүй тохижилт, зохион байгуулалтын зөв оновчтой шийдэл гаргаж чаджээ. Чөлөөт бүс рүү орохын тулд машинтайгаа бараг л гэр хороолол дундуур шахуу дараалалд зогсож байж ордог байсан бол шинэ зохион байгуулалтаар хуучны тэр нэг сонин байдал алга болж. Ойлгомжтой, хялбар болчихож. Нэгэнт ирснийх Алтанбулаг дахь чөлөөт бүсээр орж үзлээ. Шалган нэвтрүүлэхийн цэргүүд тун шуурхай юм. Бичиг баримт шалгах, нэвтрэх хуудас өгөх зэрэгт ямар нэгэн хүндрэл бол алга. Шалганы цэргүүд юу ч асуусан сайхан ойлгомжтой гэгч нь тайлбарлаад өгчихөөр үл ойлголцох юм гарахгүй амар юм л даа.

Алтанбулагийн чөлөөт бүс хүн тун цөөхөн эл хуль байлаа. Жимс, хүнсний ганц нэг дэлгүүр л ажиллаж харагдав. Өмнө нь архи согтууруулах ундаа зардаг байхад ёстой бужигнаж байдаг байв даа. Тэр хэрээр шалганы цэргүүд ч амсхийх завгүй байдаг байж. Тодорхой шалтгааны улмаас архи дарс худалдан борлуулахаа болиод багагүй хугацаа өнгөрч байгаа ч хэзээ буцаж өмнөх байдалдаа орохыг хэлж мэдэх хүн алга.

Чөлөөт бүсээс гараад застав руу хөдөлцгөөлөө. Тэнд Монгол Улсын дархан хилийн 652 дугаар багана байрлана. Нэлээн олон жилийн өмнө нэрт нийтлэлч Ж.Гангаа ахтайгаа яг энэ багананд ирж сурвалжилга бэлтгэж байсан юм. Тэрнээс хойш бас л сайн тохижилт хийж, ойр орчим нь тохитой аятайхан болжээ. Дархан хилийн баганаас холгүйхэн завтавын байр болон гэрээт хилчдийн байр харагдана. Хилийн цэрэгт хугацаат цэргийн албанд татагдан ирсэн залуус арван сар албаа хаагаад гэрээт алба хаагч болж болдог юм байна. Мэдээж боломжийн өндөр цалинтай. Гэрээтээр алба хаах хугацаандаа чамгүй мөнгө хуримтуулах бололцоотой юм байна лээ.

За тэгээд гэрээт хилчин байж байгаад цаашаа хилийн цэрэгтээ үлдээд офицер болмоор байвал тодорхой шалгалт шүүлгээ өгөөд хилийн цэргийн сургуульд орж болох нь. Ер нь ажиглаад байхад хил дээр ажиллах асар өндөр хариуцлагатай, нэр төрийн хэрэг аж. Гэрээт хилчдийн байр үнэхээр тохилог. Боловсон ариун цэврийн өрөө, усанд орох хэсэг гээд бараг л гэртээ байгаа мэт тухтай юм. Хүмүүсийн төсөөлдөг шиг хилийн цэрэг гэхээр л алс хол харилцаа холбоогүй хязгаар газарт цөлөгддөг гэсэн үг огт биш. Харин ч бүр эсрэгээрээ амт чанартай хоол ундтай, өөрийгөө яаж л бол яаж хөгжүүлэх бололцоотой, тохь тухтай байр сууц, харилцаа холбоо гээд бүх зүйл иж бүрнээрээ байхыг харахаар бахдах сэтгэл эрхгүй төрж л явлаа. Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Алтангийн застав нохой үржүүлгийн газартай.

“Хилчин” албаны нохой үржүүлгийн газарт цэвэр цусны удмын сангийн гэрчилгээтэй нохой үржүүлдэг. Эдгээр ноход хил хамгаалахад тунчиг тохиромжтой агаад маш чадамжтай. Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь “Хилчин” албаны нохойн үржлийн газрыг Герман улсын нохойн удмын санд бүртгэлтэй цэвэр цусны үүлдрийн найман немц овчарктайгаар анх эхлүүлж байжээ.

Харин нохой үржлийн газар маань цэвэр цусны нохдоор удмын санд баяжуулалт хийж, үржлийн чанараа сайжруулж 20 гаруй нохойг үржил болон хилийн албанд ашиглаж байгаа гэнэ. Ерөөсөө тус ангийн нохой үржлийн газар хилийн цэргийн бусад анги, тусгай салбарууддаа үүрэг гүйцэтгэх өндөр чадамжтай нохдыг нийлүүлэх бүрэн боломжтой гэдгээ хэлцгээж байлаа. Сайн нохой гэдэг хилчин дайчдын үнэнч туслах гарцаагүй мөн ажгуу. Алтанбулагийн заставаас гараад дараагийн застав болох “Тавт” руу хөдөллөө. Аймгийн төвөөр дайран өнгөрч, монголчуудын сайн мэдэх “Сайханы хөтөл” рүү чиглэн явлаа.

“Тавт” руу явахад энэ замаар явдаг аж. Аймгийн төвөөсөө хорь гаруй км хол, шороон замаар явж хүрдэг тус заставт хорь гаруй цэрэг алба хааж байна. Хотоос голдуу ирсэн 18-19 насны залуус байлаа. Энэ оны 10 дугаар сард халагдах эдгээр хилчин залуус албандаа үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа ярьцгааж байлаа. Эхлээд гэрээ бага зэрэг санаж байсан бол одоо дасаад “Тавтын застав”-таа улам л хайртай болжээ. Биднийг очиход хойшоо гарч яваа ачааны галт тэрэг хамт ирж таарсан юм. Хилчид маань шалган нэвтрүүлэх ажилдаа гарчээ. Хамгийн эхэнд тэдний соёл хүмүүжлийн өрөөгөөр орлоо. Телевиз, унших ном, гитар гээд залуусын хэрэгцээтэй бүх зүйлс тэнд байна. Үүрэгт ажлаа, сургалт гэх мэт зүйлсээ хийгээд чөлөөт цагаараа хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх бүрэн бололцоо заставт байна.

Ангийн зүгээс тухайн сард идэх хоолны цэс, нормыг баталж өгдөг. Хоолны чанар, амттай ярих зүйл алга. Шим тэжээлтэй хоолны цэс үнэхээр баялаг юм билээ. Цэргүүдээс юу ч асуусан ерөнхийдөө л “Тийм”, эсвэл “үгүй” гэх товч хариулт сонсох боловч ойртоод ярилцвал элдэв маяггүй сайхан яриа хөөрөө өрнүүлж байгаа юм. “Одоо удахгүй хуучин цэргүүд маань халагдана.

Шинэ цэргүүд ирнэ. Бидний зарим маань тэгээд хал цэрэг болно” гэж инээмсэглэн ярих хилчин залуус хайр татам, хүндэтгэл дүүрэн байсныг хэлүүштэй. “За тэгээд ер нь элдэв дэглэлт, дарамт юм байна уу” гэж асуувал харин ч өөдөөс шоолох аястай “Яалаа гэж тийм юм байхав дээ. Элдэв дарамт, элдэв дэг манай ангид огт байхгүй. Бид харин ч энд маш их зүйл сурч мэдэж, жинхэнэ эр хүн болж байгаа. Бид эх орныхоо дархан хилийг манаж байгаа эр цэргүүд шүү дээ” гэсэн хариулт өгцгөөж байсан юм. Монгол Улсын хойд хил амгалан тайван байна. Хилчин залуус маань нүдэндээ галтай, хийморьтой сайхан харагдаж байлаа. Тэд эх орноо хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаагаараа үнэхээр бахархалтай байсныг энд заавал хэлэх хэрэгтэй. Энгийн байлдагчаас, заставын дарга, ангийн дарга, орлогчид, тогооч, номын санч, эмч гээд хилийн цэргийн анги дахь хэн бүхэн өчүүхэн ч завгүй ажиллаж байна. Эрхэм хилчид та бүхэндээ Монгол цэргийн өдрийн мэндийг сониноороо дамжуулан хүргэж байна. Монгол Улсын Дархан хил тайван байх болтугай.

Я.Баярбаатар

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.28] 2024-03-18 18:48:22

Hahah


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.