Н.Цогтсайхан: УБЕГ-т гомдол гаргасан тул допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа гацаанд орсон
Допингийн эсрэг байгууллагад үүссэн нөхцөл байдлын талаар Олон Улсын Буудлагын Холбоо (ОУБХ)-ны допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхан өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандлаа.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА)-гийн өмнөх тэргүүн Ж.Хатанбаатарыг 2017 онд уг төрийн бус байгууллагыг байгуулахдаа удирдах зөвлөлийн гишүүдийн гарын үсгийн хуурамчаар зурж, хууль бусаар чөлөөлсөн гэх гомдлын Авлигатай тэмцэх газар шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн. Улмаар шүүхээс уг холбооны үйл ажиллагааг хүчингүйд тооцсон тул Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-аас тус байгууллагатай холбоотой 2017 оноос хойших бүх бүртгэлийг хүчингүйд тооцсон билээ.
Энэ талаар иргэн Н.Цогтсайхан "Хамгийн анх 2007 онд Допингийн эсрэг төв нэрээр найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан хүнийх нь нэг нь би.
2017 онд энэ байгууллага ээлжит хурлаа хийхдээ миний болон бас нэгэн гишүүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж биднийг Удирдах зөвлөлөөс чөлөөлсөн. Тодруулбал бид өөрсдөө мэдээгүй байж тэр хуралд оролцоод өөрсдийнхөө эсрэг санал өгөөд бүр өөрсдийгөө чөлөөлөх тогтоол дээр гарын үсэг зурчихсан.
Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар өнгөрсөн оны аравдугаар сараас хойш шалгаад гарын үсэг зөрүүтэй гэдгийг шинжээчээр албан ёсоор баталсан. Энэ шийдвэрийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр УБЕГ-аас МОНАДА-гийн 2017 оноос хойших үйл ажиллагааг хүчингүйд тооцсон юм.
Ингэснээр 2007 онд анх байгуулагдсан Допингийн эсрэг төвийн үйл ажиллагаа эргээд сэргэсэн гэж эрх бүхий байгууллагаас тайлбар өгсөн. Харамсалтай нь, удирдах зөвлөлөө хуралдуулаад үйл ажиллагаагаа сэргээхээр оролдоход сая хүчингүй болсон Удирдах зөвлөлөөс УБЕГ-т гомдол гаргасан юм билээ.
Ийм гомдол ирсэн тул энэ сарын 6-нд УБЕГ-аас шилжилт хөдөлгөөн хийхэд хориг тавьсан гэдгээ бичгээр бидэнд мэдэгдсэн. Тодруулбал хүчингүй болгосон шийдвэр нь хэвээрээ ч дахиж шинээр бүртгүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад түр хугацаанд хориглосон.
Үүнээс болж манай байгууллага тамга, тэмдгээ авч чадахгүй гацаанд ороод буй.
Өмнөх удирдлагууд нь ямар гомдол гаргасан бэ гэвэл "Биднийг хүчингүй болговол Монгол Улс олимпын наадамд цагаан тугийн дор оролцоно шүү" гэсэн агуулгатай гомдол гаргасныг надад танилцуулсан.
Олимпын наадамд цагаан тугийн дор орох шийтгэлийг зөвхөн шинжилгээ авах болон бусад стандартыг биелүүлээгүй, үүнийгээ мэдэж байсан ч засах оролдлого хийгээгүй тохиолдолд яригддаг асуудал. Бидний сайн мэдэх жишээ бол ОХУ. Оросууд яг ийм шалтгаанаар эрхээ хасуулаад 2022 онд дууссан боловч дайн дэгдээсний улмаас шийтгэлийн хугацааг сунгасан.
Гэхдээ энэ шийтгэлийн жагсаалтад хуурамч гарын үсэг бүрдүүлэх замаар байгууллагын эрхийг хууль бусаар авсан бол гэсэн нэг ч үг байхгүй. Учир нь энэ бол тухайн улсын дотоодын асуудал юм" гэж ярив.
Сэтгэгдэл
Цогтсайхан [92.184.96.170] 2024-03-13 17:30:48
Одоо байж байхаад баталгаатай эх сурвалж биш гээч. Хахаха