Үлэг гүрвэлийн 16 олдворыг эх орондоо буцаан авч ирлээ
Монгол Улсын үнэт өв болох үлэг гүрвэлийн олдворыг эх орондоо буцаан авч ирэхэд хамтран ажилласан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ-ын хууль, хяналтын байгууллагууд болон АНУ-ын Нью-Йорк хотын Байгалийн түүхийн музейн судлаач, Палеонтологич, доктор, профессор М.Болорцэцэг болон гар бие оролцож гүн туслалцаа үзүүлсэн та бүхэндээ гүн талархъя.
Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирсэн бөгөөд эдгээр үлэг гүрвэлийн олдворууд болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон танилцуулах “Welcome home” тусгай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэнд монгол нутгаас олддог нэн ховор олдворууд болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг 8 төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаастай яс, дунд чөмгөний яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрээр үзүүлж байна.
Үзэсгэлэн мөн Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд цаашид Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр олдворуудыг хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулна.
Энэхүү үзэсгэлэн 3-р сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Та бүхэн гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар Байгалийн түүхийн музейд зочлон Монгол Улсын хосгүй үнэт өвүүд болох үлэг гүрвэлийн олдворыг үзэж сонирхохыг урьж байна хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [120.18.141.60] 2024-03-11 19:10:29
Enenii orond orosuudiin avj yavsan ertnii edlelee avaachee