Нуурт хар, цагаан хил үүсэх, голын зарим хэсгээр халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж эхэлжээ
Гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг албаныхан сануулаад байгаа билээ. Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлснээр мөс цөмөрч унасан хүнийг аль болох хурдан аварч, яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй бөгөөд хүйтэн усанд унасан хүн байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарч 10-30 минут болоход л ухаан алдах эрсдэлтэй байдаг аж.
Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гадаргын усны судалгааны хэлтсээс гол мөрнүүдийн мөсний зузааны талаар дараах мэдээллийг өгөв. Гуравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар манай орны ихэнх жижиг болон дунд зэргийн голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байдалтай байна. Томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногийнхоос 5-10 см нэмэгдсэн байдалтай байгаа аж. Ихэнх голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, өвөр хангайн нурууны арын Идэр, Тамир, Сэлэнгэ, Орхон болон Хэнтийн нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Тэрэлж, Алтайн нуруунаас эхтэй ихэнх голууд мөн түүнчлэн Чигж, Намир зэрэг голуудын мөсний зузаан 10-50 см ахиу зузаантай байна.
Нуурт хар, цагаан хил үүсэх, голын зарим хэсгээр халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж эхэлсэн гэв. Хаврын мөсний үзэгдэл чөлөөлөгдөх хугацаа гуравдугаар сарын 20-ноос эхлээд дөрөвдүгээр сарын 20-нд дуусах урьдчилсан мэдээ гараад байгаа аж.
Голын мөсний даах чадвар
- 7 см-ээс бага зузаан мөсөн дээгүүр нэг явган хүн явахад цөмрөх аюултай
- 10 см мөсөн дээр нэг хүн загасчилж болно
- 12 см мөсөн дээр цасны машин болон мотоцикл явахад даана
- 20-30 см мөсөн дээр жижиг суудлын тэрэг явахад даана
- 30-38 см мөсөн дээр жип болон пикапын машин явахад даана.
- 40-60 см 10-20тн даацтай машин явахад даана.
- 70-95 см 30-40 тн даацтай машин явахад даана.
Сэтгэгдэл