“Монголын төрд насаараа зүтгэсэн надад хадгаламж, зуслангийн байр алга” гэж Балхаажав гуай хэлж билээ
Ц.Балхаажав гуай, В.Алзахгүй доктор бид гурав. 2019 он
1984-1990 оны хооронд Намын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан монгол төрийн зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажав гуай маань монгол тооллоор 97 нас хүрээд, улирагч оны сүүлээр бурхны хутгийг олсон билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор тэрээр монгол төрийн зүтгэлтэн гэж ийм л байдаг болов уу гэх бодлыг бататгасан нэгэн байлаа. Ерэн оны эхэн үеэс улс төрийн албанаас хөндийрч ном эрдэм, шинжлэх ухааны гол салбар хүн судлал, философийн судалгаанд эрдэм оюунаа зориулсан байдаг. 2019 оны хавар түүхийн ухааны эрдэмтэн доктор Вандангийн Алзахгүйн өрөөнд бид гурав, бүтэн өдрийн туршид хөөрөлдөж төр нийгмийн нэрт зүтгэлтэн, буурал эрдэмтэн түүнээс бишгүй олон зүйлийг сонирхон асууж байлаа.
Балхаажав гуай бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын хүн. 1928 онд төрсөн гэдэг. Өвөг эцэг нь Бат-Очир тайжийн хүү Түвдэнсүрэн гэж язгууртан, тамгын бичээчээр он удаан жил ажилласан нэгэн байсан учир түүнд хуучин бичгийн зүг чигийг анх заажээ. 1937 онд түр сургуулийн босго алхаж, тэр өвлөө одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь Цагаан оломын бага сургуульд очиж суралцсан байна. “Миний өөрөөр нь овоглодог нагац ах Цэрэнпил цээж тоонд сайн болгосон. Зургаа, долоо настайгаас минь цээжээр тоо бодуулж сургасан, би гэдэг хүн нэг саяын дотор толгой өвдөхгүй хариуг нь шууд хэлдэг байв. Нутагтаа амралтаар очиход багийн дарга зүгээр суулгахгүй, малын тоонд авч явна. Бүр багаасаа л би бичээч хийж, тоо бодож суманд ч, багт ч зарагдаж явсан. Мөн улаа нэхнэ, өртөө хийнэ гээд барагдахгүй их юм үзэж туулж дээ. Цагаан оломд гурван жил суралцаж төгсөөд Завханы дунд сургуульд ирсэн. Дөчөөд оны үе. Говь-Алтай аймаг Завханаас дөнгөж салж тусдаа аймаг болж байсан цаг гээд бодохгүй юу. Улиастайд ирэхэд шар Рэнцэн гэж өндөр багш хүлээж авч хичээл заасан. Их сургуульд сүүлд багшилж байгаад нас барсан алдартай Дашцэдэн багш арван наймхан настай залуу Завханы дунд сургуульд анх кирилл бичиг зааж байсан. Миний кирилл бичиг Дашцэдэн багшийн бичгийн хэлбэр юм. Хавар нь багш болж сумандаа очсон ч хоёр жилийн хугацаанд хөдөө мал малласан. Учир нь яг тэр үед ээжийн бие муудаж, дөчин гурван онд таалал болсон. Ээж минь Түвдэнсүрэнгийн Намнансүрэн гэж хүн байв. Дөчин таван онд би бичиг үсгийн багш болсон. Албан ажилд анх томилогдсон нь тэр. Бичиг үсгийн багш нэг жил хийгээд улаан булангийн эрхлэгч, дараа нь сумын бага сургуулийн захирал болсон. Ингээд дөчин найман онд Улаанбаатар хотноо Намын дээд сургуульд ирсэн” гэж бага залуу насныхаа тухай хуучилсан.
Намын дээд сургуулийг төгсөөд тухайн цагтаа дэлхийн шинжлэх ухааны гол төв болж байсан Москвагийн их сургуулийн философийн ангид тэртээ 1959 онд таван оюутан явсны нэг нь гэдэг. “Философийн шинжлэх ухаан гэдэг чинь ерөөсөө л ертөнцийг үзэх түгээмэл үзэл. Аливаа юмны голыг нь олж үзэх үзэлд сургахыг хэлж байгаа юм. Тоо, физик, хими гээд байгалийн шинжлэх ухаанаар хэрхэн суурь хийж үзэгдэл юмсыг тайлбарлах вэ гэдгийг сургана. Мэдээж байгалийн ухаануудыг заана. Би хими, биологийн чиглэлийг голлож авсан.
Байгалийн шинжлэх ухаан философитой нийлэхээрээ юу болох уу гэдэг суурь ойлголтын гаргалгааг хэлж өгдөг” гэж буурал профессор хэлж байсан. Тэрээр одоогоос бараг нэгэн жарны өмнө буюу 1967 онд тухайн үеийн дэд эрдэмтний зэргийг философиор хамгаалаад түүнээсээ гучин жилийн дараа буюу 1997 онд “Хорьдугаар зуун ба хүн судлал” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалсан түүхтэй.
Намын төв хороонд ажилласан тухайгаа ийн өгүүлсэн юм. “Төв хороонд үзэл суртал эрхэлсэн Дэжидийн Чимэддорж дарга нэг өдөр дуудаад “Лхамсүрэн гуай хойшоо эрдмийн зэрэг хамгаалахаар явна. Чи үзэл суртлын хэлтсийн эрхлэгч” болно гэж далан хоёр онд хэлсэн. Ингэж тушаал буулгаад Улс төрийн товчоонд орж батлуулсан. Тэгээд долоон жил үзэл суртлын хэлтсийн дарга хийлээ. Түүний дараа нь С.Жалан-Аажав дарга дуудаад “Чи үзэл суртлын хэлстийн даргыг ажлыг Адъяад өгнө. Чи өөрөө намын байгууллагын хэлтсийн эрхлэгч болно” гэдэг юм. Намын байгууллагын хэлтэст очоод гурван жил болж байтал Гомбожав дарга дуудлаа. “Чи намын байгууллагын хэлтсээс гадаад харилцааны хэлтэст очно” гэв. Ингэж би Төв хороонд гурван хэлтэс дамжсан. Гадаад харилцааны хэлтэст гурван жил болсон. Гадаад яамыг, мөн гадна дотны харилцаа, элчин сайд гээд Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой бүх асуудлыг хариуцна. Чадал чансаа хүрэхгүй зүйл байсан. Намын Төв хорооны нарийн бичгийн даргын хариуцлагатай албанд зүтгэхийг надад Батмөнх дарга хэлсэн. Наян дөрвөн оноос ерэн оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд төрийн өндөр албанд зүтгэсэн. Ерэн оны гуравдугаар сарын онцгой их хурлаар огцорч хөөгдөөд дээлээ үүрээд, номоо тэврээд гэртээ харьсан ийм л түүхтэй” гээд инээд алдаж билээ.
“Цэдэнбал даргатай ойр байсан хүний нэг та яах аргагүй мөн. Ер нь Бал дарга таныг өөр дээрээ авсан гэх яриа байдаг” хэмээн тулгасан асуулт тавихад, Бал даргын цэрэг нь юм чинь би ойр байлгүй яахав. Дуудсан цагт нь яваад орно, ажлаа танилцуулна. Гадаад харилцааны хэлтэс Бал даргын шууд харьяалалд байсан. Намын байгууллагын хэлтэс, үзэл суртлын хэлтэс өөр дарга нараар дамжина. Гадаад харилцааны хэлтэст очсоноос хойш байнга юмаа танилцуулна. Намайг Улс төрийн товчооны хуралд ороход Бал дарга “Би чамайг өөр дээрээ авлаа” гэж хэлээд шууд батлуулж байсан. Бал дарга тэгж намайг өөр дээрээ авсан нь үнэн юм. Гомбожав дарга “Чи надаар заалгалтгүй гадаад харилцааны юмандаа өөрөө суралц” гэж хэлж байсан. Гадаад харилцааны хэлтэст байхад нэг албан бичигт жижиг алдаа гаргаж Бал даргаас бүтэн цаг лекц сонсож байсан удаа бий. Ер нь Бал даргатай өдөр тутам гэх нь юу юм, гэхдээ их л ойр байсан. Заримдаа манай өрөөгөөр ороод ирнэ.
Бал даргыг ороод ирэхэд би чинь босоод харайна биз дээ. Тэгэхэд “Суу суу, ажлаа хий. Би зүгээр л юм сонирхож явна” гэдэг сэн. Их товчхон үүрэг өгдөг байсан. Үг яриа нэг их хэлээд тайлбарлаж удаад байхгүй. Хүнийг урдаар буруутгах, наануу цаануу болохгүй. “Энэ чинь ийм ийм учиртай, тэр улсуудыг чи сайн мэдэх үү, судалсан уу” гэнэ. Тэгээд өөрөө заримыг нь хэлж өгнө дөө. 1988 онд хойно байхад нь очиж уулзсан. Даргын авгай Филатоватай утсаар яриад “Москвад ирснийх дарга та хоёртой уулзаж болох уу” гэхэд “Болно” гэж зөвшөөрсөн. Дөчин хэдэн минут уулзсан. Комиссар нь Чулуун байсан. Авгайтай эхлээд Улаанбаатарын амьдралын тухай жаахан ярилцсан. Авгай Улаанбаатарын амьдралыг юу гэж харж байна, та нар энэ хүнийг юу гэж боддог уу гэж Бал даргын тухай асууж байсан. Ингээд цаанаас дарга орж ирсэн. Намайг хараад шууд таньсан. “Чи хаачиж яваа юм” гэж асууж билээ. Даргад тэр үед нэг дутагдалтай нь мартаж санах асуудал байсан. “Тэр хаана байгаа вэ” гэж зарим нэг хүний тухай дахин дахин асууна. Дарга бол хүмүүсийг овог нэртэй нь шууд хэлдэг, тийм онцгой ойтой хүн байсан юм. “Монголын байдал ямар байна” гэхээс өөр зүйл нэг их асуугаагүй. Тэгтэл авгай “Одоо болно, чи ядарчихлаа” гээд даргыг цаад өрөө рүү нь оруулсан. Тэр бол бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсан гэв.
Яриан завсраа бас нэг сонин юм хэлсэн нь Бал дарга Хрущёв хоёрын хоорондын харилцааны асуудал. “Сталины хөшөөг буулгаж хая, Чойбалсанг буруутга” гэж Хрущёв Цэдэнбалд тушаах маягаар хэлдэг байсныг тэрээр шуудхан хэлсэн. “Чойбалсангаа
бид хэзээ ч муулахгүй, тэр хүний Монгол Улсын тусгаар тогтнолд баримталж байсан ардач байр суурь их зөв байсан. Сталин бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах байтугай олж авахад гол байр суурь баримталж байсан. Тиймээс Сталиныг монголчууд бид үзэн ядах боломжгүй, хөшөөг нь буулгахгүй” гэж Бал дарга Хрущёвын өөдөөс эрсхэн хэлж, тусгаар улсын эзэн гэдгээ харуулж чадаж байсныг дурдаад Хрушёвын олон удаагийн үүрэг даалгаврыг хүлээж аваагүйг нь хэлсэн. Энэ бол хожим эргээд бодоход Балхаажав гуай цаг түүхийн гэрч болсон хүний бас нэг хэлэх ёстой үг байж дээ гэж эрхгүй бодогддог юм.
Өвгөнөөс Жамсрангийн Самбуу гуай, Батмөнх дарга, Түмэнбаярын Рагчаа гээд монгол төрийг удирдаж байсан хүмүүсийн тухай нэг бүрчлэн асуухад эхлээд Самбуу гуайн тухай дурсаж билээ. “Самбуу гуай намайг танина, би бол сайн танина. “Амьдралын сургаал” ч бил үү хуучин бичгийн номоо кирилл болгож надаар хуулуулсан юм. “Энэ номыг чи кириллд оруулаатах. Чамд хугацаа тогтоохгүй ээ” гэж хэлээд өглөө. 50, 60-аад хуудас ном байсан. Самбуу гуай тэр үед АИХ-ын дарга байсан. Би өнөөхийг нь гурав хоногийн дотор бичээд өгчихлөө. “Чи сайн хийсэн биз” гэж асууж байсан. Яг л байгаагаар нь хийхийг бодсон гэдгээ хэллээ. Түүнээс хойш нэг жил тойрсны дараа АИХ-ын нарийн бичгийн дарга Готов гуай “Чамайг Самбуу дарга дуудаж байна” гэдэг юм. Дахиад л бас нэг ном өгөх нь дээ, яаж хийж өгнө дээ гэж бодоод орсон чинь 400 төгрөг өглөө. Дандаа тавьтын дэвсгэрт. “Чи миний номыг сайн хийсэн байна лээ” гэв. Дарга аа, би зүгээр л бичээд өгсөн шүү дээ гэтэл “чи ав ав” гэдэг юм. Тэгээд би одоо хүртэл нэг 50 төгрөгийг нь хадгалдаг юм. Нэг номын завсар хийчихсэн, хаана байгааг нь олохгүй байгаа. Том ногоон далбагар тавьтын дэвсгэрт. Хуучны мөнгө их том байсан. Далаад оноос мөнгө жижиг болсон. Ном сөхөх бүрийдээ Самбуу гуайн өнөө миний хадгалсан тавьтын дэвсгэрт байж байх вий гэж горьдож хардаг юм” гээд бас л инээвхийлж байсан сан.
Батмөнх даргын тухайд тэр хоёр найз нөхөд хүмүүс. Намын дээд сургуульд хамт багшилж байсан гэдэг. Дараа нь Төв хороонд нэг хэлтэст, нэг дор ажиллаж байсан.
Батмөнх гуайг Их сургуулийн захирал байхад нь Төв хороонд авчрах саналыг Балхаажав найз нь гаргасан байдаг. Батмөнх гуай 1974 онд Төв хороонд ирж шинжлэх ухаан боловсролын хэлтсийн эрхлэгч болж удаа ч Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болж дараахан нь Ерөнхий сайд болоод Балхаажав гуайн хошигнож хэлснээр түүнд гүйцэгдэхээ байсан гэдэг. “Төрийн ажилд нь би хутгалдаж оролцдоггүй, үндсэндээ хол хөндий байсан. Намайг дуудаж уулзаад ажил төрөл яриад энээ тэрээ болоод байхгүй. Гэхдээ найзууд юм хойно хааяа уулзаж ярилцалгүй яахав. Харин Батмөнх дарга намайг Намын Төв хорооны нарийн бичгийн дарга болгоё гэдэг саналыг тавьсан юм билээ. Би ч энэ хүнд тусалж, дэмжиж ойр байх нь зөв гэж бодсон. Бид хоёр хөдөө гадаа хамт явж л байсан. Хааяа тамхиа татаж, дэмий ярих гээд манай өрөөгөөр ороод ирнэ. Нэг үеийн багш нар хойно нэгнээсээ цэрвээд байлгүй дэмий юм ярина. Тэгээд би “За одоо намайг тамхиар утаж болсон бол та явна уу” гэхээр инээд алдаад гараад явдаг сан. Мэдлэгтэй, чадалтай даруухан, их ажилсаг хүн. Ажлыг бол хийж чаддаг хүн байсан” гэж хэлсэн.
Балхаажав гуай 100 шахам наслахдаа номын ширээний араас сэтгэл салгаагүй, жинхэнэ номын, мөнхүү төрийн хар хүн байсан. Тэрээр өөрийнх нь өгүүлснээр 30 гаруй боть, дөч гаруй товхимол, эрдэм шинжилгээний өгүүллэг гэвэл 140-өөд, бусад сонин хэвлэлд бичсэн барьсан юм гэвэл тоо гаргах, багцаалахын аргагүй тэр чигээрээ Монгол төр, шинжлэх ухааны “Сурах бичиг” байлаа. “Би чинь хувийн дэг гэж айхтар юманд захирагдаж явдаг хүн. Нэгдүгээрт эрт босох.Өглөөний 4, 5 гээд сэрчихдэг. Сэрсэн хэрнээ хий дэмий хэвтээд байдаггүй. Юухан хээхэн хийгээд, бичиг цаастайгаа зууралдана. Дараагийн зүйл бол юмыг заавал бодох. Бод гэдэг даалгавар бол миний ээжийн даалгавар, гэр бүлийн даалгавар, мөн төрийн ажлын даалгавар байсан. Хонинд явсан ч хаагуур хариулах уу, яах уу ийх үү гэж боддог байсан. Урьдаар сайн бодож байж шийдээ гаргадаг. Шийд гарсны дараа бол буруу зөв нь хамаагүй, түүгээрээ л явна. Гурав дахь нь буруу юмнаас зайдуу байж цээрлэж, жигшсэн бол түүнээ зайлшгүй хадгал гэсэн зарчим. Архи, тамхи, элдэв бусын хараал хэрүүл, хүнтэй муудалцах гээд тэр бүгдийг би дэмий гэж үздэг. Мөн их идэж болохгүй. Энэ нь цадтал идээд залхуурч болохгүй гэдэг ойлголт биш. Ерөөсөө ходоод гэдсээ мөнхөд өлмөн зэлмэн байлгах гэдэг утга. За тэгээд маш их явган явах хэрэгтэй гэж үзнэ. Чи бол хонь хариулж явган явж сурсан хүн, энэ хөдөлгөөнийг хэзээд ч алдаж болохгүй гэдэг шийдлийг хэвшил болгосон. Би өглөө оройдоо байшингаа явган тойрдог. Таягтай таяггүй хамаагүй явна” гэж амьдралынхаа философийг хэлсэн.
Улс орныг удирдаж, хүнийг захирч байгаа хүн өөрөө юм мэддэг байх ёстой. Өөрөө маш өндөр боловсролтой юм мэддэг байж хүнийг удирдана. Юм мэдэхгүй, хуучин мэдлэгт дулдуйдсан, аманд байгаа зүйлээрээ хүнийг удирдаж болохгүй. Өөрөө маш их ажилсаг байж бусдад үлгэр дуурайл үзүүлнэ. Төрийн хүний хэлсэн үг хийж байгаа ажил нь ноён нуруутай байх ёстой. Хүн чанарыг бүрэн хадгалж чадсан байх ёстой. Хэлсэн үг, хийсэн зүйлдээ эзэн байх ёстой.
Тэр зүйл нь улс орны хөгжилд нэмэр болох тухай яригдахаас биш хувь хүний өөрийнх нь юм болж үнэлэгдэх ёсгүй гэдэг зарчмыг тэр хатуу барьдаг, чухамхүү ухамсарт амьдралынхаа мөрдлөг болгосон нь туулсан замналаас нь илхэн харагддаг байв. Намын төв хороог олон жил удирдаж, Монгол төрийн жолоог атгалцаж явсан түүнд хувийн шунал, хувийн амбиц гэж байгаагүй юм уу даа гэх бодол төрдөг. Манайхны үг ч байдаг даа. Хуучны хүмүүст шунал байгаагүй гэж.
Балхаажав гуай гэхэд л өөрийнх нь өчсөнөөр бичгийн нэг хар машинтай, улсынх байсан учир эргүүлээд тушаасан. Хувьдаа унах машингүй, зуслангийн байшингүй, хадгаламж гэж байхгүй, илүү орон сууц элдэв шалдав юм байхгүй, ерөөсөө л хийх ёстой ажлаа хийж, үүрэх ёстой ачаагаа үүрч, улс орныхоо төлөө зүтгээд албаа өгсөн ийм л хүн. Ямар сайндаа 07 га газраа хүртэл төрөөс олж авч чадаагүй. Ар гүнтэд нэг газар өгнө л гэж дуулдсан. Өнөөг хүртэл чимээгүй байна. Би ч хөөцөлдөж энээ тэрээ болохгүй юм, манай хүүхдүүд ч тийм зүйлд сонирхол муутай намайг дуурайсан хүмүүс юм гэж нэгэнтээ хэлж байхав. Цэрэнпилийн Балхаажав хэмээх ийм л ухаант буурлаас үгийг нь сонсож, ном бүтээлийг нь гардаж, мэндтэй устай явсандаа бага балчир би баярладаг. Улс орны алтан хувь заяаг атгалцаж явсан түүхэн хүмүүний гавьяаг бахархан дурсах нь хойч үе бидний үүрэг мөн гэж бодном.
Н.ГАНТУЛГА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.179.85] 2024-02-29 23:17:01
Ардчилалыг цус урасган дарж чадаагүй гэж Батмөнхийг хараадаг хүмүүс уг нь ихээхэн цөөрсөн гэхэд бас мэр сэр байнаа, Йим улсууд нохой шиг амьдарсан олигтой ч үхэж чадахгүй
Мөнжаргал [103.57.92.149] 2024-02-29 14:36:46
Өнөгрсөн оны сүүлчээр бус, туулай жилийн сүүлчээр
Зочин [66.181.161.22] 2024-02-29 18:20:48
Яг л хуучны монгол хүн байна оросууд ч өөрчилж чадсандаа монголыг
Мөнжаргал [103.57.92.149] 2024-02-29 14:36:03
Ямар ч өчүүхэн амьтас сэтгэгдэл бичдэг юм бэ? дээ
1zqjrs'"(){}<x>:/1zqjrs;9 [123.136.150.154] 2024-02-29 13:08:17
Зочин [123.136.150.154] 2024-02-29 13:08:16
1zqjrs'"(){}<x>:/1zqjrs;9
Зочин [1zqjrs'"(){}<x>:/1zqjrs;9] 2024-02-29 13:08:16
Экү [202.131.246.46] 2024-02-29 12:25:55
Хүнийг том жижиг, хөгшин залуу гэж ялгахгүй маш хүндэлж харьцаж ярия хууч дэлгэдэг сайхан буурай байсандаа. Их дэлгүүрийн өмнө нэг тааралдахад, " Чиний хөл доголсон харагдаж байна. зүгээр үү ? гэхэд нь өвдөг өвдөөд гэтэл, хажуугийн ахмадын гэх эмийн санг зааж "Энд Сабельник гэдэг нэг тос байдаг юм билээ. Чи аваад нэг түрхээд үзээрэй" гэж билээ. Тэр тосыг нь аваад түрхэж үзсэн, тус болсон юм. Миний хувьд энэ сайхан хүнтэй мэнд устай явж байсандаа баярлаж бахархаж байдаг юм.
Зочин [66.181.184.185] 2024-02-29 12:14:52
Улс төрийн товчооны гишүүн сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар олон жил ажилласан ноён нуруу тулхтай хаттай улс төрийн зүтгэлтэн Түмэнбаярын Рагчаа гуай хожуухан өгсөн нэгэн ярилцлага даа * .. ихээхэн эгзэгтэй маш хариуцлагатай байх үе ирчихээд байхад мань Батмөнх үлбэгэр үхээнц хулчгар байдал гаргасан нь румины Чаушеску шиг буудуулчихна гэж айснаас л болсон . Тэр үйл явдал л нүдэнд харагдаад байсан биз хөөрхий *... гэж , мөн бас товчооны гишүүн Паавангийн Дамдин гуай ч Батмөнхийн тухай дээрхитэй ижил санаа хэлсэн нь бий. 1990 оны хаврын өлсгөлөн зарлаж улс төрийн товчоог огцруулахыг шаардлага аваад дарга нар хуралдах үеэр нэгэн гишүүн улс орон ийм тэргүүнтэй байгаад үнэхээр гутамшиг гэж цухалдан бухимдсан байдаг . нийтлэлч Баабар харин Ж.Батмөнхийн хувийн зан чанарыг их дөхүүлж дүгнэсэн байдаг юм. Монгол төрийн алтан жолоог золбин нохдод яс хаяж өгөхтэй адил үйл авир гаргасан тэр этгээд үр удмаараа хараалгаж сөнөх тавилантай нь батлагдсандаа
Зочин [122.201.31.194] 2024-02-29 11:53:30
Сайхан амьдралын замналтай хүн юм. Зуслангийн байшингүй өнгөрсөн нь энэ цаг үед зол болжээ. Хэрэв Очирбат шиг хашааны газар, байшингаар шагнуулаад тэрийгээ зарцан бол үхэн үхтлээ үзэл суртлын самбарт түүн шиг цовдлуулахгүй юу. Хүний эрх мэрх хамаа байхгүй. Хувийн өмч ч хамаагүй. Социализмын үзэл суртал тийм харгис байсан. Одоо ч адилхан.
Зочин [59.153.115.56] 2024-02-29 11:33:50
Бүгд л хадгаламж зуслангүй байсан юундаа гомдох вэ хө харин ч сайхан амьдраад өнгөрөөж
Зочин [139.5.219.27] 2024-02-29 09:41:01
философийн ямар нээлт, ишлэл авмаар зүйл байдаг юм болдоо. шинжлэх ухааны л талын юм нь аль хир байдаг юм бүү мэд. нэг их ил гарсан зүй үгүй байдаг. За дарга нар танил талаараа бие биеэ татаж том албан тушаалд татаж байсан л юм байна. Нэг их гайхуулаад байх чадваргүй л хүн байсан. Гэхдээ даруухаан зайлуул. Амьдралын хар ухаантай л хүн байсан санагддаг. Батмөнхийн хувьд бол ёстой чадвар муутай, татлагаар явсан хүн шүүдээ. Түүний гор өнөөг хүртэл үргэлжилж байгаа нь харамсалтай. ярилцсан зүйл нь энгийн зөв л хүн
Самдан [66.181.170.53] 2024-02-29 10:28:38
Чам шиг гар толгой нь хүрч ойлгохгүй олгой байна